Бидний цөөхөн монголчууд гэцгээх муу ёр

Тэднийг цөөн хүн амтай гэж хэн ч басамжлан гадуурхдаггүй бөгөөд өөрсдөө ч бидний цөөхөн… гэж өөрсдийгөө дорд үздэг тухай бид дуулж сонсоогүй билээ. Биднийг бас хэн ч цөөхөн монголчууд хэмээн нүд үзүүрлэдэггүйг бид харин сайн мэднэ. Харин ч харийнхан манай улсыг уудам дэлгэр нутагтай, онгон тансаг байгальтай, хүн ам нь өндөр боловсролтой, залуусын орон гэж ирээд л магтацгаадаг шүү дээ. Үүний нэгэн нэн шинэхэн нотолгоо бол Япон улсын Нагоя хотноо нээгдэн ажиллаж байгаа олон улсын ЕХПО -2005 үзэсгэлэнгийн Монголын хэсгийн нээлт дээр Японы төрийн нэгэн томоохон хүн Монгол Улс бол… тийм тийм газар нутагтай… тийм тийм баялагтай агуу том улс юм гэж хэлсэн үг бөгөөд та бид үүнийг цэнхэр дэлгэцээрээ харж, үзсэн шүү дээ.
Манайхны Бидний цөөхөн монголчууд гээд байгаа нь зөвхөн эдийн засгийн өнөөгийн байдлыг бодон манайх бага буурай орон гээд байдаг нөгөө л муу ёрлосон сэтгэлгээтэйгээ адил нэг хавтгай дөрвөлжин километр газар нутагт ногдох хүнийхээ тоог л гол үзүүлэлт болгоод буйтай холбоотой юм. Манайх энэ үзүүлэлтээр үнэхээр бага нь үнэн бөгөөд хоёр хавтгай дөрвөлжин километр нутаг дээрээ 3 хүн л зогсож байгаа билээ. Хэрэв манайх манайхаас 3-50 дахин бага нутагтай Франц, Унгар, Польш, Англи, Итали, Герман, Австри, Бельги мэтийн улс шиг жижиг нутагтай байсан бол энэ үзүүлэлт ихээхэн өөр болно доо. Ийн бодвол зөвхөн энэ үзүүлэлтээр л өөрсдийгөө бидний цөөхөн монголчууд гэж муу ёрлон халаглаад байгаа нь угтаа хэмжээгээрээ дэлхийд 190 гаруй улсаас 17-д ордог уудам нутгаараа бахархах биш харин тэр сайхан нутгаа ад үзээд байгаа хэрэг болох биш үү. Өнөөдөр дэлхий дээр нэг хавтгай дөрвөлжин км нутагтаа 10-аас доош хүн амтай Казахстан /5,4/, Оман /9,4/, Саудын Араб /8,5/, Туркменистан /9 /, Исланд /2, 5/, Орос /9/, Ангол, /9/, Конго /7,7/, Ливи /3,2/, Мавритан /2,4/, Боливи /5/, Гайана /3,9/ Суринам /3/ Папау -Шинэ Гвиней /9/ зэрэг 20-иод улс байна. Эдгээр улсаас Орос, Казахстан хоёроос бусад нь газар нутаг өчүүхэн багатай бөгөөд тэдгээр улс хэрэв манайх шиг нутагтай бол манайхаас ч сийрэг хүн амтай байх сан билээ.
Энэ мэтийг эргэцүүлэн бодоод бидний цөөхөн хэмээн муу ёрлохыг эгнэгт болихсон. Эс тэгвэл өөрсдийгөө ийнхүү цөөхөн гээд байвал нэг л мэдэхэд үр хүүхэд, ач зээ нар маань бид угаасаа цөөхөн, хүчгүй улс гэж уруу дорой үзэлтэй болж, харийнхан эд цөөхөн юм, сул ядуу юм гэсэн байр сууринаас харьцдаг болчих вий гэсэн айдас төрнө. Бас амны энэ муу бэлэг ашдын муу бэлэг болон ямар нэг шалтгаанаар хүн ам маань өсөхгүй, өсөхгүйгээр барахгүй цөөрөх вий хэмээн бүр ч ихээр айна. Энэ үгийг хэлдэг хүмүүс монгол хүн цөөн юм, улам цөөн болог гэсэн муу санаа, муу ёроор хэлдэггүй, харин бид цөөхүүлээ шүү, эвтэй, эетэй байцгаахгүй бол болохгүй шүү гэсэн санаагаар юм уу, бид цөөхөн тул бие биенээ танина, ийм болохоор нүгэл хийхгүй шударга байцгаая гэсэн санаагаар хэлдэг нь ойлгомжтой байдаг. Гэхдээ энэ зөв сайхан санааг огт өөрөөр, сайн бэлэгтэй, үнэн бодитой нээрээ л тийм дээ гэмээр үгээр хэлж болох билээ. Юу гэвэл бид нэг л үндэстэн, нэг л хэлтэй, нэг л соёлтой, нэг л шашинтан. Энд би Нэг л гэдэг үгийг хэлэхдээ өөр хэлтэй өөр шашинтай казахын ард түмнийг үгүйсгээгүй бөгөөд энэ түмэн монгол үндэстэнтэйгээ нэгэн туургын дотор, нэгэн дээврийн доор олон жил эв түнжинтэй амьдарч байгаа түүхэн үнэнээр түрээ барьж зааггүй бахархам сайхан хувь заяаг гол болгон бидний цул монголчууд, бидний нэгдмэл монголчууд,бидний олон монголчууд гэх мэтээр нэрлэн, чухамхүү ийм учраас эв эетэй байх, шударга ариун байх тухайгаа ярьж заншвал юутай сайн бэлэгтэй сайхан билээ.
Өвгөд дээдэс минь олон хошууд, олон ноёд, олон түмэн ард, олон мэргэд гэх мэтээр хүнтэй холбоотой ойлголт бүрийг зориуд олшруулан нэрийдэн ярьдаг байсан нь тэдгээрийнхээ олон болохын тухайд бэлэгшээсэн амны сайн бэлэг байснаас ашдын сайн бэлэг оршин бид өнөөдөр хүн амынхаа тоогоор 60 гаруй улсыг ардаа орхисон улс гүрэн болсон байна. Бас их Д.Нацагдоржийн маань монголын үрс маш олон болтугай гэсэн тарни мэт ерөөл бат оршсон байна. Нийгэм хувьсан өөрчлөгдөж эхэлсэн 90-ээд оноос хүүхэд төрөх нь эрс багассан үед миний бие нийслэлийнхээ гудамжаар намбайтал төв ихэмсгээр алхаж яваа нэгэн сайхан бүсгүйг олж хараад сэтгэл ихэд хөдлөн догдолсноос
Жирэмсэн бүсгүй чамайг хараад би
Жигтэйхэн догдолж сэтгэл ихээр цэлмэв
Ямар ч үйлсийг хамжаад хэнээс ч дуталгүй
Яралзуулчих залуус олшрох нь хэмээн баясав… гэж бичсэн сэн. Бидний цөөхөн монголчууд гэж үглэцгээх нь муу ёр. Түүнийг амны муу бэлгээс ашдын муу бэлэг хэмээн цээрлэлтэй. Бид цул монголчууд. Бидний олон монголчууд хэмээх нь амны сайн бэлгээс ашдын сайн бэлэг болохын учир хэвшилтэй.

Д.Данзан.

2005.07.2, Бөх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button