Хэнд тамга буй, түүнд эрх бий
Улсын мөрдөн байцаах ерөнхий газраас 1992 онд явуулсан шалгалтын үр дүнд хуурамчаар тамга тэмдэг үйлдвэрлэдэг хэд хэдэн бүлэглэлийг илрүүлж, зохих шатны байгууллагуудад хүлээлгэн өгч байжээ.
Чухамхүү энэ л үед олны дунд уран гарт гэж алдаршсан Дүгэрээ гэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тамга дардсын хамт хуурамчаар үйлдэн өөрөө өөрийгөө шоронгоос суллуулсан тухай яриа гарч байсныг санаж байна. Төө гаруй цаасан дээрх төрийн тамга нь төмөр торноос ялтныг ч аврах хүчирхэг эрх дархтайн учир, тамга тэмдгийг хэн дуртай нь, хэн боломжтой нь талх мэт үй олноор, өдөр бүр үйлдвэрлээд байж болох уу гэдэг асуултыг аяндаа бий болгодог. Өнөөдөр ч тамга тэмдэг хуурамчаар үйлдвэрлэдэг хар наймаа зогссонгүй. Харин ч улам бүр нарийсан төгөлдөржсөн гэвэл үнэмших үү?
ЦЕГ-ын хэрэг бүртгэлийн газарт зөвхөн энэ оны эхэн хагас гэхэд л хуурамч бичиг баримт, тамга тэмдэг үйлдэж хувь хүн, банк болон банк бус санхүүгийн байгууллагыг залилан шамшигдуулсан 30 гаруй хэрэг бүртгэгджээ. Чингэлтэй дүүргийн иргэн, гурван хүүхдийн эх, өрх толгойлсон эмэгтэй Г.Оюунцэцэгийн орон сууцны ордерыг үндэслэн гэмт этгээдүүд хуурамч бичиг баримт бүрдүүлэн гурван ч хадгаламж зээлийн хоршооноос нийт 24 сая төгрөг залилан авч, эцсийн дүндээ иргэн Г.Оюунцэцэг хүүхдуүдийн хамтаар гудамжинд гарчээ.
Хан-Уул дүүргийн иргэн, тэтгэвэрт суугаа, үйлдвэрийн гавьяат ажилчин 72 настай Э гэдэг хөгшнийг дүүргийн цагдаагийн газарт дуудсанд айж гайхах хослуулан явж очжээ. Гэтэл түүнд Иргэний газар өмчлөх эрхийн гэрчилгээ, хүүгийнх нь орон сууцны ордерыг барьцаалан холгүйхэн оршдог хадгаламж зээлийн хоршооноос 14 сая төгрөгийг хэн нэг нь авсан тухай дуулгаж, хугацаа хэтэрсэн зээлийн бичиг баримтыг гардуулжээ. Гадаа тоглож явсан хүүхдүүд эдгээр бичиг баримтыг олж цагдаад өгснөөр гэмгүй нэг иргэн өрөнд орчихоод буйгаа мэдэж чадсан байна. Харин ямар замаар хэн гэгч этгээд өвгөний чухал баримт бичгийг дууриалган ашигласныг одоо тогтоохоор цагдаагийн байгууллага эрэлд хатаж буй гэнэ. Ийм жишээ дурдвал маш олон. Бүртгэгдсэн хэргийн 80 гаруй хувь ямар нэг хэмжээгээр хуурамч бичиг баримттай холбогдсон буйгаас үзэхэд ч гэмт хэргийн ертөнц хэрхэн баталгаажиж арга мэх нь нарийсч буйг илтгэнэ. Тамга сийлэх, бичгийн хэв дууриалгахад гаршсан бүлэг этгээдүүд өдгөө цагт дээгүүр ханштай байгаа бичиг баримт, тухайлбал, газар эзэмших эрхийн, үл сөдлөх хөрөнгийн бүртгэлийн, Иргэний газар өмчлөх эрхийн гэрчилгээ, ажлын байрны дүгнэлт, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх зөвшөөрөл, газрын харилцаа геодези зураг зүйн газрын лавлагаа, металл дардасны хавтгай, тээврийн хэрэгелийн гэрчилгээ, нотариачдын, Улсын бүртгэгчийн, үнэлгээний, үл хөдлөх хөрөн гийн бүртгэлийн газрын улсын ерөнхий бүртгэгчийн, нийслэлийн иргэний бүртгэл мэдээллийн албаны тамганы, ИБМА-ны хяналтын байцаагчийн тэмдэгний, эрх бүрт гэлийн байцаагчийн дардсууд, хасав, бүртгэв гэсэн дардас зэрэг төрөлжсөн олон бичиг баримтыг хуурамчаар үйлдвэрлэж, олон сая төгрөг залилсан ноцтой гэмт хэргийг саявтархан илрүүлсэн нь Мягмарын бүлгийн хэрэг гэгчээр хавтаст хэрэг нээлгээд байгаа. 1960-аад онд АНУ-ыг чухам л түйвээж, ТТГ олон жил хөөцөлдөж байж барьж авсан нэгэн уран гартан, Питер Каллахен гэгчийн энэ мэт монгол дүү нар үржиж, хууль хяналт, цагдаагийн байгууллагынханд төвог удсаар авч, үйлт цагдаа нараас өөр тэдэнтэй хөөцөлддөг хүн алга байна. ЦЕГ-ын дэргэдэх Криминалистикийн алба ч шинэ хэсэг, тасаг үүсгэхгүй бол тэр болгонтой зууралдаж хүч мөхөсдөж мэдэх тийшээ хандсанаа ч нуусангүй.
Хуурамч баримтыг жин хнээс нь ялгах талаар иргэдийн мэдээлэл мэдлэг хомс, хууль ёсны бичиг баримт бүрдүүлэх явц зарим шатандаа хүндрэл, удаашралтай, өртөг өндөртэйг далимдуулан Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын үүдээр ч юм уу, хямд-хан түргэн хийгээд өгөх санал тавьсан хэн нэгэн этгээд гэнэн хуумгай үйлчлүүлэгчийг отож байдаг байна.
Энэ бүхэн чухам юунаас үүдэлтэй вэ. Тамга тэмдгийн үйлдвэрлэлийг төрөөс хяналтгүй болгосонд байгаа юм. Тэр улсын тамга нь Ерөнхийлөгчийн мутарт ганцхан хувь байдгийн адилаар, төрөөс баталгаажсан тамга тэмдгийн үйлдвэр ч мөн улсын статусаа хадгалан, ганцхан байвал ийм байдалд орохгүйсэн гэж бодогдоно. Тамга тэмдгийн үйлдвэр олширсноор өдгөө та хотын гудамжны хаа нэгтээ тамга хийнэ, Монтамга гэсэн зар, хаягтай олонтаа тааралдах байх. Ямар хуушуур биш дээ.
Т.НЯМ
(өдрийн сонин 2005-07-01 159)