Махаранза гэж хэн бэ?

Махаранза гэдэг нь махаража буюу Их хаан гэсэн санскрит үг юм. Дөрвөн махаранзын гарлын домог нь, энэ галавын өмнө Одсүрэн бурханы үед хоёр лус, хоёр хангарьд өөр хоорондоо үргэлж дайсагнан зовлон амсч байснаа, гурван эрдэнэд аврал одуулснаар амар жаргалыг эдэлж эв найртай болжээ. Тэд хойшид амьтанд тусалж, шашныг сахин, орон хийдийн үүдийг хамгаалах андгай тангараг тавьсан гэдэг.
Хожим энэ галавын үед дөрвөн Махаранз болж, Сүмбэр уулын дөрвөн зүгт оршдог ертөнцийг сахигч, хүсэлт тэнгэрийн орны тэнгэр нэр болжээ. Сүмбэр уул нь уснаас дээш дөрөв шаталсан үетэй байх бөгөөд дөрөвдүгээр үе нь Махаранз нарын орон ажээ.
1. Юлхорсүрэн (са Dhrtarastra)
Хөө хуяг өмссөн сүрт догшин баатрын дүртэй энэ махаранзын лагшин нь ногоон бөгөөд мутартаа бива хэмээх хуур барьсан байдаг ажээ. Энэ тэнгэрийн дуу нь амьтанд хорлол бүхий тул орчлонгийн амьтанд хорт дуугаа сонсгохгүйн тулд хуур дарж буй хэмээдэг. Ертөнцийн зүүн зүгийг сахигч.
2. Пагжийбуу (са Үirudhaka)
Хөө хуяг өмссөн, лагшин бие нь хөх, мутартаа барьсан илдээрээ цавчин ширвэх байдалтай. Учир нь энэ тэнгэрийн бие нь хортой тул амьтныг биедээ үл хүргэх, үл ойртуулахын учир ийм дүр байдлыг үзүүлдэг гэдэг. Ертөнцийн өмнө зүгийг сахидаг.
3. Жанмисан (са Үirupaksa)
Хөө хуяг өмссөн, лагшин биеийн өнгө нь улаан, баруун мутартаа суваргыг дээр өргөн барьсан, зүүндээ могой барьсан дүрээр ажирна. Нүдэндээ хортой тул амьтныг өөрийгөө харахаас урьд бурханы тааллын шүтээн суваргыг харуулах гэж хараанд тусахуйц дээр суварга мутартаа барьсан учир тэр ажээ. Ертөнцийн баруун зүгийг сахидаг.
4. Намтойсрай (са Үaisranүana)
Монголчуудын төвдөөр нь Намсрай хэмээн дуудаж, Бисман тэнгэр хэмээн судар номонд бичигддэг энэ тэнгэр нь дөрвөн Махаранзын нэг бөгөөд бас 10 догшидын нэг ажээ. Өөрөөр хэлбэл эд баялагийг хайрлагч тэнгэр, чойжин сахиус юм. Лагшин биений өнгө нь шар, баруун мутартаа ялгуусны тэмдэг буюу жанцан, зүүн мутартаа эрдэнээр бөөлжсөн хулгана барьж, амаа жимийсэн дүрээр ажирдаг. Амаа ангайвал хортой тул амьтанд хорлол үйлдэхгүйн тул амаа жимийсэн дүртэй байдаг ажээ. Хэвтэж байгаа арслан хөлөглөсөн, хөлөглөөгүй хоёр өөр дүр хөрөг байдаг. Ертөнцийн хойд зүгийг сахидаг, мөн ягчис нарын тэргүүн ч гэж үздэг.

Бурхан шашины Номын хүрдэн клубтэй хамтран бэлтгэв

Ж.Алт

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button