Итали Монгол хоёр бол түүхэн түншүүд

Харин 1970 онд албан ёсны дипломат харилцааг тогтоосноос хойш 35 жилийг ардаа орхижээ. Энэ тэмдэглэлт өдрөөр манай улсаас Итали улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ч.Батжаргалтай уулзаж хоёр орны харилцааны талаар ярилцсан юм.

-Монгол Итали хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 35 жилийн ой болж байгаа ч гэсэн өнө эртнээс харилцаатай байсан гэдэг. Энэ талаар та тодруулвал?
-Монгол Италийн харилцааг аваад үзвэл их эртнээс улбаатай байдаг л даа. Энд голлож үзвэл МЭ 4-р зууны үед Хүннү нар Италид хүрч, баруун Европд нэлээд хүчтэй байсан үе байдаг. Ингээд 460-аад оны үед Хүннү нарын хаан Атилла 8 жил хаан байхдаа, тэр үеийн хамгийн хүчирхэг Ромын эзэнт гүрэнтэй тулж тэднийг айлгаж байсан. Энэ үндсэн дээр Ромын эзэнт гүрний Лионни хаан Атилла хаантай хэлэлцээ хийж Атилла хаан Хүннүчүүдийн довтолгооныг зогсоож байсан түүхтэй. Түүнээс хойш 13-р зууны үед Монголын Их хаадын дэргэд Ромын хамбын бие төлөөлөгчид ирж ажиллаж байсан. Үүнээс хамгийн удаан жил буюу 17 жил Хубилай хааны дэргэд байж Монголын тухай өргөн мэдээлэлтэй болсон Марко Поло гэж Италийн алдарт жуулчин байсан. Энэ хүн болоод Карпи нарын бичиж үлдээсэн түүх тэмдэглэл дурсамж Монгол Италийн хоорондын харилцааны төдийгүй Монголын үнэт түүх дурсгалын сурвалж болж үлдсэн байдаг. Үүнээс цааш аваад үзвэл Гүюг хаан Ромын их хамба ламд захидал бичиж европийн өөрийн харъяаныхаа улсыг дагуулан ирж монголд ирж ажиллахыг урьж урилга явуулж байсан. Газан хаан Ромын хамба ламд захидал бичиж тэр үеийн нийтийн дайсан байсан Момиликуудын эсрэг хамтран тэмцье гэж уриалж байсан гэх жишээтэй монголын улс төр, дипломатуудын түүхэнд холбогдох олон баримт бичгүүд бий. Энэ бүх бичиг баримтууд одоо Ватиканы нууц архивт хадаглагдаж байна. Энэ чиглэлээр судалгаа хийж байна.

-Манай түүхчид, судлаачид тэндээс очиж үзэж байсан болов уу?
-Хамгийн сүүлд манай эрдэмтэн Бирваа, Академич Содном гуай хоёр 2002 онд Италид очиж, нууц архивт нь нэг сар ажилласан. Эндээс нэлээд их эх сурвалж мэдээ болгож олж авчирсан сайн талтай. Бид судлаачдыг бэлтгэж, энэ архивт суулгаж зөвхөн хоёр улсын харилцаа төдийгүй монголын түүхэнд шинэ хуудас нээх боломж байгаа гэж бодож байна. Yүний тулд тэр архивуудын хоорондын хамтын ажиллагаанаас чухал үүрэгтэй.

-Манай хоёр орны хооронд харилцаа өнөөдөр ямар түвшинд байна вэ? Харилцаанд ямар гэрээ хэлэлцээрүүд хийгдэж байсан бэ?
– Үүнээс гадна манай хоёр орны харилцаанд улс төр харилцааны түвшин сүүлийн 4-5 жил нэлээд өндөр түвшинд гарч байна. Хоёр орны хоорондын харилцааг зохицуулагдахад 4-5 хэлэлцээр байгуулагдсан. Үүний дийлэнх нь хэрэгжиж байгаа. Орлогын хувийг давхардуулан ноогдуулахгүй байх. Татвар төлөхөөс зайлсхийхтэй тэмцэх конвенцид 2003 онд гарын үсэг зурсан. Италийн парламент батламжилах дутуу байгаа. Үүнийг хоёр тал, бизнес эрхлэгчид хурдан ажил хэрэг болгоосой гэж хүсэмжилж байна. 2003 онд монгол улсын ерөнхийлөгч Нацагийн Багабанди Итали улсад айлчилсан. 2003 онд парламентийн дарга төр барьж байхдаа Итали улсад айлчилсан. Монгол улсын гадаад хэргийн сайд, Yйлдвэр худалдааны сайд, Хөдөө аж ахуйн сайд, Дэд бүтцийн сайд зэрэг манай төр засгийн төлөөлөгчид айлчилж байсан. Энэ бүхэн цаашдийн хоёр орны харилцаанд улс төрийн харилцаанд зөв чиглэсэн зам мөр гаргах боломж гаргасан.
Италийн талаас 2003 онд айлчилсан Италийн гадаад яамны дэд сайдын айлчлал энэ харилцааг идэвхижүүлэхэд нэлээд үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Энэ айлчлалаас эхлээд улс төрийн хүрээнийхэн бизнес эрхлэгчдын хүрээнийхэн монголыг сонирхох нь улам нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор энэ 7-р сард Италийн бизнесийн томоохон төлөөлөгчид монголд ирэх гэж байна. Тэд Монголд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах, усний шинэтгэлийн бодлоготой холбоотойгоор усны бодлогыг ундны ус сийрэгжүүлэх , бэлчээр усжуулах, усалгаатай газар тариалан эрхлэх сум баг зэрэг жижиг төвүүдийг хангаж, цахилгааны асуудлыг шийдэх зэрэг хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх ажлыг хийх гэж байна. Мөн манай шинжлэх ухааны байгууллагуудын хооронд харилцаа нэлээд идэвхитэй явж байна. Монгол Италийн шинжлэх ухааны байгууллагуудын хамтарсан хүчээр 2002 оноос хойш Баянхонгор аймгийн Богд сумын нутагт хэрэгжиж байгаа төслийн хүрээнд Богд сумын төвийг тохижуулж цахилгааны асуудыг шийдэж шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бааз байгуулаад байна. Энэ хуулийн хөрөнгө оруулалтыг Италийн талын хоёр гурван бүс нутгийн санхүүжилтээр хийгдсэн. Энд нийтдээ 260 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ мэтчилэн ажилууд цаашид үргэлжилж байна. Энэ жил энэ төслүүдэд нэмж хөрөнгө оруулах, цаашид өргөжүүлэх үйл ажиллахаа явуулахаар санхүүгийн асуудлыг шийдлээ.
Мөн Италийн уулын судлалын хүрээлэнгийн төсөл нь манай ууланд амьдардаг болоод алслагдсан бүс нутагт байгаа малчид иргэдэд эмнэлгийн анхан шатны болоод нарийн мэргэжлийн тусламжийг цаг алдалгүй хүргэхэд зориулагдсан алсын зайн оношлогооны төсөл хэрэгжүүлэхээр санхүүгийн асуудлыг шийдлээ. Энэ бол хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан маш чухал төсөл.
Сая монгол Италийн засгийн газрын хоорондийг соёлын хэлэлцээрийн дагуу 2005-2008 онд хэрэгжүүлэх соёлын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Энэ төлөвлөгөөний дагуу манай соёл урлаг, спорт, шинжлэх ухаан, залуучуудын байгууллага, эрүүл мэндийн харилцаа нэлээд урагшлах төлөвтөй байгаа. Суралцах залуусийн тоо өсөх, Монгол судлалыг Италид хөгжүүлэх шинжлэх ухааны хамтарсан судалгааг хийх, энэ судалгааг Италийн талын сонирхсон салбарт биш монголын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд монголын хөгжилд хувь нэмэр болохуйц монголын талын ашиг сонирхолд нийцүүлсэн салбаруудыг тохиролцож оруулсан. Үүнээс гадна архивын талын оновчтой хамтын ажиллагаа кино телевиз, мэдээллийн байгууллагуудын хоорондын харилцаа, солилцооны чиглэлээр бас төлөвлөгөө тусгагдсан байгаа. Бид урьд өмнө соёлын төлөвлөгөөг шинэчилж батлаад хариуцаж хэрэгжүүлэх тодорхой эзэнгүйгээр нэлээд зүйл хаягдаж байсан. Тэгвэл одоо энэ төлөвлөгөөг БСШУЯ-тай хамтарч холбогдох эзэдтэй хугацаанд нь хэрэгжүүлэх талаар нэлээд анхаарал тавьж ажиллаж байна.
Түүнээс гадна энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх асуудлыг монголын талын онцлогийг харгалзан үзэж хэрэгжүүлэх талаар бид бас санал тохиролцоонд хүрсэн.

-Ойрын үед хоёр орны харилцаанд ямар томоохон арга хэмжээнүүд болох бол?
-Ирэх 9-р сард Монгол Италийн гадаад яамдын хоорондын улс төрийн зөвлөл дэхь уулзалт болно. Энэ яамдын улс төрийн захирлуудын хэмжээнд болно. Уулзалтын хүрээнд Монгол Италын засгийн газар хоорондын хамтарсан комиссыг хуралдуулах товыг тогтох, энэ комисийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тохирох гол зорилго болж байгаа. Нөгөө талаас харилцаагаа дүгнэж, цаашдаа ямархуу байдлаар харьцах вэ гэдэг талаар нэлээд өргөн санал солилцох төлөвлөгөөтөй байгаа. Үүн дээр Италийн гадаад бодлогод Азийн чиглэл их онцгой байр суурь эзлэх болж байна. Ийм учраас Ази тив Италийн гадаад бодлогын онцгой байдлын хүрээнд нь монгол улсыг сонирхуулах чиглэлээр эдийн засаг худалдаа бизнесийн ажил зохион байгуулах ажил төлөвлөгдөж байгаа. Үүн дээр нийтэд нь аваад үзвэл 35 жилийн хугацаанд хийсэн зүйл нэлээд бий. Цаашдаа хийх юм их гарч байна. Ирэх жил Итали улс байгуулагдсаны 60 жил, Монголд тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ой болно. Тиймээс энэ арга хэмжээг нэлээн өргөн хүрээнд Итали улсад тэмдэглэх бодолтой байгаа.
Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтаад 11 сарын 25-нд Ром хотноо Азийн өдөр-ийг зохион байгуулах юм. Энэ азийн өдрийг хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран зохион байгуулахдаа бага хуралтай уялдуулж зохион байгуулна. Тэр үеээр Азид явуулах бодлогынхоо талаар Өнөөгийн байдал хэтийн төлөв гэсэн дугуй ширээний ярилцлага зохион байгуулна. Энэ арга хэмжээнд монгол улсын гадаад хэргийн сайд Мөнх-Оргилыг урьсан юм. Урилгыг хүлээн авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байгаа. Энд бол Азид явуулах Италийн онцгой бодлогыг нэвтрүүлэх, энэ чиглэлээр юу хийж болох вэ гэдгийг ярилцлагын үеээр тодорхой мэдэж болох ёстой байгаа.

-Манай орны хувьд Италитай гадаад харилцааны аль чиглэлийг илүү их барьж ажилладаг юм бэ?
-Гадаад бодлогын хувьд Италийг Европийн холбооны улсын үүднээс авч үзэж байгаа нь манай гадаад бодлогын тэргүүлэн чиглэлийн нэг гэж үздэг. Энд Италийг эдийн засаг худалдааны түнш гэж үзэж байгаа. Италийн хөрөнгө оруулалтыг авах, Италийн техник технологийг илүү эзэмших чиглэлийг үйл ажиллагаандаа явуулна гэж боддог. Нөгөө талаас олон улсын байгууллага олон талт ажиллагааны чиглэлээр болоод европийн холбоонд монгол улсын үйл ажиллагааг дэмжүүлэхэд Италын нэр нөлөөг ашиглахад нэлээд боломжтой гэж энэ чиглэлийг гадаад бодлогынхоо зарчим болгож ажиллаж байгаа. Нөгөө талаар Итали улс Азид явуулах онцгой бодлого гэж баримталж байгаа. Энэ бодлогын хүрээнд ялангуяа Хятад улсын зах зээлд Итали улс их өргөн хүрээтэй орж ирж байна. Энд уул уурхай, олборлолтын салбарт хөрөнгө оруулалт маш их хийгдэж байна. энэ чиглэлээр бодлогод нь Монгол улсыг хамруулж сонирхуулах чиглэлээр бид бодлогодоо бид тодорхой байр суурь болгож байна.

-Манай хоёр орны харилцаанд хүндрэлтэй асуудал байдаг уу?
– Манай хоёр орны хоорондын харилцаа дандаа дардан замаар яваад байсангүй. 1990 ээд онд үүссэн хоёр орны өрийн асуудал харилцаагаа цаашид ахиулахад тодорхой хэмжээгээр саад болж байгаа. Одоо Тэсогийн өргөтгөлийн асуудлаар гарсан өрийг багасгах талаар өнөөдөр АНУ д хоёр тал уулзаж хэлэлцээр хийж байна. Булигарын үйлдвэрийн талаар гаргасан өрийн асуудлыг манай банк санхүүгынхэн Бээжинд очиж Италийн талтай хэлэлцээр хийгээд ирсэн. Ер нь ойрын үед өрийн асуудал шийдэгднэ гэж найдаж байна. Тэгвэл харилцааны дараагийн 35 жилийг эхлүүлэх, харилцаагаа улам өргөжүүлэх, шинэ байдлаар ажиллах боломжтой болж байна.

-Италийн тал манай улсын аль салбарыг илүүтэй сонирхож байна?
-Өнөөгийн Итали бол манайтай эдийн засаг салбарт хамтран ажиллах сонирхолтой байна. Яагаад гэхээр Итали Монголын талд тааруулчихсан гэмээр өндөр технологитой улс байна. Италийн технологоор боловсруулсан монголын түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах чиглэлээр манай хоёр бизнесийн хүрээнийхэн хамтран ажиллах боломжтой. Энэ чиглэлээр нэлээд их сонирхол байгаа. Ялангуяа миний дурьдсан групп ирж ажиллах ноос боловсруулах, оёмол сүлжмэл нэхий, савхин эдлэл, гар урлал чиглэлээр хамтран ажиллах нэлээд сонирхолтой байдаг. Энэ чиглэлээр ч хүмүүс цаашдаа нэлээд их Италийн бизнес эрхлэгчид ирэх байх гэж найдаж байна. Мөн энэ чиглэлээр хоёр талын хөрөнгө оруулалттай хамтарсан үйлдвэр ч байна. италийн 100% хөрөнгө оруулалттай үйлдвэр ч монгол үүд хаалгаа нээгээд ажиллаж байна. Манай онгон тансаг байгаль, хөрсөн доорх баялаг, МАА-н гаралтай түүхий эд, түүх архилоги, палинтлогийн их олдворууд ялангуяа Италиудын сонирхолыг их татаж байгаа. Италид палинтлогийн олдвороор үзвэр гаргасныг маш их сонирхдог. Чингис хааны холбоотой үзэсгэлэн хоёр удаа гарсан. Сүүлийн үед Италийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр монголын тухай баримтат кино их гардаг болсон байна. Одоо Монголын Ингэн нулимс кино гарч Италчуудыг байлдан дагуулж байна гэхэд болохоор байна.
Тэнд Монголыг сурталчлах ажил их хийгдэж байна. Харамсалтай нь бид биш тэд үүнийг хийж байна даа.

-Аялал жуулчлалын салбарт хоёр тал хэр анхаарал хандуулж байна вэ?
Аялал жуулчлал Итали орон өөрөө аялал жуулчлалын орон. Улсын төсвийг бүрдүүлэгч нэг зүйл нь аялал жуулчлал байдаг. Тэгэхлээр хоёр орон аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой. Өнгөрсөн онд бас Италийн жуулчид их олноор ирнэ гэсэн байгаа. Энэ жил ч их байна гэсэн мэдээ байдаг. Би сая Италаас ирэхдээ онгоцны буудал дээр хүмүүстэй уулзаж байхад энэ жил монгол руу явах суудал 6-9 сарын эхний хагас хүртэл дүүрэн байгааг мэдлээ. Италаас маш их хүн явж байна гэсэн мэдээлэл авсан. Үүнээс үзэхэд Италиаас ирэх жуулчдын тоо нэлээд их өсөж байгаа юм. Итали бол манай улсын хувьд аялал жуулчлалын нөөц орон байх болно.

-Монгол Итали хоёр хэр хол орон юм бол?
-Хоёр орон газар нутгийн хувьд хол боловч ард түмний зан заншил хүмүүсийн ааш ариншин юманд хандах хандлага тун ойрхон. Нөгөө талаас соёл түүхийн хувьд их ойрхон. Түүхэн түншүүд юм.

-Манай хүмүүс ч гэсэн Итали орныг ихээхэн сонирхож байгаа байх. Гэвч визийн асуудал хэр хүндрэлтэй байдаг юм бол?
Манай хувийн албаны ямар ч шугмаар айлчлах гэж байгаа хүмүүст буцах тохиолдлууд байна. энэ виз авахад учирч байгаа бэрхшээлийг арилгах талаар Италын гадаад яамны албаны хүмүүстэй ярилцсан. Энэ талаар зарим шийдэлд удахгүй хүрэх байхаа.

-Баярлалаа. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд улам их амжилт хүсье
-Монгол Италийн харилцаанд гар бие, сэтгэл зүрхээрээр оролцож явдаг олон түмэнд 35 жилийг тохиолдуулж баярын мэнд дэвшүүлээд энэ харилцаагаа улам өргөн болгож идэвхийтэй хөгжүүлэхэд та бүхэн урьд урьдаас илүү сэтгэл зүрхээ гаргаж оролцоосой гэж хүсэж ерөөл дэвшүүлье?

Ж.Алтантуяа

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button