Олон нийтийн радио, телевизийг хэн удирдах вэ?

. Энэ ажлын хүрээнд Олон нийтийн радио, телевиз (ОНРТ)-ийн Үндэсний зөвлөлд санал болгох нэр дэвшигчдийг Төрийн бус байгууллагуудын анхдугаар чуулганаар сонгон шалгарууллаа. Хуульд зааснаар хоёр үе шаттайгаар явагдах сонгон шалгаруулалтын эхнийх нь ийн тодорлоо. ОНРТ-ийн Үндэсний зөвлөл 15 гишүүнтэй байхаар заасан. Төрийн бус байгууллагуудын чуулганаар хэлэлцээд гурван салбарт өрсөлдсөн 60-аад хүнээс нийт 34 хүнийг шалгаруулж, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт танилцуулахаар болжээ. Үүн дотроо Ерөнхийлөгч, Засгийн газарт тус бүр найм, УИХ-д есөн чиглэлээр нийт 18 хүний нэр дэвшүүлж байгаа аж. Гэхдээ гурван салбарт танилцуулж санал болгосон 34 хүнээс 15 нь шигшигдэж үлдэх юм. Ерөнхийлөгч, Засгийн газар тус бүр дөрөв, УИХ долоон хүнийг л хүлээн эөвшөөрөх ёстой. Нийгмийн хамгаалал, сэтгүүл зүйн салбарт хамгийн олон өрсөлдөгч байсан гэнэ. Одоогоор нэр нь тодроод байгаа 34 хүнийг ОНРТ-ийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх, энэ салбарт юм хийх хүмүүс гэж сонгосон байна. Нэр дэвшигч тус бүрийн бичил мөрийн хөтөлбөр гэгчтэй нь танилцаж, ОНРТ-ийн хуулийг хэрэгжүүлэх тухайн хүний үзэл баримтлалыг сонссоны үндсэн дээр щалгаруулжээ.
Эхний шатнаас шалгарагсдад Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Элчин сайд асан Д.Цахилгаан, УИХ-ын гишүүн асан Н.Содномдорж, яруу найрагч Т.Галсан, МЗХ-ны гүйцэтгэх захирал Х.Чилаажав, кино найруулагч Г.Жигжидсүрэн, Сонгуулийн хорооны Р.Бурмаа, Хан-Уул дээд сургуулийн захирал Ц.Дэмбэрэл, Байгаль орчны төрийн бус байгууллагуудын ерөнхийлөгч Батболд, Сонины холбооны Р.Хадбаатар, Хатагтай эмнэлгийн Отгонболд, банкнуудын холбооны ерөнхийлөгч Цэрэнпүрэв, бурханч лам Г.Пүрэвбат, Монгол телевизийн Г.Золжаргал, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, асашёорюү Д.Дагвадорж нарын 34 хүн багтжээ.
Өнөөдөр болох хэвлэлийн бага хурлаар тэдний нэрийг зарлаж, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт өргөн мэдүүлэх юм байна.

Н.САРАН
(өдрийн сонин 2005-07-04 161)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button