24-ээр тойргийн сонгогчид төрдөө хатуу сануулга өгөөд буцлаа

УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан, СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн нар шаардлагыг хүлээн авчээ. Харин Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ч.Ганбат шаардлагыг хүлээж авахаас татгалзсан байна. Сонгогчдын эрх ашгийг хамгаалах түр хорооныхон өөрсдийн төлөөллийг УИХ-д оруулахын тулдхуулийнхүрээнд дараагийн алхмуудаа хийнэ гэж мэдэгдээд нутаг буцлаа. 24 дүгээр тойрог УИХ-д төлөөлөлгүй байгаа нь нутгийн иргэдэд хохирол учруулж байна гэж үзсэн эдгээр иргэд аймгийн төвийн сургуулиуд ачааллаа дийлэхээ больсноос гурван ээлжээр хичээллэж байгаа, шинэ сургууль барихаар удаа дараа төр, засагт шаардлага тавьсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Хэрэв УИХ-д төлөөлөлтэй байсан бол энэ оны төсвийг өнгөрсөн жил хэлэлцэхэд тусгуулах магадлал өндэр байлаа. Гэвч бидний сонгосон УИХ-ын гишүүний ялалтыг өнөөдрийг хүртэл тодорхой улс төрийн хүчин, эрх мэдэлтнүүд улс төрийн шалтгаанаар хүлээн зөвшөөрсөнгүй. Иймээс Арвайхээр суманд дунд сургууль барих хөрөнгө ирэх оны төсөвт багтах нь эргэлзээтэй болж байна. Эдүгээ төсвийн хүрээний тодотгол аваад дуусч байгаа. Төсөв хэлэлцэх үед бидний төлөөлөл парламентад суух эсэх нь одоо тодорхойгүй байна. Энэ нь дээрх эргэлзээг бидэнд төрүүлж байгаа юм. Бидний сонгосон хүн нь УИХ-д цаг хугацаандаа орсон бол наад зах нь уг асуудлыг нааштайгаар шийдсэн байх байсан хэмээн хэлсэн юм. Тэд нэгнийхээ төлөө санаа тавихгүй байгаа УИХ, эцсийн шийдээ гаргахгүй байгаа Дээд шүүхийг буруутгаж байлаа. УИХ-ын 24 дүгээр тойрог 16000 сонгогчтой нийт 35000 иргэн амьдардаг бөгөөд тэд УИХ-д төлөөлөлгүй бүтэн жилийг үдэж байна. Тэд УИХ-д төлөөлөлтэй болохын тулд шаталсан арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байна билээ. Иргэдийг ингэж хүндрүүлэлгүйгээр асуудлыг УИХ шийдэх цаг нь болжээ.

Б.ХИШИГ
(өдрийн сонин 2005-06-29 157)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button