Тархи

Тархины болзолт рефлексийн үйл ажиллагааны тухай сургаалыг тэр даруйд нь хүлээн зөвшөөрсөн гэж хэлж болохгүй юм. Хүний тархины онцгой нарийн ажиллагааны учрыг олох боломжинд итгэхгүй хүн цөөнгүй байсныг ахмад үеийн эрдэмтэд санаж буй заа.
Тэр цагаас эхлэн байдал өөрчлөгдсөн юм. Эдүгээ тиймэрхүү итгэж өгдөггүй хүмүүстэй тааралдах бэрхтэй атал сэтгэхүйн үйл ажиллагааны үндэс нь ердөө л болзолт рефлексийн (буюу түр зуурын холбооны) систем, өөрөөр хэлбэл, бие махбодын онцгой энгийн хариу үйлдэл юм гэдэгт одоо хүртэл олон хүн итгэхгүй байна.
Бидний тархи, сэтгэхүйн үйл ажиллагааг хангагч, одоохондоо бас л танин мэдээгүй байгаа олон механизмтай боловч түүний гол туйван нь ямар ч гэсэн болзолт рефлексийн систем ба шатлан захирах ёс болох нь гарцаагүй юм.
Биеийн аль ч эсэд, тэр тусмаа нэг эст бие махбодод түрүүчийн цочролын ул мөрийг ямар нэг хэмжээгээр хадгалан үлдээх, урьд дах үйлчлэлийн дагуу өөрийн хариу үйлдлийг өөрчлөх, өөрөөр хэлбэл, түр зуурын холбоо барих шинж байдаг юм. Энэ үүрэг нь мэдрэлийн эсэд тод илэрч түүнийг үүсэхийн хамт мэдрэлийн аппаратын онцгой эрх бий болно. Бие махбодод чухал болон чухал бус үйл явдал хугацааны хувьд давхцахад түр зуурийн холбоо үүснэ. Нохой хоол авахын өмнө тухай бүр идэш пол пол хийхийг сонсож, удахгүй түүнд болзолт рефлекс бүрдэн тогтож энэ чимээ нь шүлс гоожуулах болон гагцхүү хоолны өмнө өгөгдөж болох хариу үйлдлийг үүсгэнэ.
Болзолт рефлекс бол хүрээлэн буй үнэн байдлын тухай анхны мэдлэгийн цуглуулбар юм. Амьтад оршиж байгаа орчины хувьд нийтлэг үндсэн зүй тогтолуудын тусгалыг болзолт рефлексээр олж авна. Идүүр хангинах болон хооллолт хэд хэдэн удаа давтагдасны дараа амьтанд болзолт рефлекс бий болж тэрээр хоёр үзэгдлийн харилцан холбоог ажигладаг болно гэсэн үг юм. Ингэснээр болзолт цочоогуур нь (идүүр хангинах нь) хоёр дах цочоогуурын дохио болох учраас бие махбодын хоолонд татагдах урьдын тэр бүх үйлдэл үүснэ.
Дохионы үйл ажиллагаа (түр зуурын холбоо үүсэх) нь манай гарагийн амьтад угийн байдаг нийтлэг үзэгдэл юм. Тэр ч байтугай зарчим нь ямар ч бие махбодод адилхан байхуйц улам бүр нийтлэг чанартай гэж болох юм. Ингэхлээр бид оддын аль ч системийн, аль ч гарагийн ямар ч амьтанд буй түр зуурын холбоотой тохиолдож болно. Түр зуурын холбоо үүсэх нь байгалийн хамгийн үндсэн, хамгийн нийтлэг хуульд хамрах бөгөөд тэр нь өндэр зохион байгуулалттай материйн ямар ч хэлбэрт байдаг гэж үзэх бүрэн үндэс бий. Тэгэхдээ тур зуурын холбооны шинж чанар нь хувирч байж болзошгүй нь гарцаагүй.
Манай гарагийн амьтад хүрээлэн буй ертөнцийг судалж бүх амьдралын туршдаа шинэ шинэ мэдлэгийг хуримтлуулан авахад нь тусалдаг нэгэн гайхалтай хэрэгсэлтэй юм. Энэ хэрэгсэл нь зарим талаар мэдрэхүйн эрхтнүүдийн ажиллагаатай холбоотой. Тэдгээр нь удаан хугацаанд үйлчилж буй цочоо уурт түргэн дасаж түүнийг мэдрэхээ больдог атлаа түүний бүх шинэ зүйлийг маш шалавхан тусган авахаар тийм бүтэцтэй байна.
Ийм үзэгдлийг бүгд мэдэх нь магад. Бид гадаа явж байгаад байранд орохдоо нэлээд огцом, түүгээр ч барахгүй аягүй үнэрийг мэдэрдэг боловч
аягүйцүүлэхээ больдог. Бидний хамар тэр үнэрт дасаж зохих мэдлэгийг тархинд илгээхээ зогсооно. Харин бид түр зуур байрнаас гараад дараа нь буцаж ирвэл бүх зүйл эхнээсээ давтагдана.
Мэдрэхүйн эрхтний ажиллагааны энэхүү онцлогийн ачаар тархи, хүрээлэн буй орчин дах бүх шинэ үйл явдлын тухай мэдээллийг байнга авдаг байна. Түүний хамт шинэ цочоогуур бүр баримжаалах рефлексийг үүсгэж ямар нэг санамсаргүй зүйлд бэлтгэх нь бие махбодод туслана. Амьтдын хувьд гоцлох ач холбогдолгүй шинэ цочоогуурын хойноос чухал үйл явдал дагалдахад болзолт рефлекс үүсэж шинэ цочоогуур нь ихээхэн утга учиртай үйл явдал ирж болж буй дохио болно.
Тур зуурын энгийн холбоо үүсэх нь хүний уураг тархины ажиллагаагаар дуусахгүй нь магад. Доод амьтад хооллох, хамгаалах, хурьцах болон бусад рефлекс байх үедээ хүрээлэн буй орчноос бие махбодын хувьд хамгийн чухал зүй тогтлын тусгалыг л хүлээн авна. Амьтдын ертөнцийн тодорхой үе шатанд, заримдаа хэвлээр явагчид, бас гол төлөв шувуу, сүүн тэжээлтнүүд нь ямар ч, түүгээр ч барахгүй амьтдын хувьд шууд холбогдолгүй үйлчлэлийн үед түр зуурын холбоо үүсгэх чадвартай юм. Энэ нь тархины танин мэдэх үйл ажиллагааны хязгаарыг ихээхэн өргөжүүлжээ. Учир нь ийм түр зуурын холбооны үед хүрээлэн буй ертөнцийн ямар ч зүй тогтол тусгалаа олж болно шүү дээ.
Зарим цочоогуурууд буюу тэдгээрийн цогцын хооронд олон тооны тур зуурын холбоо үүсэх замаар бидэнд хүрээлэн буй ертөнцийн дүр зураг бий болдог нь үнэн юм. Чухамхүү гадна талын хариу үйлдэлд гол төлөв юугаараа ч илэрдэггүй түр зуурын холбооны энэхүү систем нь хүний сэтгэх үйл ажиллагааны үндсэн фонд ч болсон байна. Ийм цогцод багтсан ямар ч цочоогуур нь харилцан холбогдсон түр зуурын холбооны урт хэлхээг сэргээх чадвартай юм.
Бидний түр зуурын холбоо үүсгэх чадвар амьтдынхтай нийтлэг байна. Бид энэ талаараа чанарын хувьд бус, тооны хувьд амьтдаас илүү ялгаатай юм. Үг хэл маань биднийг хүн болгосон. Амьтдын хувьд үнэр, амтлаг, илчлэг, дуу, харааны шууд биш цочоогуур л дохио болж чадна. Хүний хувьд гэвэл үг хэл нь сонсох,
харах (бичгийн үг хэл), тэмтрэх (хараагүй хүмүүст зориулсан цагаан толгой), бас дотоод ярианы үед хөдлөх (биднийг ярьж байхад хэл, багалзуурын булчинд үүсдэг сэрэхүй), ямар ч хэлбэрээр түүнийг бид хүлээн авлаа гэсэн цочоогуурыг орлох буюу түүний дохио мэт үүргийг гүйцэтгэдэг.
Үг хэл нь хүнийг хоёр гол давуу талтай болгожээ. Нэгдүгээрт, тэрээр хүлээн авч буй мэдээллийг чанарын хувьд шинэ маягаар боловсруулах бололцоо олгодог. Ердийн болзолт рефлекст дээд зэргийн ерөнхий дүгнэлт өгч болохын хамт үнэн байдлаас хийсвэр байдаг. Идүүр хангинахад нохойд хооллох болзолт рефлекс үүсч байгаа нь дуу чимээ, хоолтой харьцсанаас гарсан дүгнэлт мэт байна. Тэр үед үнэн байдлаас илт хийсвэр зүйл бий. Дуу чимээ нь хооллох хариу үйлдэл бий болгох чадвартай атлаа түүнээс болоод хоолтой болохгүй шүү дээ.
Дохионы хоёр дахь системийн цочоогуур болох үгс нь дохионы нэг дэх системийн цочоогуурыг бодвол дүгнэх болон хийсвэрлэх хэр хэмжээний хувьд илүү өндөр байна. Үг хэл үүссэн явдал цочоогуурын дүр зураг болон цогцолборын оронд санаагаа солилцох бололцоог хүнд олгожээ. Энэ нь танин мэдэхүйн үйл явцын бололцоог үлэмж хялбарчлан өргөжүүлсэн юм.
Хоёрдугаарт, хүний үг хэл нь түр зуурын холбоо үүсэхэд оролцоно. Тэр ч байтугай дохионы хоёр дахь системийн тусламжтайгаар ердийн цочоогуурын оролцоогүйгээр, хүний түр зуурын холбооны асар олонхын үүсэл явагдана. Хүн, амьтантай адилхан аль нэг үзэгдэлтэй тухай бүр өөрөө танилцаж байх шаардлагагүй. Түр зуурын холбоо нь үг хэлний тусламжтайгаар бидэнд тасралтгүй үүсэж байдаг. Энэ нь нэг хүнээс нөгөөд мэдлэгийг дамжуулах нөхцлийг бүрдүүлж хүрээлэн буй ертөнцийн үндсэн зүй тогтлуудыг танин мэдэхэд шаардлагатай хугацааг маш богиносгоно. Бичиг үсгийг зохиосон явдал хүмүүсийг заавал хувийн холбоо тогтоох албагүй болгож хуримталсан мэдлэгийг удаан хугацаанд хадгалах, гагцхүү нэг хүнээс нөгөөд төдийгүй хүмүүсийн нэг үеэс нөгөө үед дамжуулах бололцоог олгож энэхүү процессыг улам их хялбар дөхөм болгосон байна.

Б.М

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button