Мобикомын ярианы тариф хямдарлаа
Тэртээх 10 жилийн өмнөөс манай оронд гар утас хэмээх гайхамшигт технологийг оруулж ирсэн цагаас хойш өдгөө 10 жилийг ардаа орхижээ. Гэвч техник технологи улам бүр хөгжин боловсронгуй болж, хүмүүс цаг хугацаатай уралдан байх тусам гар утасны хэрэглээ, шаардлага улам ихсэж тэр хэмжээгээр үнэ тариф нь амьдралд илүү ойртох шаардлага гарч байгаа билээ. Энэ ч утгаараа тус корпорацийнхан хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг илүү мэдэрч үйлчилгээний хөлсийг үе шаттайгаар бууруулах бодлого баримталдаг билээ. Энэ удаа тэд дахин ярианыхаа төлбөрийг бууруулах боллоо.
Тодруулбал улс хувьсгалын баяраар Мобикартын хэрэглэгчдийнхээ ярианы төлбөрийг 0.8-аас 0.6 нэгж хүртэл буюу 25%-аар бууруулах болжээ. Энэ тухай өнөөдөр тус корпорацийн захирал Г.Баттөр сэтгүүлчдэд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Түүнчлэн Техник технологийн өргөтгөл шинэчлэл хийгдэж байгаа бөгөөд энэ ажил бүрэн дуусахаар дахин 15% хүртэл бууруулах юм байна. Мобикомын нийт хэрэглэгчдийн 96% нь урьдчилсан төлбөрт үйлчилгээний буюу бидний хэлж заншсанаар картын хэрэглэгчид байдаг учир тэднийхээ хэрэгцээнд нийцүүлж илүү хямд үнэ үнэ таритай цэнэглэгч картуудыг гаргахаар болжээ. Тухайлбал 30 хоногтой 30 нэгжийн карт 8800, 60 хоногтой 60 нэгжийн карт 15000 төгрөг байхаар болжээ.
Мөн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийнхээ хэрэглээ, ашигласан жилээс хамаарсан байнгын хөнгөлөлт үзүүлж байхаар болж, мөн тодорхой хязгаартай үнэгүй ярих эрхийг энэ 8 сараас нэвтрүүлэх болжээ.
Тэд зөвхөн үйлчилгээнийхээ үнэ тарифт анхаараад зогсохгүй гар утасны үнэ өндөр байгааг анхаарч ард иргэд ялангуяа хөдөө орон нутгийн хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, амьжиргааны түвшинг харгалзан гар утасны үнийг буулгах бодлого баримталж, 60 мянган төгрөгний үнэтэй гар утас хэрэглээнд гаргах болсноо ч дуулгалаа.
Ж.Алт
/Оллоо.МН/