ГХЯ хар тамхины хэрэгт холбогдсон дипломатчдыг цагаатгаж байна

Ийм ноцтой хэрэг гарчихаад байхад ард түмний анхаарал энэ зүг л хандах нь мэдээж. Гэтэл уг хэргийг мөрдөж байгаа байцаагчид одоог хүртэл иргэдэд мэдээлэл өгөөгүйгээр зогсохгүй тэднийг өмөөрөх янзтай байна. Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн Монгол эх орныхоо нэрийг ертөнцийн цээжинд уруу нь харуулан дэлдсэн этгээдүүдийг цээрлэл хүлээлгэлгүйгээр нутаг оронд нь буцаан ирүүлж баярын жагсаал хийх юм биш байгаа даа.
Энэ талаар Гадаад хэргийн яамны хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Дорж сэтгүүлчдэд онц юм хэлэлгүй тодруулж байна гэсэн ганцхан үгээр л ам тагласныг хэн хүнгүй л мэдэж байгаа. Тэгтэл өмнө нь БНБУ-д суух бүрэн эрхт Элчин сайдын яамны элчин зөвлөх Д.Шатарбал хар тамхины хэргээр Болгар улсын хууль хяналтын газраар хянуулсаар байгаа. Саяхан энэ хэргийн талаар Болгар улсаас ирүүлсэн мэдээгээр эх оронд нь буцаах бөгөөд, манай талаас Д.Шатарбалд эрүү үүсгэхгүй ба элчин сайдынх нь хэлсэн түүнд юуных нь хар тамхи байх вэ гэж хэлсэн гашуун нялуун үгээр хэвлэлийн эрх чөлөөг гээгдүүлж, ард түмнээ үл хүндэтгэсэн хэрэг болсон гэж хэнд ч бодогдмоор ил байх юм. Ичих нүүрээ элгэндээ наасан элчин сайд зөвлөх Шатарбалыг өмөөрч ийнхүү хэлснээр нь түүнд тохох ялыг цагаатгах сураг хуулийн цоорхойд эвээ олон тогтохоор давшиж байна. Аль ч улс гүрэн өөрийн нэр сүрийг гутаасан иргэнээ цээрлэн ял хүлээлгэдэг атал манайх шиг ийм задгай, толгойгоороо хөл хийж хөлөөрөө толгой хийсэн улс хаана байна. Хоёр ч удаагийн ийм хүнд хэрэг чих дэлдийлгэж байхад эрх, мэдэл, албан тушаалтнуудын халаасны зоргоор урсаж байдаг хахуулийн дансанд агаар нэгт хэрэг хүчээ авсаар л. Жишээ дурьдая л даа. Хятад улсад суух бүрэн эрхт Элчин сайд Л.Амарсанаагийн хүү, Монросцветмет нэгдлийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хүү зэрэг хүмүүсээс иймэрхүү хэрэг гарсан нь баттай баримт биш гэж үү. Харин тэдний хэд нь хэргээ хүлээж ялаа эдэлсэн нь одоо хэр нь олны өмнө нүдэн балай, чихэн дүлий дүр эсгэсээр удлаа. Зүрх шимшрүүлсэн хар тамхины хэрэг өөгшүүлсэн эзнээ магтан дуулж, Монголын нэрийг уландаа гишгэж газар авсаар л байх уу. Манай улсын элчин сайдын албаныхан ийнхүү дэлхийд Монголынхоо нэрийг хар тамхины гуншин дор өргөж явахад манай гадаад хэргийн яамныхан ажиг ч үгүй ангайсаар л суух юм. Энэхүү асуудлаар ГХЯамны хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Доржоос тодруулахаар ороход энэ бүхнийг үгүйсгэж ярилцлага өгөхөөс татгалзсан. Дараалан хар тамхины хэрэгт холбогдоод байгаа эдгээр ажилтнуудын хэргийг цагаатгахаар тогтоод байгаа ч гэж дуулдсан нь оргүй зүйл биш бололтой. Д.Шатарбалын хэргийн тухайд огтхон ч үндэслэлгүй бөгөөд энэ нь ор мөргүй зүйл хэмээн тайлбарлаж байлаа. Ингээд бодохоор манай төр захиргааныхан хар тамхины хэрэгт холбогдсон албан тушаалтнуудаа өөгшүүлж байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлж байна. Магадгүй зэс нь цухуйж, бал нь гарах вий хэмээн битүүхэндээ шаналсан хэн нэгэн тэдний ард байгаа ч юм бил үү.

2005.06.29,
Өнөөгийн төрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button