Зовлон гэж юу вэ?
Yнэн хэрэг дээрээ тийм биш юм. Буддистууд Зовлон үнэн гэж хэлэхдээ зовлонгийн тухай тэгтлээ их бодоод байх хэрэгтэй гэж байгаа юм биш. Харин уг асуудлыг таньж мэд л гэсэн үг, зовлон бол асуудал, өөрөөр хэлбэл бидэнд тулгарч буй том асуудал юм.
Бурханы шашинд зааснаар бол зовлонгийн мөн чанарыг ойлгох ба уг асуудлын мөн чанарыг илүү гүнзгий, шууд ойлгож авах нь эн тэргүүний, хамгийн чухал зүйл билээ. Уг асуудлыг ойлгохгүй бол тэр нь чухам хэрхэн үүсдэгийг та ойлгохгүй, хэрхэн үүсдэгийг нь ойлгохгүй юм бол түүнээс хэрхэн ангижрахаа мэдэхгүй болно. Ганц хүн төрөлхтөн ч төдийгүй бусад хамаг амьтан зовохыг хүсдэггүй, хэн ч өвчин, элдэв асуудлыг хүсдэггүй. Тийм учраас зовлонгийн асуудлыг ойлгох нь нэн чухал юм.
Зовлон гэдэг бол хүн бүрийн ангижран салахыг хүсдэг зүйл мөн. Зовлон гэж чухам юу вэ? Мэдээж, бид ямар нэгэн зүйлийг хүсээд олж авч чадахгүй бол зовдог, бас хүсээгүй атлаа ямар нэгэн зүйлтэй болчихвол зовдог. Түүнчлэн бидний тойрч өнгөрдөггүй, дайрч гардаг олон зүйлээс болоод бид зовдог, заримдаа асар их зовдог. Хэн хүнгүй хөгширч, өтлөдөг, хэдийд ч өвдөж болно. Бүгдээрээ мөнх бусыг үзүүлнэ. Бүх зүйл хувирч өөрчлөгддөг. Иймэрхүү юманд бид дургүй боловч яаж ч чадахгүй. Хэн маань ч хөгширч, өнгө зүсээ алдах дургүй, өвдөж зовохыг хүсдэггүй, үхэхийг ч хүсдэггүй. Өөрт маань болон хайртай дотно хүмүүст маань зовлон бэрхшээл тохиолдож, өвчин эмгэг тусаасай гэж бид ердөө хүсдэггүй боловч эдгээр нь хэн бүхнийг дайрч гардаг зүйл юм. Зарим нэг асуудлыг аргалж, янзалж дөнгөх нь дөнгөнө, гэвч бидний хүчрэхгүй олон зүйл бий. Хүн төрөлхтний энэхүү үндсэн нөхцөлөөс зайлах арга ер бий юу, үгүй юу? Зүгээр л хүлцэн дагах уу, эсвэл түүнээс гарах арга зам бий юу? Энэ л чухам шийдвэрлэвэл зохих гол асуулт юм.
Бурхан шашины Номын хүрдэн клубтэй хамтран бэлтгэв
Ж.Алт
/Оллоо.МН/