Хувцас өмсдаг заншлын тухайд

Дөнгөж сая би, жилийн хүйтэн сэрүүн энэ цагт, саяхан нээгдсэн ард түмнүүд болох индианчууд болон мавруудад хамаатуулан бидний нотолдогчлон, чармай нүцгэн явах нь дулаан уур амьсгалын үр дагавар уу, аль эсвэл анхандаа бүх хүн л тэгж шалдан явдаг байсан уу гэж бодож үзэв.
Ариун сударт өгүүлдгээр бол, тэнгэрийн дор буй бүхэн нэг л ижил хуулинд захирагддаг. Сэтгэн боддог хүмүүс иймэрхүү жам ёсны болон зохиомлоор бодож олсон хуулиудын хоорондох ялгааг тодруулах шаардлагатай асуудлыг авч үзэхдээ хуурамч, хиймэл гэх боломжгүй хорвоогийн ерөнхий зүй тогтолд л ханддаг. Гэтэл бүхий л хүн өөрийн оршихуйг нөхцөлдүүлэхийн тулд зүү утсаар зэвсэглэхэд хүрдэг нь илэрхий тул гагцхүү бид л ийнхүү гадны туслалцаагүйгээр, үнэн байдлаараа өөрийгөө харуулж чаддагтүй гэж хэлэх аргагүй юм. Ямар ч ургамал, мод, амьтан ер нь амьд биетүүд бүгд байгалиас заяагдсан цаг уурын таагүй нөлөөллөөс хамгаалж чадахуйц бүрхүүлтэй байдаг шүү дээ.
Proptereaque fere res omnes aut corio sunt
Aust seta, aut comnes, aut callo, aut cottise (Амьтан бүхэн эсвэл арьсаар, эсвэл үс ноосоор, эсвэл хальс хайрсаар бүрхэгдсэн байдгийн учир ч тэр. лат ), нэгэн цагт бид ч бас тиим л байсан, гэвч байгалийн гэрлийг хиймэл гэрэлтүүлгээр сольсон шигээ зүй ёсны зүйлийг бид зээлдмэл юмсаар орлуулжээ.
Энэ заншил маань үнэндээ хамгаас энгийн зүйлийг байж болшгүй юммэтээр бодоход хүргэснийг олж харахад тийм ч хэцүү биш. Хэрэг дээрээ, хувцасны тухай ямар ч ойдголтгүйард түмнүүд яг л биднийх шиг цаг агаарын нөхцөлд амьдардаг. Түүнээс гадна нүд, ам, чих, хамар зэрэг хавьгүй мэдрэмтгий эрхтнүүд маань ил байдаг бөгөөд өнөөгийн тариачид ч бидний өвөг дээдсийн нэгэн адил энгэр задгай явдаг шүү дээ. Хэрэв бид төрснөөсөө эхлээд л өмд юмуу банзал өмсдөг ёсноос холуур явсан бол, хүний биеийн хамгийн бээрэг тэр хэсгүүд эгээ л хурууны өндөг, хөлийн тавхайнх шиг зузаан арьсаар бүрхэгдэхбаЙсан нь лавтай.
Үүнд итгэхэд яагаад хэцүү байдаг вэ? Миний хэрэглэж заншсан хувцас болон манаЙ нутгийн тариачдын өмсдөг зүйлсийн хооронд яг л нүцгэн хүнээс хэр ялгардгийн дайны тийм ялгааг би олж хардаг. Тухайлбал, Түрэг нутагт хичнээн хүн ариун нэрээ эрхэм гэдгийн улмаас нүцгэн явцгаадаг гээч! Дүн өвлийн хүйтнээр цамцнаас өөр юу ч үгүй хэрнээ чихээ далдартал нэхий дээлэнд шургасан хүмүүсээс дутуугүй хээвнэг алхаж буй нэгэн гуйлгачныг хараад, хэн ч билээ дээ, яаж ийм хүйтэнд тэсч явж байгааг нь асуусан аж. Ноёнтоон, та бас нүүрээ юугаар ч халхлаагүй байна шүү дээ. Түүн шиг би тэр чигээрээ л нүүр гэсэн үг гэж цаад хариулсан гэдэг.
Хэрэв би андуураагүй бол, Флорецийн херцог ордныхоо алиалагчдаас Ингэтлээ дулаалсан би даараад байхад чи ийм муу хувцастай атлаа яагаад шижим ч үгүй байна вэ? гэж асуухад, Та миний зөвөлгөөг дагаж, яг л над шиг өөрөө байгаа бүхнийг дээр дээрээс нь давхарлаад өмсөөд үзээч. Тэгвэл та ч даарахаа болино. хэмээсэн нь италичуудын тунд яригддаг.
Нумидын хаан Масинисс бүр өвгөн болсон хойноо хүртэл хичнээн ч жавартай, шуургатай, аадартайд, яаж ч ятгаад малгай өмсдөггүй байман гэнэ. Ромын эзэн хаан Семтимий Северийн тухай ч мөн тэгж ярьцнаадаг юм билээ.
Египетчүүдийн персүүтэй хийсэн дайны үеэр тэмдэглэгдэн үлдсэн аль аль талынх нь сурвалж бичгээс үзвэл алагдсан египетчүүдийн хуйхны арьс дайсныхыгаа хавьгүй хатуу, бөх байсныг тэдний үсийг хар багаас нь тонгоргоор мөлчийтөл хусдаг, ямагт толгой нүцгэн явдаг, харин персүүд цаг үргэлжид зулайгаа битүүлдэгтэй холбон тайлбарласан жишээг Херодот дурджээ.
Агесилай хаан нэлээд өндөр насалтлаа өвөл, зуны аль ч цагт нэг янзын хувцсаа өмсдөг байв. Светонийн мэдээлснээр бол, Цезарь байнга цэргүүдийнхээ өмнө үг хэлдэг бөгөөд нартайд ч, хуртайд ч ялгаагүй голдуу явган, толгой нүцгэн байдаг аж. Ханнибалын талаар ч мөн тийн хэлэлцдэг.
tum үertice nudo
Excipere insanos imbres ( Азарган бороонд ч толгой нүцгэн. лат). Бирмийн хаант улсад он удаан жил амьдраад саяхан буцаж ирсэн нэгэн венеци эр бичихдээ, тэндхийн эрчүүд нь ч, хүүхнүүд нь ч бүхий л хувцсыг ёсчлон өмсдөг атлаа ямагт хөл нүцгэн явдаг, морь унахдаа хүртэл гутал хэрэглэдэггүй гэсэн байна. Эрүүл байхын тулд хөл толгой хоёр ямар ч халхавч өмсгөлгүй, бие махбодоороо байгальтай хүрэлцэж байх ёстой гэж Платон зөвлөсөн байдаг нь тун сонирхолтой юм шүү.
Манай энэ цаг үеийн хамгийн аугаа их удирдагчдын нэг болох Польшийн ван хэзээ ч бээлиы хэрэглэдэггүй, гэртээ өмсдөг малгайгаа ямар ч үед бүр өвлийн цагт ч солидоггүй гэнэ билээ.
Би хүрмээ бүрэн товчлохгүйгээр гадагш гарах тухай төсөөлдөг ч үгүй байха, манай хөрш тариачдын хувьд энгэрээ задгайлалгүйгээр явах нь бүтэж үхмээр явдал болно. Ромчууд сүмд мөргөхдөө болон өндар дээд хүмүүсийн өмнө толгой нүцгэн зогсдог нь хүндэтгэл үзүүлсэн гэхээсээ чийрэг эрүүлээ гайхуулсан хэрэг байсан юм гэж Варрон үзсэн нь бий.
Нэгэнт, хүйтэн жавар хийгээд элдэв хувцас, нөмрөг хэдэрч дассан францчуудын тухай яриа эхэлснийх, манай цэргийн жанжин Мартен Дю Беллегийн өгүүлснийг нэмье. Люзсембург руу хийсэн аян дайны үеэр маш аймшигтай хүйтэн болж л дээ. Агуулахад байсан дарсыг тэр сүхээр цавчаад цэргүүддээ жинлэн түгээж, цаадуул нь дарсаа сагсанд хийн зөөж байсан гэдэг. Яг л Овидийн хэлсэнчлэн,
Nudaque consisfunt formam serүantia testae
Үina, nes hausta meri, sed data trusta bibunt (Савнаас унасан хөлдүү дарс тэр л хэлбэрээ хадгалдаг. Түүнийг балгаж уудаггүй, Жижигхэн хагачдаг. лат)
Моет нуурын цутгалан хавьд маш хүйтэн болдог бөгөөд яг тэр газарт Митридата жанжин дайсны явган цэргийг бут цохисон атлаа зун нь тэдэндээ ялагдсан ажээ.
Ромчууд карфагенчуудтай тулалдаж байхдаа Плаценцийн ойролцоо олонтаа ялагдсан бөгөөд учир нь тэр хавийн хүйтэнд цэргүүдийнх нь цус хөрч, гар хөл бээрч гүйцдэг байжээ. Тэгэхэд Карфагений жанжин Ханнибал цэргүүдээ дулаацуулах гэж түүдэг асааж, баг сумангуудад тос түгээж байжээ. Цэргүүд биеэ тосолсноор булчин шөрмөс нь илүү уян хатан болж, тэнгисийн хүйтэн жаварт ажирдаггүй байсан гэдэг.
Герегчүүд Вавилоноос ухран гарах болсон нь тэдэнд хувцсаа сольж өмсөх шаардлага гарсаны улмаас учирсан бэрхшээлтэй холбоотой аж. Армений ууланд, аймшигтай цасан шамарганд өртсөн тэд төөрч замаа замаа алдсан бөгөөд хэдэн өдрийн турш юу ч идэж уугаагүйн дээр унаа морьд нь үхэж, олонхи цэрэг цасанд гялбан сохорч, үлдсэн нь хэдий ухаан мэдрэл бүрэн боловч гар хөлөө хөлдө,өн хөшиж орхижээ.
Хүйтнээс хамгаалахын тулд үр жимснийхээ моддыг өвөл болмогц газар булдаг ард түмнийг Александр харсан байдаг.
Сонирхуулахад Мексикийн хаан өдөрт дөрвөн удаа хувцсаа сольдог, нэг өмссөнийгөө ахиж хэзээ ч хэрэглэдэггүй байжээ. Хэрэгцээгүй болсон эдгээр тэдгээр хувцсаа тэрээр шан харамж болгон түгээдэг байсан бөгөөд яг үүнчлэн нэг ч таваг, нэг ч халбага сэрээ хаантанд хоёр дахь удаагаа хэрэг болоогүй Аж.

Орчуулсан Г.Аюурзана

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button