Ордон руу өндөг шидсэн өдрөөс хөдөлгөөний хувь заяа буруугаар эргэсэн
-Н.Энхбаярын ч эсрэг, Засгийн газрын ч эсрэг, УИХ-ын ч эсрэг, бас Айвенхоу Майнз-ын ч эсрэг болоод байгааг интернэтээс уншиж байлаа-
Хүний эрхийн асуудлаар мэргэшсэн хуульч М.Ичинноров АНУ-д дэлхийн ирээдүйтэй залуу удирдагчдыг хамруулдаг Эйзенхауэрын хөтөлбөрт оролцоод иржээ.
-Та сайн явж ирэв үү. Явсан хэрэг амжилттай юу?
-Амжилттай. Сингапур, Малайз, Франц, Бельги, Шинэ Зеланд зэрэг дэлхийн 25 улсаас ирсэн, улс орондоо нөлөө бүхий улстөрчид, бизнесмэн, хуульч, сэтгүүлч зэрэг олон сайхан хүмүүсийн хамт хөтөлбөрт хамрагдсандаа би өөрийгөө азтайд тооцож байна. Хөтөлбөрт хамрагдах явцдаа Америкийн нөлөө бүхий хэд хэдэн олон улсын болон төрийн бус байгууллага, улстөрчид, хүний эрхийн байгууллагынхантай уулзаж, холбоо тогтоосон. Америкийн хэд хэдэн их, дээд сургуульд уригдаж Монголын ардчилал, хүний эрх, жендерийн асуудлаар лекц уншсан.
-Сенатч Хиллари Клинтонтой уулзсан таны зураг сонин дээр гарсан байсан.
-Харвардын их сургуулийн профессор хатагтай Хант Клинтоны Засгийн газрын үед АНУ-аас Австрид суух элчин сайдаар ажиллаж байсан. Хатагтай Клинтонтой намайг уулзахад зуучилж өгсөн. Ер нь хатагтай Клинтонтой уулзах анхны боломж надад тохиосон нь энэ юм. Урьд нь энэ хөтөлбөрт оролцсон хүмүүст түүнтэй уулзах боломж олдоогүй байсан. Хиллари Клинтон удирдагч, улстөрч эмэгтэйн хувьд гүн сэтгэгдэл төрүүлсэн. Тэрээр надтай уулзаад Би танай эх оронд маш их хайртай, танай оронд аялсан аялал маань надад гүн сэтгэгдэл төрүүлсэн гэж хэлснийг энэ ярилцлагаар дамжуулаад ард түмэндээ хүргэхийг хүсч байна.
-Таны санаачилсан Эрүүл нийгмийн төлөөх иргэний хөдөлгөөн мухардалд орсон. Та үүнд ямар дүгнэлт хийж байна вэ?
-Эйзенхауэрийн хөтөлбөрт оролцохоор явсан үеэсээ эхлэн хөдөлгөөний үйл ажиллагаанаас хол байж шийдвэр гаргахад нь нэг ч удаа оролцож байгаагүй учраас хөдөлгөөний нэрийн өмнөөс дүгнэлт өгч чадахгүй. Харин хувь хүнийхээ хувьд юу гэж бодож байгаагаа хэлье. Юуны өмнө хөдөлгөөн мухардалд орсон гэдэгтэй санал нэг байна. Энд хэд хэдэн шалтгаан бий.Энэ нийгэмд шударга ёсны төлөө тэмцэгчид цөөнх байхад түүнийг устгагч нь олонх байна. Хөдөлгөөн мухардалд орсон гол шалтгаануудыг тоочвол нэгд, Монголын тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал их нөлөөлсөн. Ерөнхийлөгчийн сонгуулийн жил байсан, АН жинхэнэ сөрөг хүчин байхаа больж, МАХН-тай эвссэн байсан зэрэг хүчин зүйл нь хөдөлгөөнийг улс төрийн аль нэг хүчний явуулга, захиалга гэдэг хардлага газар авахад нөлөөлөх хүчин зүйл болсон.
Хоёрт, хөдөлгөөний зорилго, зорилт, стратеги ойлгомжгүй болж ирсэн. Нэг үе хөдөлгөөн олон зүйлийн араас зэрэг орж, дэмжигчдийн хувьд юуны хойноос явж байгаа нь ойлгомжгүй болсон. Н.Энхбаярын ч эсрэг Засгийн газрын ч эсрэг, УИХ-ын ч эсрэг, бас тэгээд Айвенхоу Майнз-ын ч эсрэг болоод яваад байгааг интернэтээс уншиж байлаа. Тэд тактик, стратегийн хувьд алдсан зүйл бий. Нуулгүй хэлэхэд залуус ЗГ-ын ордон руу өндөг, улаан лооль шидсэн өдрөөс эхлээд хөдөлгөөний хувь заяаг буруу тийш нь эргүүлсэн гэж би боддог.
Гуравт, өөрсдийгөө МУ-д иргэний нийгмийг байгуулдаг гэж үзсэн төрийн бус байгууллагууд, ардчиллын үнэ цэнийг аврах, авилгалын эсрэг доороосоо гарч ирсэн /грасс рут/ энэ чухал хөдөлгөөнийг дэмжээгүй. Тэд дэмжихийг ч, ойлгохыг ч хүсээгүй нь Монголд иргэний нийгэм байна уу, үгүй юу гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Хатуухан хэлэхэд Монголд иргэний нийгэм байхгүй. Эцэст нь хөдөлгөөнийг хагалан бутаргах зорилготой хүчин ялсан.
-Хөдөлгөөнийг хагалан бутаргасан гэдгийг тайлбарлахгүй юу?
-Хөдөлгөөнийг гаднаас нь ч хагалсан, дотроос нь ч бутаргасан. Энэ нь коммунистуудын хэрэглэж сурсан арга гэдгийг олон хүн мэддэг боловч яагаад ч давж гарч чадахгүй байгаа нь даанч харамсалтай. Оюунлаг залуус хөдөлгөөнөөс холдох тусам хагалагч хар хүч улам газар авсан. Гаднаасаа бол гүтгэлэг, доромжлол, хардлага маш хүчтэй байсан. Энэ хөдөлгөөн ямар ч улстөрч, улс төрийн хүчний захиалга байгаагүй, ард түмний дотроос, доороосоо гарсан иргэний нийгмийн хөдөлгөөн байсан гэдгийг би харин батлан хэлж чадна.
-Та цаашид хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцох уу. Оролцвол ямар байр суруинаас хандах вэ?
-Ер нь хөдөлгөөний шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцоогүй удаж байна. Нэг хэсэг холоос нөлөөлөх гэж оролдсон боловч бүтээгүй. Туслах гэж бас ч хичээсэн. Хөдөлгөөнд миний гэх байр суурь байхгүй болсон. Дахин массыг хөдөлгөх улс төрийн том тэмцэл хийх гарц хумигдмал болсон гэж боддог. Хөдөлгөөн аль хэдийнэ л илүү оюунлаг тэмцлийг хийх ёстой байсан юм. Одоо бол авилгалын эсрэг бодлого, хууль, шинэчлэлд нөлөөлөхүйц бүр оюунлаг, илүү ухаалаг үйл ажиллагаа хэрэгтэй. Би хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцохгүй, харин нийгмийн төлөө сайн сайхан үйлсийг өөрөө ч санаачилна, бусдыг ч дэмжиж ажиллана.
Л.Хангай.
Ардын эрх 2005.06.29