Н.Энхбаяр яаж Бурхны ТВ-ийг дээрэмдсэн бэ?
Монголын ард түмэнд бурханы шашныг сурталчлахад ашиглаарай хэмээн өгч байгаа тоног төхөөрөмжийг гардан авахаар манай их хамба Д.Чойжамцыг Япон улсыг зорих үед, тухайн үеийн цөөнхийн бүлгийн ахлагч Н.Энхбаяр замд нь тааралдаж түүнтэй ихээхэн олзуурхан уулзжээ.
Нэгэнт Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллагын төлөөлөгч тааралдсанд нь билэгшээж, телевизийн тоног төхөөрөмж гардан авах ёслолд хамт оролцохыг Н.Энхбаяраас их хамба маань хичээнгүйлэн хүсчээ. Угаасаа овсгоотой Н.Энхбаяр энүүхэн хооронд толгой нь ажиллаж, үнэгүй орж ирж байгаа энэхүү тоног төхөөрөмжийг өөрийнхөө цаашдын улстөрийн зорилгод ашиглах санаа дор нь төржээ.
Үүнийг хамтран ашиглая. Монголд бурханы шашны бие даасан телевиз байгуулъя. Мэдээж энэ тоног төхөөрөмж дангаараа яагаад ч хүрэлцэхгүй. Бусад шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө санхүүг нь бид гаргая. Сувгийн зөвшөөрлийг нь бид бүтээж өгье. Хөрөнгө оруулалтын ашгаа хувааж эзэмшье хэмээн Н.Энхбаяр Их хамба Д.Чойжамцыг салам мунхруулжээ. Харин хамба лам үүнд нь за ч гэж гэсэнгүй, үгүй ч гэж гэсэнгүй.
Хэсэг хугацааны дараа Гандантэгчинлэн хийдээр хаяглан Японоос телевизийн тоног төхөөрөмж Улаанбаатарт буужээ хэмээн сонсогдлоо. Гэтэл Гандан хийдэд ирсэнгүй.
Санаа нь зовсон их хамба Д.Чойжамц учрыг тодруулж, асууж сураглавал Их хөлөгний уламжлалыг хадгалах төвд байгаа сонсогджээ. Очоод үзвэл үнэхээр хэдэн хайрцагтай зүйл байсан тул санаа нь амарсан тул зөнд нь орхижээ. Харин Гандан хийд хавьдаа өрөө тасалгаа бэлтгэчихээд тоног төхөөрөмжөө зөөж аваачихаар очихвол өнөөх тоног төхөөрөмж нь аль хэдийнэ алга болсон байжээ. Сандарсан хамба маань цааш нь хөөж сураглавал 11 дүгээр хороолол дахь Н.Энхбаярын хуучин орон сууцанд байгаа сураг гарчээ. Үнэндээ Н.Энхбаярын эхнэр О.Цолмон монголын бурхан шашинтны өмчийг хулгайлаад гэртээ аваачаад тавьчихсан байсан нь тэр байжээ. Н.Энхбаяр нь өөрийн бизнесийн хамсаатан Ц.Мөнх-Оргил, С.Батболд гэх мэт хэсэг бүлэг хүмүүстэй хавсран Монголын бурхан шашинтны өмчийг ийнхүү луйвардан авсан юм. Аргаа барсан Гандантэгчинлэн химдийнхэн Японоос өгсөн 135 мянган долларын тусламжийн нийт үнийн тал хувь буюу 60 мянган долларыг буцааж өгөхийг Н.Энхбаяраас шаардсан юм.
Энэ шударга шаардлага тавьсныхаа хариуд Ганданчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц өөрөө тагнаж чагнуулж, мөрдөж мөшгүүлж, жирийн сүшигтэн олонтойгоо уулзаж учирч чадахгүй болтлоо хавчигдаж хяхагдаж явна. Их хамба ламтан Монголын бүх ард түмний бурханы шашинтны тэргүүн болохоос Н.Энхбаярын улс төрийн амбицын тоглоом бишээ.
Монголын бурханы шашинтнууд Н.Энхбаярын улс төрийн тоглоомын хэрэгсэл биш ээ. Гэтэл одоо О.Цолмон хатагтай гуай их хатан Дондогдуламын хойд дүрээр өөрийгөө тодруулж Ерөөл хэмээх бурханы шашныг дэмжих санг байгуулсан нэртэйгээр Монголын ард түмнийг мунхруулж байна. Түүнд бүтэн цээжилсэн мэгзэм, тарни байна уу? Түүнийгээ тайлбарлах мэдлэг чадвар байна уу? Тэр тусмаа ард түмний шашин шүтлэгийг хувьдаа ашиглагч Н.Энхбаяр, О.Цолмон нараас ангижрах сэтгэл Монголын ард түмэнд байх ёстой. Цолмон Монголын Дондогдулам биш ээ.
Г.Энх
(улс төр 2005-06 сар)