Д.Сугар Дахин сонгууль хийнэ, хийхгүй гэсэн шийдвэрийг л гаргана.
Төрд төлөөлөлгүй өдий хүрсэн тойргийн иргэд ч УИХ-д гишүүнтэй болохыг хүсч байна. Энэ сэдвээр МАХН-ын нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр, 24-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч Д.Сугар, тус намын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Долгор нар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Эхлээд Ё.Отгонбаяр дарга Монголын үндэсний телевизээр 24-р тойргийн тухай дан ганц нөгөө талын нэр дэвшигч З.Энхболдын талыг барьсан Сонгох, сонгогдохын учир нэвтрүүлэг гарсанд харамсч байгаагаа илэрхийлэн шүүхийн хяналтын шатны эцсийн шийдвэр гараагүй байхад ингэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэсэн оролдлого, учир утгагүй, ёс зүйгүй хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Өмгөөлөгч Б.Долгор МАХН асуудлыг эцсийн шатанд нь хянуулахыг хүсч байгааг илэрхийлээд Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багт гарсан зөрчилтэй саналыг оруулснаар Д.Сугарт 52 санал дутсан. Хууль зөрчсөн бүхнийг тоолбол энэ тооноос дөрвө дахин их зөрчил гарсан гэж байв. Нэр дэвшигч Д.Сугар Сонгогчдыг буруутгах аргагүй. Нэвтрүүлэгт идэвхтэй оролцож санал бодлоо илэрхийлсэнд нь талархах ёстой. Би шүүхэд нөлөөлөхгүй гэсэндээ дуугүй байсан. З.Энхболд 6-р сарын 14-нд Өвөрхангайд очиж хүмүүсийн хэлэх үгийг бэлтгэж телевизийн нэвтрүүлгээр шүүхийн шийдвэрт нөлөөлөх жүжиг тавьсан. МАХН шүүхэд өргөдөл өгсөн. Сугар өгөөгүй гэх маягийн ойлголт өгөх гээд байна лээ. МАХН өгсөн байхад хангалттай гээд би өгөөгүй. Үндсэн хуулийн Цэц сонгуулийн маргааныг шүүхэр шийдэх нь буруу. Цэцээр шийднэ гэсэн. Гэвч энэ асуудал нэгэнт эхэлсэн болохоор шүүхийн ситемээрээ яваад л шударга шийдвэр гарна гэж найдаж байна гэсэн тайлбар өглөө. Түүний хэлснээр шүүх энэ удаа дахин сонгууль хийнэ, эсвэл үгүй гэсэн шийдвэрийн нэгийг гаргах аж. Хийхгүй гэвэл З.Энхболд УИХ-д сууна. Хийнэ гэвэл дахин сонгууль болох аж. Өмнө нь З.Энхболдын талд шүүхийн шийдвэрүүд гарч байсан ч зарим нэг шүүгчийн хувьд нэг талыг барьсан баримт сэлт цуглуулсан нь нөлөөлсөн гэж байв. Жишээ нь,түүний 53 хуудас нотлох баримтыг аваагүй гэнэ. Нэр дэвшигч Д.Сугар Үндсэн хуулийн Цэцэд хандах шаардлагагүй гэдгээ илэрхийлсэн. Тэрээр өөрийн амин хувийн эрх ашгийн үүднээс бус намд хэрэгтэй суудлыг алдахгүй гэсэндээ бүтэн жил шүүхдэж байгаагаа хэлнэ лээ. Туяа багийн маргаантай саналыг оруулахгүй бол хоёр нэр дэвшигчийн оноо 5050 хувь байгаа гэнэ.
Сэтгүүлчид МАХН-ын нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяраас намын Удирдах зөвлөлийн хурлаас Засгийн газарт явуулсан бичгийн талаар асуув. Хамтарсан Засгийн газар улс орны хөгжил, эрх ашгийг ханган хамгаалах үүднээс ажиллах ёстой ч сүүлийн үед гол ажлаасаа хөндийрч томилгоо, халаа, сэлгээ рүү хандах болсныг анхааруулж бичиг явуулсан гэлээ. Зөвшилцөл байгаа эсэхийг тодруулсан сэтгүүлчийн асуултад тэрээр Өнгөрсөн орны сүүлчээр эвсэл өөрөө өөрийгөө тараасан. Гэвч бид хамтарсан ЗГ-аа авч үлдсэн. Зөвшилцөл хэвээрээ. Тунхаг бичигт үзэл санаа зарчмуудаа тусгасан гэж хариуллаа.
Ардын эрх 2005.06.29