Баяр наадмаар гар урлал оролцсон дээлээр гангараарай
Тэнд хөдөө орон нутгаас ирж оролцож буй телөөлөгчид оюутны хонхны баярын гоёлтой адил төрөл бүрийн загварын дээл өмссөн байхад Улаанбаатарын төлөөлөгч бүсгүйчүүд монгол үндэсний хийцтэй энгийн загварын дээл өмссөн байсан гэх. Баяр наадам айсуй энэ цагт зөвхөн бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд хүртэл ямар дээл хувцсаар гангарах талаараа ярилцаж буй нь лавтай. Тиймээс энэ наадмаар ямар загварын дээлээр гангарч болох талаар Имидж төвийн дизайнер Х. Мишигдоржтой уулзаж тодрууллаа.
Манайхан орчин үеийн үндэсний хувцас, ялангуяа дээл хийхдээ торго, эмжээр хоёрыг л голлодог. Гэтэл энэ нь сүүлийн үед хятад маягийн гэх шүүмжлэлд өртөх болсон. Тиймээс наадмын гоёлоо хийхдээ торго эмжээрийг голлох бус үндэсний уламжлалаа хадгалсан хувцас өмсвөл бусдаас онцлог харагдана гэж зөвлөмөөр байна. Өөрөөр хэлбэл, ямар ч загвар, хийцтэй байсан түүндээ үндэсний хээ, угалз болон өөр бусад дүрслэлийг монгол үндэсний оёдлоор гараар хатгаж урласан байх юм бол түүнд үндэсний онцлог харагдана. Ер нь гараар урласан бүтээгдэхүүн цаг хугацааны хувьд удаан үйлдвэрлэгдэх ч бат бөх, чанартай түүнийгээ дагаад үнэ цэнэтэй байдаг. Ийм ур хийц, хөдөлмөр шингэсэн дахин давдагдашгүй хувцсыг үе дамжуулан хэрэглэхэд ч хоцрогдохгүй байх талтай. Манайхан ялангуяа урлаг соёлын хүмүүс, улс төрчид, нэртэй бизнесменүүд сүүлийн үед моод дагахаасаа илүүтэй өөрийн гэсэн имижээр хувцаслах болсон. Тэд дизайнеруудад хандаж ганцхан өөртөө таалагддаг, дахин давтагдашгүи загварын хувцас хийлгэхийг хүсдэг болсон. Тэгэхээр өнөө жил аль болох үндэсний шинж чанарыг агуулсан, болж өгвөл гараар урласан оёо шаглаатай дээл, түүндээ тохируулан хувцсаа сонгож чадвал та бусдаас дэгжин содон харагдах болно. Ер нь хүмүүсийн дунд хямдхан материалаар гоё загвартай хувцас хийнэ гэсэн ойлголт байдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ хямд материалаар хийлгэсэн хувцас тухайн дизайнерийн ур чадварыг л илтгэхээс бус өмссөн хүндээ төдийлөн зохидоггүй байна. Тиймээс чанартай материал байж л сайхан харагдаж тухайн хүн өөрийгөө бусдад таниулж чадна. Ер нь орчин үед моод гэхээсээ илүү өөрт зохисон хувцсыг сонгох нь чухал шүү.
Д.ЦОЛМОН