Бразилын шигшээ баг Тив хоорондын цом-ын эзэн боллоо



Энэ 2 баг сар хүрэхгүй хугацааны өмнө ДАШТ-н сонгон шалгаруулах тэмцээний хүрээнд тоглож, тэр тоглолтонд Аргентины баг 31-ээр илт давуу ялж байлаа. Тиймээс Бразилчууд энэ удаа хариугаа авахыг үнэхээр хүсч байсан нь мэдээж. Энэ тоглолтонд аргентины багийн үндсэн довтлогч Хавьер Савиола торгуулийн улмаас оролцохгүй болоод байсан нь багагүй гарз байлаа, Марадонагийн удмынханд. Харин Бразилын довтлогч Адриано гэмтлийн улмаас шигшээ тоглолтыг өнжиж магадгүй гэсэн яриа гарч байсан ч тэгсэнгүй, тоглолтонд оролцлоо.
Тоглолтын өрсөлдөөнтэй, сонирхолтой болох нь тоглолт эхлээд л тодорхой болсон ба багууд тун нээлттэй, довтолсон хөлбөмбөг үзүүлж байв. Өмнөд Америкийн багууд болохоор арга ч үгүй биз. Гэхдээ санаачлага үндсэндээ Бразилын багт байлаа. Ид шидтэнүүд аргентины гол хөдөлгүүр, тоглолтыг удирдагч Хуан Рикельмег ерөөс хөдөлгөсөнгүй гэхэд болно. Энэ нь мэдээж Аргентины багийн тоглолтонд муугаар нөлөөлсөн юм. Тоглолтын эхний 20 минутанд л Бразилчууд хэдийнээ 2 гоол оруулаад амжлаа. 63 дахь минутанд энэ тоо бүр 4 болов. Тоглолтын хувь заяа ойлгомжтой болсон энэ үед Пабло Аймар багийнхаа нэр төрийн нэг гоолийг хийж, 41-ийн харьцаатайгаар ялсан Бразилын баг Тив хоорондын цом-2005 тэмцээний аваргаар тодорлоо.
Бразил 41 Аргентин
Гоол Адриано 11’, Кака 16’, Роналдиньо 47’, Адриано 63’ – Аймар 67’

Харин 3-р байрын төлөө талбайн эзэн Германы баг Мексикийн багтай чамгүй хүнд тоглолт хийн, хүн дутуу үлдсэн ч М. Баллакийн нэмэлт цагт хийсэн гоолын ачаар хожин, нутгийн үзэгчдээ баярлуулав. Хэдийгээр Германы баг үеийн үед, ямар ч тэмцээнд зөвхөн аваргын төлөө тоглодог боловч ойрын хэдэн жилийн энэ цаг мөчүүд бол Германы хөлбөмбөгийн хувьд нэн эгзэгтэй, шилжилтийн үе юм. Энэ ч утгаараа Юрген Клинсманы багийг нийт Германчууд, мөн олон олон мэргэжилтнүүд тун анхааралтай ажиглаж байлаа. Клинсманы залуу баг ч тэдний итгэлийг хөсөрдүүлснгүй, итгэл төрүүлсэн, дайчин, үзүүштэй, гоёмсог тоглолт харуулсан билээ. Подольски, Швайнштайгр, Хут нарын залуу тоглогчид ямар ч гэсэн том тэмцээний утаа үнэрлэж, амь өрссөн тулаанд ороход ч өвдөг нь чичирхээгүй болж, нэлээдгүй туршлага хуримтлуулснаас гадна өөрсдийгөө сайн нээж өглөө.
Герман 43 Мексик
Гоол Подольски 37’, Швайнштайгр 41’, Хут 79’, Баллак 97’ – Фонсека 40’, Боргетти 58’, Боргетти 85’

Энэ тэмцээний хамгийн олон гоол оруулсан хөлбөмбөгчнөөр Бразилын шигшээ болон Италийн Интер Милан багийн довтлогч Адриано тодорлоо.
Мэргэн буучид
1. Адриано 5 гоол
2. Алойси 4 гоол
2. Баллак 4 гоол
2. Фигероа 4 гоол
5. Рикельме 3 гоол
5. Подольски 3 гоол
5. Роналдиньо 3 гоол
5. Боргетти 3 гоол
Спортын цонх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button