Алтайн хязгаарын дуулиан
Хэргийг 25 настай Ц.Хадбаатар гэгч үйлдсэн бөгөөд тэрээр өөрийн эхнэр, түүний эгч, хадам эцэг, эхийгээ 7-22 удаа хутгалж хөнөөсөн юм.
Ч.Лодойдамбын Тунгалаг тамир романд алдаршсан Засагт ханы хөх эрчүүдийн нутагт долоо хоног томилолтоор ажиллах хэрэг гарсан юм. Ийн ажиллах боломж олгосон Монголын ноос ноолуурын холбоонд юуны өмнө талархлаа илэрхийлэх ёстой болов уу.
Жилдээ зургаан удаа буюу тэгш тоотой саруудад нээгддэг Бургастайн хилийн боомтод хэсэгхэн хугацаагаар ажиллах чиг авсан манай баг Улаанбаатараас АН-24 онгоц хөлөглөн Говь-Алтай аймгийн төв Алтайг зорьсон. Манайх хэмээх тодотголтой багт Говь компанийн ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер Наранцэцэг, ТЕГ-ын ажилтан Мөнхжаргал нар багтсан. Үнэндээ бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж явсан гэхэд болно.
Бургастайн боомтоор анхны боловсруулалт хийгдээгүй их хэмжээний ноолуур хууль бусаах хил нэвтрэх гэж байна гэсэн мэдээллийн дагуу бидний баг хяналт тавихаар, бодит байдалтай газар дээр нь нүдээр үзэж танилцахаар очсон хэрэг л дээ. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын үйлдвэрүүд, дотор газрын наймаачид малчдын гар дээрээс ноолуурыг үнэ хүргэн авч эндээ үйлдвэрлэл явуулахгүйгээр хил давуулан Хятад руу зөөвөрлөдөг нь нэгэнт ил болсон зүйл. Гэхдээ анхан шатны боловсруулалт хийсэн гэж нүд хуураад ихэвчлэн боловсруулаагүй тэр чигээр нь тонн тонноор нь сэм хуйвалдан гаргаж орхидог гэмтэй. Хэдэн жилийн өмнө тогтоосон жишгээр нэг кг ноолууранд 4000 төгрөгийн албан татвар төлөх ёстой ч, гаалийн мэдүүлгэндээ авч гарч байгаа ноолуурын хэмжээг үнэн зөвөөр тусгаж, татвараа төлдөг хүн гэж байхгүй гэхэд хилсдэхгүй. Улсад тушаах тэр мөнгөнийхөө оронд хэн нэгэн танил талдаа хэлээд аргалж өгөхийг хүсч, хэдэн төгрөг халаасанд нь хийгээд өнгөрөхийг л урьтал болгодог хачин зантай. Энэ бүхэнд нь хил гаалиасаа эхлээд хууль хяналтынхан нь бүгд хамааралтай болчихсон байдаг. Чухамдаа энэ гинжин урвал хэрхэн өрнөдгийг тана-дахаар Бургастайд нээгдсэн түр боомтыг зорьсон нь тэр.
Нэгэнт Алтайн хязгаарыг зорьсон болохоор Нэг сумаар хоёр туулай буудах завшаан олдсоныг хэлэмгүй өнгөрч боломгүй санагдана. Учир юу гэхээр Говь-Алтай аймгийн Бугат суманд 25 настай залуу хадам эцэг, эх, өөрийн эхнэр болон эхнэрийнхээ төрсөн эгчийн амь насыг зэрлэгээр хөнөөчихөөд УАЗ-469 машинаар зугатаж, ууланд бүгсэн хэрэг гараад удаагүй байсан юм. Тиймээс өөрийн сонины газраас болсон хэрэг явдалтай газар дээр нь танилцах, боломж олдвол хэрэг үйлдсэн залуутай уулзах давхар томилолт авч, энэ тухайгаа ЦЕГ-ын зохих хүмүүст дуулгаж, зөвшөөрөл авчихаад аяны замд гарсан. Тэр нь ч зөв болсныг очоод л шууд мэдэрсэн. Тийм болохоор аян замын тэмдэглэлээ аймгийн цагдаагийн хэлтсээс эхлэе гэж бодсон юм.
Очиж үзээгүй шинэ газар бүр сонин байдаг. Алтайд онгоц газардсаны дараа аймгийн төвийг нь нэлээд зайтай болов уу гэж бодож байтал төд удалгүй төвд нь давхиад буучихсан. Бидний түр буудалласан буудал маань аймгийн. цагдаагиин хэлтсийн чанх өөдөөс харсан байрлалтай. Ердөө арваадхан алхаад л хүрчих газар. Буудалд төвхнөж ч амжилгүйгээр шууд Цагдаагийн хэлтсийг зүглэв. Их л сониучирхан гадаад байдалтай нь танилцлаа. Тэр хавьдаа л хамгийн дэгжин нь гэж хэлж болохоор гурван давхар барилгатай, саяхан засвар хийсэн болов уу гэмээр өнгө будаг сайтай харагдана. Мөн хашаан дотор нь нарлаж хэвтэх монгол банхрын төрхтэй хар нохойг эс тооцвол нүдэнд торох элдэв хоггүй маш цэвэрхэн. Бас аймагтаа л анхдагчид тооцогдох сауны газрыг эднийх нээжээ. Хашаанд нь байх нийтийн бие засах газар нь хүртэл цэвэрхэн юм билээ.
Даргыг нь сураглалаа. Одоохон ирнэ хэмээн үүдний жижүүр хэлсэн бөгөөд бид хоёрын яриа тасалдаж амжаагүй байхад гаднаас залуухан хошууч орж ирсэн нь Цагдаагийн хэлтсийн дарга Д.Манлайбаатар байсан. Түүнтэй уулзаж зорьж ирсэн учраа хэлж, танилцлаа. Бас ярилцлага хийлээ. Миний сонирхсон хэргийн талаар тэр ярихдаа Ард олонд сэрэмжлүүлэг болгож хэлж байгааг минь ойлгоно биз дээ гэж дахин давтан сануулж байсан. Эдний хамт олон гар нийлж ажилласны хүчинд сүүлийн хоёр жил хагасын хугацаанд нийт гэмт хэргийн гаралтыг 63,1 хувь бууруулсан амжилттай ажиллаж байгаа аж. Өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж байгаа Говь-Алтай аймгийн Цагдаагиин хэлтэс 2004 онд ЦЕГ-ын хэмжээнд улсын тэргүүний байгууллагаар шалгарсан байна. Энэ хамт олны амжилтаас цухас дурдахад иймэрхүү.
Нэгэн гал голомтыг тэр чигээр нь самарч орхисон залуугийн харгис хэрцгий үйлдэлтэй давхцаад хоёр ч хүн амины хэрэг гарчээ. Тэр бүрийг тэр дор нь аймгийн цагдаагиин хэлтсийн ажилтнууд цаг алдалгүй илрүүлсэн байх жишээтэй. Үүнийг сонсоод сэтгүүлч З.Алтайн Мексик оронд хийсэн Үүргэвчтэй аялал нэвтрүүлэг өөрийн эрхгүй санаанд буусан юм. Гэмт хэргийн бүлэглэлд өртөх магадлал өндөртэй гэж анхааруулдаг Мексикт гудамжинд халдлага болж, хэн нэгнийг буудаж орхих нь энүүхэнд гэсэн. Гэтэл хаана л бол хаана тааралдах бүрэн зэвсэглэсэн цагдаа нартай энэ оронд гарсан гэмт хэргийн илрүүлэлт дөнгөж нэг хувьтай байдаг гэж сонсоод үнэхээр гайхсан. Харин манай жижигхэн орны хязгаар нэгэн аймагт гэмт хэргийн илрүүлэлт үүний эсрэг 99 хувьтай байх магадлалтай юм шиг санагдсан шүү.
Аймгийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Манлайбаатартай уулзаж байхдаа дөрвийн дөрвөн хүний аминд хүрсэн залуутай уулзуулж өгөхийг хүссэн. Гэтэл энд жаахан саад гарсан л даа. Юу гэвэл цагдан хорих байрны даргаа Цагдаагийн дарга нь саатуулан хорьчихсон байхтай таарчихсан юм. Цагдаагийн байгууллагын харьяаллаас гарч, Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны харьяанд очсон сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих байрны дарга хошууч Н.Сандагаа нь согтуугаар машин жолоодож яваад хүн мөргөж, хүнд гэмтэл учруулаад хэргийн газраас зугатаж одсоныг аймгийн цагдаагийнхан илрүүлснээр урьдчилан хорих байрны дарга өөрөө хоригдсон нь тэр байв. Өөрийн үйлдсэн хэргийг нуун дарагдуулахыг оролдсон Цагдан хорих байрны даргын машинд мөргүүлсэн 47 настай Н.Даваахүүгийн биеийн байдал тухайн үед тун муу байсан ба дотуур цус алдсанаас хэвлийн хөндийгөөс нь гурван литр цус авсан байсан.
Гэр бүлийнхнийг хүйс тэмтэрсэн хэрэгтнийг аймгийн цагдаагийн хэлтсийнхэн баривчилж авчраад хорьчихсон байв. Ярилцахын тулд түүнээс өөрөөс нь бас зөвшөөрөл авах шаардлагатай болсон. Харин тэр миний саналыг зөвшөөрөөгүй. Буцаад ирэхдээ уулзах болзолтойгоор би цааш хил рүү явсан юм.
ХАМГИЙН ХАРГИС КИНО Ч ҮҮНИЙ ДЭРГЭД ЮУ Ч БИШ
Тэр өдөр чухам юу бол сон юм бол. Яагаад ийм хэрэг гарах болов гээд өчнөөн олон асуулт хариултаа хүлээж хөвөрсөөр өдийг хүрсэн. Аймшигт хэргийг дурангаар харсан цор ганц гэрч Даваахүүгийн мэдүүлснээр, хэргийн газрын анхны үзлэг, хэрэг үйлдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээс аллага болсон газрын дүр зураг тодрох болов уу. Хэргийн газарт аймгийн цагдаагийн хэлтсийн дарга, хошууч Д.Манлайбаатар, аймгийн ерөнхий прокурор Энхтөр нараар ахлуулсан 29 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллажээ.
Авсан мэдээлэлдээ үндэслэн хэргийн талаар товч дурдая. Бугат сумаас урагш 45 км-т байрлах Бич гэдэг газар энэ хэрэг гарчээ. Тэр газар нь хааш хаашаагаа уулаар хүрээлэгдсэн гол дагасан хөндий аж. Хэрэг гардгийн урьд өдөр буюу зургадугаар сарын 10-нд эднийх буурь сэлгэж нүүх болжээ. Одоо хэрэгтэн болоод байгаа Ц.Хадбаатар тухайн үед эхнэрийн хамт хадмуудтайгаа амьдардаг байж. Малаа туугаад хөдөлсөн нүүдлийг дагаж явна хэмээн түүний эхнэр хэлснээс болж тэд хоорондоо маргаж. Ингээд нөхөр нь дийлж, мотоциклоо асааж эхнэрийгээ сундлаад явж байхдаа хээр бууж зодоод зүүн гарыг нь гэмтээсэн байна. Үүнээсээ айхдаа мотоциклийнхоо гэрлийг хагалж, замдаа онхолдсон гэж хэлнэ шүү хэмээн авгайдаа захиад гэртээ иржээ. Тэдний үгэнд бүгд л итгэсэн аж. Харин 11-ний өглөө гэрт нь ирсэн эхнэрийнх нь ах Батбаяр Хадбаатар аа, чи онхолдсон юм уу. Хар багаасаа мотоцикль унасан чи ийм тэгшхэн газар онхолддог нь хачин юм даа гэсэн утгатай үг хэлчихээд яваад өгсөн аж. Үүнээс сэжиг авсан хадам нь Чи тэгвэл миний охиныг зодсон байх нь гэж хүргэн рүүгээ агсарчээ. Энэ явдал өглөөний есөн цагийн орчимд болжээ. Тэгмэгц нь Ц.Хадбаатар хоёр гартаа хутга барьж босч ирээд хадам эцэг болох С.Дагвыг хоёр хутгаараа ээлжлэн хутгалж эхэлсэн байна. Хадмаа унамагц цустай хутгаа долоож Ингэж өс авдаг юм хэмээхэд нь гэрт байсан бүсгүйчүүд болох хадам ээж Г.Бурцаг, хадам эгч Д.Цэцгээ, эхнэр Д.Отгон нар нь гарч зугатжээ. Энэ үед түүний хоёр нас хоёр сартай охин гэрт байсан байна. Тэднийг зугатмагц Ц.Хадбаатар араас нь мориор хөөж, бүгдийг нь хутгалан алжээ. Тэгэхдээ хадам эхийгээ долоон удаа, эхнэрээ 15, эгчийгээ 17, хадам аавыгаа 22 удаа хутгалсан байх жишээтэй. Шархны гүн нь 3-15 см, ихэнхдээ хоёр суга, ар нуруу руу нь хутгалсан байна.
Тэнд байсан хүмүүсийг ингэж хүйс тэмтэрчихээд гэрийг шатаажээ. Хэн хэн нь хамаатан садан олонтой улс бөгөөд саахалт хэртэйд нутагладаг байсан бололтой. Гэр шатахыг хараад ирсэн талийгаач Дагвын дүү Түмэннасан иржээ. Хадам эцгийнхээ дүүг харсан Ц.Хадбаатар түүнийг ч мөн алахаар заналхийлж, мотоциклиэр элджээ. Хөөж гүйцэлгүй чулуун хэрэгсүүр дээр гаргачихаад Танай эхнэр хүүхдийг ална гээд гэр рүү нь явж. Гэрт нь очоод эхнэр Цунцармааг нь барьцаалан авч мотоцикльдоо сундлан замдаа цогцоснуудыг үзүүлж явсаар хадам эцгийнхээ цогцсон дээр ирж буулгаад 20 тоолохын дотор толгойг нь тасал. Таслахгүй бол чамайг хүүхэдтэй чинь ална гэж заналхийлэн тулган шаарджээ. Гэнэтийн цочролд орсон бүсгүй тэр дор нь нөхрийнхөө ахын толгойг тасдаад алуурчинд өгчээ. Тэгмэгц нь таслагдсан толгойг гэрийн шатсан нурам руу шидэж орхисон байна. Тэгээд бүсгүйг мотоцикльд суулган Нөхөр дээр чинь очиж чамайг хамт ална гээд хөдлөхөд нь замд нь тэр эмэгтэй үсэрч буугаад амь мултарчээ. Энэ бүх үйлдлийг хийж явахдаа учир мэдэхгүй нялх охиноо авч явсан байх юм.
Түүний энэ харгис үйлдлийг хонио явганаар хариулж явсан Даваахүү хоёр км-ийн орчмоос дурангаар харж байсан ба үйлдэл дууссаны дараа цагаа харахад 15.55 болж байсан гэнэ.
Энэ бүгдийг сонсоод ирсэн ах нарыгаа тайвшруулах гэхэд нь үгэнд ороогүй бөгөөд ах Лхагважаргалынхаа унаж явсан УАЗ-469 машиныг булаан авч уул руу зугатжээ. Тэгэхдээ мотоциклиэр нэхсэн улсыг эргэж дайрах гэж хөөж элдэн улмаар эхнэрийнхээ ах Батбаярын ирэх замыг тосч, алахаар заналхийлжээ. Золоор тэр нь ирээгүй байна.
Ингээд ууланд гарсных нь дараа төрсөн ах нар нь цагдаагийнханд тусалж, ухуулга хийсээр түүнийг ямар нэг эсэргүүцэлгүй баривчилжээ. Харин тэр өөрөө цагдаад хэлэхдээ Энэ хооронд өөрийнхөө амийг егүүтгэх хугацаа надад зөндөө байсан. Гэхдээ би ямар хэрэг хийснээ мэдэж байгаа болохоор төрийн гэсгээл хүртэж, төрөөрөө цаазлуулах гэж бодсон юм гэжээ. Ийм аймшигт хэргийг тэр үйлдсэнээ хүлээгээд байгаа.
Ц.ХАДБААТАР ГЭЖ ХЭН БЭ?
Ийм асуулт аяндаа гарч ирнэ. Цолмонгийн Хадбаатар 25 настай. Бугат суманд төрж өссөн. Бага боловсролтой буюу зургадугаар анги төгссөн. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Цэргийн албыг хилийн цэргийн …р ангид Улаанбаатар хотод хаажээ. Цэргээс ирээд мал маллаж байгаад өнгөрсөн оны есдүгээр сард Өвөрхангай аймгийн хилийн отрядад хилчин жолоочоор ажиллаж байгаад ажлаасаа гарч нутагтаа буцаж ирээд удаагүй байж. Ажлаа яагаад гарсан шалтгаан нь тодорхойгүй. Эцэг эхээс есүүлээ. Тэр өөрөө отгон хүү нь аж. Багш нарынх нь тодорхойлсноор зургадугаар анги төгстлөө сурлага сайтай хүүхэд байсан гэнэ. Ялангуяа тооны хичээлд гайгүй байж.
Гэр бүл болоод жил гаруй болж байгаа, хоёр ойтой нэг охинтой.
Урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд 2004 оны есдүгээр сард авгайнхаа төрсөн дүүд хутгалуулаад цагдаагийн байгууллагад өөрөө хохирогчоор шалгагдаж байжээ. Ц.Хадбаатарыг хутгалсан эхнэрийнх нь төрсөн дүү шүүхийн шийдвэрээр 30 хоног баривчлагдаад суллагдаж байсан байна. Ц.Хадбаатарыг ийм зэрлэг балмад үйлдэл хийхэд хүргэсэн зүйл нь олон сар дамжсан угшмал өс хонзонгоос үүдэлтэй гэж урьдчилсан байдлаар дүгнээд байгаа юм байна.
Хил дээр тав хоног ажиллаад буцахдаа Ц.Хадбаатартай уулзсан. Намайг аймгийн цагдаагийн болон шүүхийн төлөөлөлтэй хорих байранд нэвтэрч орсны дараа тун удалгүй түүнийг дагуулж ирсэн. Эрээн ноосон цамц, хөх өнгийн өмд өмсч хромон гуталтай тэр залуугийн харц юуг ч илэрхийлэхгүй гөлийж орхисон харагдана лээ. Харин нүд нь нойргүй хоносон болов уу гэмээр улаан хүрээ татсан байсан. Гар нь гавтай. Цамцных нь зүүн мөр оёдлоороо ханзарчихсан байсан. Түүнээс Ямар нэг зүйл хэлмээр байна уу гэхэд Би юм ярихгүй ээ гэсэн. Чамд боломж олгож байна шүү дээ гэхэд Өмгөөлөгч авсан. Намайг юм яриад хэрэггүй гэсэн. Би юу ч хэлэхгүй гэв. Чи эхнэртээ хайргүй байсан юм уу? Түүнийг амьд үлдээж болоогүй юм уу? Охины чинь ээж шүү дээ гэхэд над руу нэг том харснаа санаа алдаад дуугаралгүй өнгөрнө лээ. Ярих эсэх нь тэр хүний эрх болохоор түүнийг орхиод л гарсан. Энэ бүхний эцэст хэлсэндээ хүрч хэрэгтэнтэй уулзуулсан цагдаагийн даргад талархсанаа хэлмээр байна.
Манай тусгай сурвалжлагч Н.САРАНЧИМЭГ
Үргэлжлэл бий
(өдрийн сонин 2005-07-04 161)