Төмрийн экспортыг хориглосон Засгийн газарт баяр хүргэе
Засгийн газрын хаягдал төмрийг экспортлохыг хориглосон төсөл нь манай өмнөд хөршийнхөн монголын чухал салбарыг бүрэн хяналтдаа авчихдаггүй юма гэхэд манай эдийн засгийн гол салбарт ноолуур, төмөр шиг гар байн байн сунгаж нөлөөлөөд байдгийг нэг талаар зогсооно гэдгээрээ улс орны амьдрал, эдийн засагт хэрэгтэй алхам болж байх шиг
БИЗНЕСМЕНҮҮД ЯАГААД АЛГА ТАШИВ?
Уржигдар болсон Бизнес эрхлэгчдийн II их чуулган дээр Сангийн сайд Н.Алтанхуяг үг хэлснийхээ дараа чуулганы төлөөлөгчдөөс уучлалт хүсээд Төрийн ордон руу яаран гарч одохдоо төмрийн экспортыг хориглох төслөө УИХ-д барих гэж байгааг дуулгахад чуулганы төлөөлөгч- бизнесменүүд түүнийг алга ташин үдсэн юм. Яагаад гэдэг нь ойлгомжтой. Учир ньөнгөрсөн жилээс эхлэн айл гэрийн болон шарилын газар, албан байгууллагуудын болон замын дагуухь хашаа, хайсаас аваад хөшөө дурсгал, төмөр замын рейльс, холбооны кабель зэрэг төмрөөр бүтсэн юу л байна хаягдал гэдэг нэрийн дор урд хөрш рүү хөврөх болсон нь нийгэмд ихээхэн хохирол, бухимдал төрүүлээд байсан билээ. Үүнийг Засгийн газар цэгцлэх үүднээс УИХ-ын 1998 оны тавдугаар тогтоолоор баталсан Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад барааны жагсаалт -д хаягдал төмрийг нэмж оруулахаар төсөл боловсруулж УИХ-д өргөн барьсан нь ийнхүү олон хүний алга ташилтыг хүлээх болсон юм.
ГААЛИЙН ЦООРХОЙГ БӨГЛӨСӨН ШИЙДВЭР
Хөрш Хятад улсад төмрийн хэрэгцээ их болсноор манайд хаягдал төмрийн үнэ гэнэт огцом өссөн. Нэг тонн нь 80 мянган төгрөгт,өнгөрсөн хавар 100 мянгад дөхөж очсон. Энэ сургаар дээр өгүүлснээр гэр хорооллын ядуу өрхийнхөн хоолны ганцтогоогоо, байшин суурингийн тарчиг амьдралтай нэгэн нь траншейны тагаас эхлэад төмөр ор, хашаа хайсаа чирэх нь холгүйг болж хотын захын хашаа хороо, хөдөө гадаагуй энд тэндгуй төмөр цуглуулах, авах цэгүүд нээгдэж хаягдал төмөр нэрээр социализмын үед бий болгосон материал техникийн баазын үлдэгдлээс аваад сүүлийн арван хэдэн жилд барьж байгуулсан дэд бүтцээ тонох болсон. Уг нь Япон, ОХУ, Хятад зэрэг бидний ойрын улсуудад хаягдал төмрийг тогтоосон цэгт тусгай зөвшөөрлийн дагуу хатуу хараа хяналт дор хүлээн авдаг юм байна. Гэтэл манайхан их төмрийн их аян дайн -ыг ядаж ингэж зохицуулж чадаагүй. Ингээд хөрш хятадуудын монголчууд биднээр цуглуулсан төмрийн их хог -ийн гэрч нь урд хил дээр болон Монголын төмөрлөгийн ганц Дарханы үйлдвэрийн үүдэнд дугаарлан зогсох төмер ачсан машины цуваа болсон өнөөдөр ч төмрийн экспортыг хориглох сургаар Замын-Үүд болон өмнөд хөрш рүү нээлттэй хилийн бусад олон боомт дээр төмрийн хог ачсан машинууд амь тавих аятай зогсч байна.
Уг нь төмрийн хаягдлыг хилээр нэвтрүүлэхэд нэг тонн тутмаас 35 мянган төгрөгийн гаалийн татвар авдаг номтой. Гэтэл БНХАУ-д хаягдал төмөр нэг тонн нь 1600 юань буюу 240 мянган төгрөгт хурсний дэргэд манай нэг тонн төмрийн гаалийн татвар юу ч биш болж хувирсан. Дээр нь манайхан хятадуудтай хуйвалдаад 40 тонн төмөр гаргахад дөрвөн тоннд нь гаалийн татвар төлүүлсэн болоод өнгөрөөчихдөг байсан. Харин Засгийн газар гаалийн энэ цоорхой-г төмрийн экспортыг хориглосон дээрх төслөөрөө бөгчихлөө. Ингэснээр одоо хаягдал төмрийн бизнес зогсоно гэдэгт найднам.
ЗАСГИЙН ГАЗАР ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ АВАРЛАА
Төмрийн экспортыг хориглосон Засгийн газрын төсөл бас нэг талаараа төмөрлөгийн ганц үндэсний үйлдвэрээ аварч байна. Яаж гэхээр өмнөд хөршид төмрийн хэрэгцээ их болж үнэ ханш ньөссөнөөр Монгол дахь хаягдал төмрийн 80 хувь нь буюу чанартай нь урагшаа гарлаа гэхэд үнэ нэмэгдсэний уршгаар урагшаа гарч амжаагүй нь чанаргүй 20 хувь нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хашаагаар нэг хөглөрөх болсон юм. Жилдээ 70 мянган төмөр хүлээн авч боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэр урд хөршийн их эрэлт хэрэгцээний ач буянаар үлдсэн тэр чанар муу их хаягдал төмрийг хүлээн авъя гэхээр хүчин чадал нь хэтэр-чихээд, авахгүй гэхээр түүхий эдээр цаашдаа суучих гэсэн байгалийн бус нөхцөл байдлын ацан шалаанд орчихоод байсан юм. Одоо харин Засгийн газар төмрийн экспортыг цэгцэлснээр эднийх түүхий эдээ хэрэгцээгээрээ авч эрэлтээрээ боловсруулж нийлүүлэх зах зээл болоод үйлдвэрлэлийн хүчин чадлаа жам ёсоор нь ажиллуулах нөхцөл бүрдэх нь. Ганц төмөрлөгийн үйлдвэрт маань ч биш Монголын төмөр Монголдоо, бай-даг юм байдгаараа байх нь гэдэг утгаараа улс оронд ч хэрэгтэй шийдвэр болоод байна. Тэгэхгүй бол жилдээ гурван мянган тонн ноолуур бэлтгэдгийн тэн хагасаас илүү ньурд хөрш рүү гарчихдаг, үүний адил хар металл нь мөн хаягдал нэрээр урагшаа гарчихаад Монголд ер нь юу ч үлдэхгүй болж энэ нь эхэнд өгүүлснээр ганц бизнесменүүдийг ч биш нийгмийг тэр аяар нь бухимдуулчихаад байсан нь бодит үнэн билээ. Засгийн газрын хаягдал төмрийг экспортлохыг хориглосон төсөл нь манай өмнөд хершийнхөн Монголын чухал чухал салбарыг бүрэн хяналтдаа авчихдаггүй юмаа гэхэд манай эдийн засгийн гол салбарт ноолуур, төмөр шиг гар байн байн сунгаж нөлөөлөөд байдгийг нэг талаар зогсооно гэдгээрээ улс орны амьдрал, эдийн засагт хэрэгтэй алхам болж байх шиг.
Б.БОЛД (Өдрийн сонин 157)