Б.Цогоо Онгоц оруулаад ир, МИАТ дэмжихэд бэлэн
Монголын сонин хэвлэлд нэг ч удаа сэтгэлээ нээгээгүй энэ сонирхолтой эрхэм анхны ярилцлагаа манай сэтгүүлчийн тавьсан асуултуудад дэлгэрэнгүй хариуллаа.
-МИАТ-ын шинэ захирал хэн гээч ямархуу эрхэм болохыг олон түмэн мэдэхийг хүсч байна. Гэтэл та чамгүй хугацаа өнгөрсөн ч ил гарч ирсэнгүй. Яагаад тэр вэ?
-Шинэ ч гэж дээ ажил аваад одоо бараг найман сар болж байна. Энэ бас ч гэж бага хугацаа биш. Бараг л ажилд томилогдсон өдрөөс л миний талаар Цогоо гэж хэн бэ гэж эхлээд л янз бүрийн сонингоор янз янзаар хэд хэдэн удаа бичсэн шүү дээ.
Ил гарахын хувьд гэвэл ер нь хүмүүсийг ажил хий үр бүтээл гарга л гэж тодорхой ажилд томилдог байх гэж би бодож байна. Түүнээс биш олон нийтэд таниулах, реклам маягийн юм хий гэж тавьдаггүй байх. Би энэ талаар бодсон ч юм алга. Ажил хийгээд үр дүн гаргавал аяндаа мэдэгдээд, нэр ус нь гараад олны танил болох л байх. Гэхдээ ажиглаад байхад манай монголчуудын гэх юмуудаа нэг онцлог бол хүнийг ажил сайн ч хийсэн муу ч хийсэн, үр дүн гаргасан ч гаргаагүй ч, боловсролтой ч боловсролгүй ч хамаагүй аль болох муу талаас нь бичих сонирхол нь давамгайлдаг. Нэн ялангуяа ямар нэгэн сонгууль дөхөөд ирэх юмуу аль эсвэл ямар нэг төрийн өмчит томоохон байгууллагын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийх болохоор ёс зүй, хэм хэмжээгээ, замбараагаа алдах юм. Хамгийн аюултай нь хамгийн чадварлаг, ажилсаг, үр бүтээлтэй, үнэнч шудрага, гайгүй хүмүүсээ муулахыг нь яана. Энэ ч бас аргагүй ч юм шиг. Өөрсдөө чадахгүй болохоор муулахаас биш яахав. Ийм учраас таны асуусан ил гарахын тухай асуудлыг ч гэсэн хүмүүс өөрийн эрхгүй бодох ёстой болж таараад байгаа юм. Тэртээ тэргүй хар талыг голлож бичдэг, мэдээлдэг юм чинь, ажил хийж ямар нэгэн үр дүн гаргаж байгаа л бол тухай бур түүнийгээ олон нийтэд мэдээлж л байх болоод байгаа юм.
-Та аль нутгийн хүн бэ. Өссөн орчин, төгссөн сургууль, эзэмшсэн боловсрол гээд жаахан дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна?
-Би Ховд аймгийн хүн. Ховд аймгийн Мөст суманд Даян пангийн Цагаанчулуут гэдэг газар төрсен. Малчин айлын хүүхэд. Багаасаа мал маллаж байгаад 1965 оны намар ээжийнхээ оёж өгсөн ногоон даавуун цунх үүрч, 5 ээлжийн цагаан цуу ямбуун дотуур хувцас ганзагалан, 3 тэмээ аргал ачиж аваад ааваа дагаад гэрээсээ гарснаас хойш сум, аймгийн бага, дунд сургууль, гадаадын дээд сургуульд сурч 1981 онд төгсөж ирсэн. Гэрээсээ гарсан өдрөөсөө эхлээд дээд сургууль төгсөж диплом авч дээд боловсролтой инженер болтлоо нийтийн байранд амьдарсан. Энэ бол миний номын мөр хөөж боловсрол эзэмших үеийн ахуй минь юмдаа. сургуулийн дотуур байр гэдгийг сонгомол утгаар нь мэддэг хүн гэж өөрийгөө боддог. Yүгээрээ би бахархдаг. Байрныхаа гадна талын довжоон дээр сууж цагаан халаад өмссөн хүн гарч ирж дун үлээхийг хүлээж сууна. Дун үлээнгүүт тоос татуулан уралдаж очиж очерлон, хоололндоо орно. Өвлийн улиралд заримдаа чернилээ өвөртөө хийж гэсгээж байгаад гэрийнхээ даалгавраа хийж аваад унтана. Энэ болгоныг яриад байвал дуусахгүй. Тэр үеийн сумын сургуулийн дотуур байранд амьдарч байсан бараг хүүхэд болгон ийм амьдралыг туулж өнгөрөөсөн. Хэдийгээр ийм нөхцөл ахуйд амьдарч байсан ч гэсэн би Ховд аймгийн төвийн нэгдүгээр 10 жил, Харьков хотын Инженер-эдийн засгийн дээд сургуулийг онц төгссөн хүн. Инженер-эдийн засгийн хос мэргэжилтэй. Москва хотод мэдээллийн технологи, программчлалын асуудлаар техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Сургууль төгссөнийхөө дараа өндөр хөгжилтэй нэлээд хэдэн оронд урт, богино хугацааны тусгай курст сурч мэдлэг, мэргэжил, боловсролынхоо түвшинг дээшлүүлсэн. Бүх Энэтхэгийн удирдлагын нийгэмлэгийн /AIMA*All India Management Assosion/ шугамаар мөнежмөнтийн асуудлаар алсын зайн сургалтад 1989-1993 онуудад 4 жил сурч төгесөн. Энэ бол монголчуудын хувьд бараг анхны алсын зайн сургалт байсан байхаа. Полийн дээд сургуулийн ректор байсан манай улсын нэртэй эрдэмтэн, шилдэг мөнежерийн нэг Д.Бадарч бид хоёр сурсан юм. Би нэлээд олон жил эрдэм шинжилгээний байгууллагад ажилласан хүн. Миний зохион бүтээж хийсэн автоматжуулсан систем, бичсэн программ одоо 10 гаруй оронд хэрэглэгдэж байгаа. Мөнежмөнт, мэдээллийн технологи, эдийн засгийн чиглэлээр бичсэн 40 гаруй бүтээл маань Монгол, Япон, Энэтхэг, Орос зэрэг хэд хэдэн оронд хэвлэгдсэн.
-Өөрийг тань бараг монголд амьдраагүй, харийн хүн гэх нь халаг ярьж бичиж байсан ?
-Иймэрхүү юм бичсэн. Би сүүлийн есөн жил Москва хотод ажиллаж байсан. 1995 онд боловсролын яамны сайдын тушаалаар Москва хот дахь Шинжлэх ухаан техникийн мэдээллийн олон улсын төвд Монгол Улсаас суух төлөөлөгчөөр дөрвөн жилийн хугацаагаар томилогдон явсан хүн. Дунд нь нэг удаа монголын талын хүсэлтээр хоёр жилээр нэг удаа сунгасан. Энэ байгууллага нь уул нь СЭВ гэж байхад үүсэж бий болсон үндсэндээ тэр системийн байгууллага. 1965 онд байгуулагдсан. Уг олон улсын байгууллагын анх үүсгэн байгуулсан таван орны нэг нь Монгол Улс байдаг юм. Хэд хэдэн тийм байгууллага байж байгаад СЭВ тарснаас хойш ихэнх нь татан буугдаж байхгүй болсон. Харин энэ төв статусаа өөрчлөн шинээр хөрөнгөтөн орнууд нэгдэж орж улам өргөжсөн. Одоо гишүүн 18 орон байна. Уг олон улсын байгууллагад гишүүнээр элсэн орох өргөдлөө Засгийн Газар нь өргөн бариад хүлээж байгаа гурван орон байгаа. Уг байгууллага ингэж өргөжөөд байгааг мэдээлийн технологийн ач холбогдолтой холбож үзэж болох талтай.
Миний сунгасан хугацаа дуусахад тус олон улсын төвийн удирдлага намайг дахин хэдэн жил уг байгууллагад ажиллахыг хүссэний дагуу 2005 он дуустал ажиллахаар болсон. Би уг байгууллагын ерөнхий мэргэжилтнээр ажиллаж байгаад 2004 оны 10 дугаар сарын эхээр монголд ирсэн. Москвад ажиллаж амьдарч байхдаа монголын нийгэм, эдийн засгийн талаарх мэдээллийг өдөр тутам авч боловсруулж судалж боловсруулдаг байсан. Энэ нь миний ажлын нэг хэсэг байсан. Ер нь гадаадад сууж байгаа хүмүүс эх орондоо юу болж байна гэдгийг байнга сонирхож байдаг бөгөөд мэдээлэл сайн авдаг. Зарим тохиолдолд монголд ажиллаж амьдарч байгаа хүмүүсээсээ ч илүү мэдээлэлтэй байдаг.
-Улсынхаа 18 аймаг, 230 гаруй сумдад бүгдэд нь нислэг үйлддэг, жилдээ 800 мянган зорчигч тээвэрлэдэг, олон мянган хүний аж амьдралыг авч явдаг үндэсний цорын ганц авиа компани МИАТ-ын алтан үе өнгөрч, гандан буурч байна гэх юм. Энэ үгийн хариуд та юу хэлэхсэн бол?
-МИАТ ХК компани өнөөдрийн байдлаар түрээсийн Айробус-310, Боинг-737 маркийн хоёр том онгоц, АН-24 маркийн нэг онгоцоор гадаадын таван орны долоон хот дотоодын таван аймагт нислэг үйлдэж байна. Нэг АН-26 маркийн онгоц Орост их засварт байгаа, наймдугаар сарын эхээр засвараас гарна. Одоо аймгуудад нисэж байгаа АН-24 маркийн онгоцын нислэгийн цаг их бага үлдсэн. Одоо нисэж байгаа хувиараараа нисвэл долдугаар сарын сүүлчээр дуусч уг онгоц нисэх боломжгүй болно. Үүний оронд засварт байгаа АН-26 онгоцоо нисгэх бодолтой байгаа. Ан-26 онгоц их засвараас 5000 нислэгийн цагийн нөөцтэй гарч ирэх бөгөөд онгоц маань өөрөө харьцангуй залуу учир хугацааны хязгаарлалтад орохгүйгээр 10 жил нисэх боломжтой.
МИАТ ХК онгоцны парк шинэчлэлтийн асуудал сүүлийн зургаан жилийн хугацаанд дөрвөн удаа Засгийн газарт тавигдсан боловч гол нь хөрөнгө мөнгөний асуудлаас болоод шийдэгдэж чадаагүй.
Орон нутагт нисч байгаа нислэгийг нийгмийн захиалгат үйлчилгээ гэж үздэг. Ийм учраас төрийн өмчит үндэсний цорын ганц авиа компани гэдэг утгаараа орон нутгийн нислэгээс алдаж байгаа алдагдлыг МИАТ ХК нуруун дээрээ үүрч явдаг. Сүүлийн гурван жилийг аваад үзэхэд л орон нутгийн нислэгээс жил бүр дунджаар 2.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж түүнийгээ гадаадын нислэгээс олсон орлогоосоо нөхөж ирсэн байна. Нэгэнт авиа компанид алдагдалтай учраас Ирландын мөнежмөнтийн баг орон нутгийн нислэгийг зогсоож орон нутагт ажиллаж байсан хүмүүсийг ажлаас нь халах тухай шийдвэр гаргасан байсан. Ард түмнээ унаагүй явган болгохгүйн тулд уг шийдвэрийг хүчингүйд тооцож онгоцныхоо боломжоор дотооддоо нислэг үйлдэх шийдвэр гаргаад нисэж байна. МИАТ ХК, Иргэний Нисэхийн Ерөнхий Газар, Аэромонгол компани харилцан ярилцаж зохицуулалт хийж нислэгийнхээ чиглэлийг тодорхойлон нисэж байгаа. Хувийн хэвшлийн компани манай орны нөхцөлд тохирсон онгоц оруулж ирээд нислэг үйлдэх бодлогыг МИАТ ХК дэмжиж хамтран ажиллахад бэлэн байгаа. МИАТ ХК компани ч орон нутаг олон улсын нислэг үйлдэхэд зориулсан дунд оврын 30-60 хүний суудалтай онгоц оруулж ирэх асуудлыг судалж хөөцөлдөж байгаа. Худалдаж авах боломжгүй нөхцөлд түрээсээр ч гэсэн аваад нисэх боломжийг судалж байна. Тодорхой хэмжээний цаг хугацаа шаардсан ажил.
Бид саяхан Хятадын Хайнан Айрлайнз компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Уг компани нь Хятадын компани боловч удирдлага нь европынхон байдаг. Өөрөөр хэлбэлевропын хөрөнгө оруулалттай, европ мөнежмөнттэй компани. Хятадын авиакомпаниудаас сайн мөнежмөнттэй компанид тооцогддог.
Онгоцны паркийн асуудал зөвхөн орон нутагтай холбогдож яригдаад байгаа юм биш. Монголд ирэх сонирхолтой гадаадын хүмүүсийн тоон сүүлийн жилүүдэд өсөж байгаа цаашдаа ч ихээхэн өсөх хандлагатай байна. Гадаадад нислэг үйлдэж байгаа хоёр онгоц маань ч хүрэлцэхгүй. Айрбас онгоцыг санхүүгийн түрээсээр ашиглаж байгаа бөгөөд хугацаа нь 2008 онд дуусна. Хугацаа нь дуусангуут нэг америк доллараар монгол худалдан авч өөрийн өмч болгох нөхцөлтэй. Харин Боинг-737 онгоцыг үйл ажиллагааны түрээсээр ашиглаж байгаа бөгөөд ашиглалтын гэрээний хугацаа нь мөн л дуусна. Тухайн үед уг онгоцыг буцааж өгөх үү апь эсвэл үргэлжлүүлэн түрээслэх үү гэдэг асуудлаа шийдэх юм.
-Мэдээж тантай өмнөх үеийнхний алдаа оноог хэлэлцэх нь утга муутай хэрэг болно. Гэхдээ Ирландын мөнежмөнтийн баг хэр ажилласан юм бэ. Ирландаас тэтгэвэрийн хэдэн хөгшин ирээд манай МИАТ-ыг баллаж хаясан гэх юм. Дундыг барьж бөөрөнхийлөлгүй үнэнээр нь дүгнэчихээч ?
-Ирландын баг сайн муу ажилласан гээд л янз янзаар яриад л байдаг. Миний хувьд сайн ажилласан эсвэл муу ажилласан гэж зарчмын дүгнэлт гаргаж чадахгүй, гаргадаг хүн нь ч биш. Нэгэнт уг багаас ажил авсан хүний хувьд ажил авах үед МИАТ ХК компанийн санхүү, эдийн засгийн болон нислэг үйлдвэрлэлийн байдал ямар байсныг ажил хүлээлцсэн акт баримт материалын үндэслэн л хэлж чадна.
Юуны өмнө тайланд МИАТ ХК-ыг 2004 онд гурван тэрбум төгрөгний ашигтай ажилласан бичсэн байгаа. Ашигтай ажилласан гэдгийг нарийн сайн судлаад үзвэл үйл ажиллагаа сайжирч технологи, үйлчилгээний чанар дээшилснээс олсон ашиг биш харин гол төлөв хэмнэлт байгаа нь харагдана. Гэхдээ гарсан ашиг нь татварын өмнөх гэсэн тодотголтой байгаа. Төлөх естой боловч Ирландын баг тухайн үед нь төлөөгүй татварыг хасвал 280 сая орчим мөнгөн хөрөнгийн хомсдолтой компани хүлээн авсан. Тэр татварыг бид ажил авангуут нөхөн төлж эхэлсэн бөгөөд одоо овоо цэгцрээд байгаа. Мөн гадаадын зарим нислэгийн маршрут, нислэгийн цаг өөрчлөгдсөн байсан. Орон нутгийн нислэгийг зогсоож орон нутагт ажилладаг МИАТ ХК-ний төлөөлөгчдийн ажлаас нь халах тухай шийдвэр гаргасан байсан. Энэ бол буруу шийдвэр байсан гэж бид үздэг.
Сайн зүйл ч байгаа. Тухайлбал, хөнгөлттэй тийз олгодог, элдэв шалдав хандив, гуйлга, өглөг өгдөг байсныг багасгасан байгаа. Шуурхай мэдээллийн системийг сайжруулсан гээд олон шинэлэг зүйл нэвтрүүлснийг ч хэлэхгүй орхиж болохгүй. Бид нэвтрүүлж ашиглаж байсан дэвшилттэй сайн зүйлүүдийг үргэлжлүүлэн ашиглах, аль болох баяжуулж сайжруулахыг бодож ажиллаж байгаа.
-Ер нь МИАТ ХК-ыг дэлхийн авиа компаниудтай харьцуулбал ямархуу түвшний компани юм бэ?
-Саяхан Монголд нисэх хүчний байгууллага үүсэж хөгжсөний 80 жилийн ой болсон. Энэ бол үнэн чанатраа МИАТ компаний түүх. Түүхэн он жилүүдэд янз янзын нэртэй байсан. Үнэхээр олон жилийн түүхтэй компани. Монголын бүх аймаг, бараг бүх сумуудад өдөрт хэдэн арван нислэг үйлдэж байсан, туршлагатай компани. Олон сайхан чадварлаг өндөр мэргэжлийн нисгэгч, инженер техникийн ажилчидтай сайхан хамт олон. Онгоц нь л байдаг юм бол хаа ч нисэж чадна, юу ч хийж чадна. Монголын нисгэгчдийг чадвартай гэж хүмүүс ам дамжин ярьдаг нь зүгээр ч нэг хий хоосон яриа үндэслэлгүй сул үг биш байхаа. Өнөөдрийн хувьд гэвэл онгоцны паркын хүндрэлээс болоод асуудал үүсээд байгааг хүн болгон ойлгох байх гэж найдаж байна. Нисэхийн 80 жилийн ойгоор Аэрофлотмын Захирал ноён Окуловаас ирсэн захианд МИАТ ХК бол дэлхийн түвшинд нэгэнт хүрсэн туршлагатай, чадварлагхамтолонтой компани гэж тодрхойлсон байна лээ. Миний ойлгож байгаагаар энэ д үгнэлт бол ганц хүний үг биш ОХУ-ны Аэрофлот компаний дүгнэлт байхаа гэж бодож байна. Ер нь тэгээд муу хамт олон гэж байдаггүй, муу удирдагч гэж байдаг гэдэг байх аа.
-Одоогийн МИАТ-ыг хувьчилж авах, хувааж идэх сонирхол бүхий бүлэглэл үүд тойрчихоод ажиллахад тун хэцүү, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймэлдэж байна гэж нэг сонинд бичжээ. Байдал тийм ноцтой байгаа хэрэг үү?
-Энэ худлаа. Хүмүүс нь хийдэг ажлаа хийгээд л нисдэг онгоц нь нисээд , байдаг юм нь байдаг газраа байх ёсоороо байж байгаа, байх ч болно. Гардаг проблем гардгаараа гараад, шийдэгдэх нэг нь шийдэгдэх журмаараа шийдэгдээд явж л байна. МИАТ ХК-ийг хувьчлахын хувьд бол засгийн газрын хувьчлалын чиглэл баримтлалд орсон асуудал. Хувьчлах нь зүйтэй юу гэвэл зүйтэй. Хувьчлалын бэлтгэлийг нь сайн хангаж байгаад төр хувьчилдаг журмаараа л хувьчлана шүүдээ.
-Үл мэдэх ноёнтон таныг үл бутэх хүн болгоод баахан биччихсэн байх. Манай хэвлэлийнхэнд гомдолтой байна уу?
-Буруу зөрүү худлаа, ташаа зохиомол юм бичиж суугаа хүмүүсийг л өрөвдөх юм даа. Байнга тийм юм бичье гэж бодож суусаар үндсэн ажил нь тийм хандлага зорилготой болчихвол тэр хүмүүс ирээдүйгүй болно ш үү дээ. Тийм учраас л өрөвдөж байна гээд байгаа юм. Зохиолчийн хувьд ч сайн зохиолч юм шиг байгаа юм. Сонинд гомдоно гэж ямар юм байхав. Харин хүн муу хэлэх, сенсаци мэдээ гаргах замаар борлуулалтаа нэмэгдүүлж тав арван төгрөг олж байгаа сонин бол тааруухан л сонин байж таарна шүү дээ. Нөгөө талаас ийм худлаа буруу мэдээлэл нь хүмүүст, нийгэмд буруу ойлголт төрүүлдэг муу талтайг сонин ч, хувь хүмүүс ч анхаарахгүй байж бас болохгүй.
-Өөрөө Г.Батхүү сайдын найз юм аа даа. Зарим хэвлэлүүд ч энэ тухай хөндөж, хардаж амжсан байх ?
-Г.Батхүү бид хоёр оюутан цагийн найз. Надад олон сайхан найзууд байгаа. Г.Батхүүг сайд болохоор л бичээд байдаг байх. Сайд ч бай, ажилчин ч бай найз л бол найз. Хэвлэлийнхний бичихээс айгаад найзуудаа танихгүй болчихолтой нь биш дээ. Би хүнийг дарга, сайд болохоор, баян тарган болохоор найзлаад, ядуураад ч юмуу дордоод ирэхээр нь тоохгүй хаядаг хүн биш. Үүнийг миний бүх найз, нөхөд мэднэ.
-Социализмын үеийн Орос оронд боловсрол олсон таны үеийн сэхээтнүүд одоо Монголын Улс төр, бизнесийн ертөнцийг авч явж байх шиг байна. Та санал нэг байна уу?
-Санал нийлнэ. Тэр үед боловсрол эзэмшсэн хүмүүсийн чадвар үнэхээр өндөр. Энэ нь олон юман дээр харагддаг. Тэр үед боловсролын системийн шаардлага их өндөр байсан. Хатуужсан, нухлагдсан сайн мэргэжилтэн гаргаж байсан. Социализмын нэг давуу тал бол өндэр чанартай бүтээгдэхүүн бэлтгэн гаргадаг боловсролын системтэй байсанд оршдог гэхэд хэлсдэхгүй байх.
-Та яагаад улс төрд ороогүй юм бэ?
-Би гадаадад олон жил болсон. Боломжийнхоо хирээр улс төрийн амьдралд оролцож байсан. Цаашдаа ч оролцоно.
-МИАТ-ын нислэг цагаасаа хоцрох нь хэвийн үзэгдэл болсон талаар хүмүүс их шүүмжилдэг. Одоо энэ байдал өөрчлөгдсөн үү?
-МИАТ-ын нислэг цагаасаа хоцрох нь хэвийн үзэгдэл болсон гэдэгтэй санал нийлэхгүй. Харин ч цагтаа нисэж байгаа. Ганц нэг удаа саатал гардаг, гаралгүй яахав. Цаг агаар, техникийн саатал, хил гааль, зорчигчийн саатал гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Дээр дурдсан хүчин зүйлээс болж гарсан саатал болгон МИАТ-ын нэрээр гардаг. Онгоц нь манайх тэгээд ч МИАТ гэдэг энэ дөрвөн үсгээс бүрдсэн үг нисэхийн хонхорын бренд нэр болохоор арга ч үгүй юм даа.
Бид аль болохоор саатал гаргахгүйн төлөө ажилладаг. Үнэндээ манай үйл ажиллагаанаас болж саатсан саатал бага байгаа. Үйл ажиллагаанаас болж гараад байгаа аливаа саатлыг болж өгвөл гаргахгүй, бүр болохгүй бол аль болох бага гаргаж байхын тулд нисэх төв буудал, байцаан өнгөрүүлэх, гааль, МИАТ олон удаа уулзаж санал бодлоо солилцож, цаашид хэрхэн яаж хамтран ажиллах талаар ярилцсан. Сүүлийн үед бие биенийхээ ажлыг ойлгож, бие биенээ хүндэтгэж, бие биендээ туслан хамтран ажиллаж байгаа гэж би ойлгож байгаа.
-Бас онгоцонд гэнэтийн гэмтэл байн байн гарч үйлчлүүлэгчдийг бухимдуулж байсан. Энэ дутагдал арилсан уу?
-Үе үе саатал гарах тохиолдол байдаг. Огт саатал гарахгүй байна гэдэг баталгаа хэн ч өгөхгүй. Өгөх ч үндэсгүй. Онгоц бол түвэгтэй нарийн техник гэдгийг хүн бүхэн мэднэ. Техник үйлчилгээ, хяналтыг олон давхар нарийн процедураар хийдэг. Аль болох саатал гаргахгүйгээр нислэг-үйлдвэрлэл явуулахын тулд бид бүхэн хичээн зүтгэж байгаа. Берлиний чиглэлд нисэх гэж байсан Айрбас-310 маркийн онгоцонд гарсан техникийн дутагдлын талаар МИАТ-ын онгоцонд гал гарлаа, онгоц шатлаа матлаа гээд баахан сүртэй сүржигнэсэн мэдээ гарч шуугиан тарьсныг та бүхэн мэднэ. Үнэн хэрэг дээрээ гал гарсан ч юм байхгүй, онгоц шатсан ч юм байхгүй. Агаар хөргүүрийн системийн нэг транзистор гэмтээд түүнээсээ болж дулааны даралт нэмэгдэж халуун агаараар үлээснийг л ингэж бичсэн шүү дээ.
-Танай 80 жилийн ой болж өнгөрсөн. Сэтгэгдэл тань ямархуу байгааг сонсмоор байна?
-Монголд нисэх хүчний байгууллага байгуулагдсаны 80 жилийн ой бол нисэхийн салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан хүмүүс нисэхийн салбартай амьдрал хувь заяагаа холбосон хүмүүсийн баяр болсон. Нийт ард түмэн маань ч их өргөн тэмдэглэж өнгөрүүллээ. Баярыг угтаж олон сайхан арга хэмжээ зохиосон. Эдгээр арга хэмжээ үндсэндээ нисэхийн ойг тохиолдуулан тодорхой ажил хийж үр бүтээл гаргахад чиглэгдсэн. Тухайлбал МИАТ ХК Нисгэчдийн дууг мөнхжүүлж Буянт-Ухаад хөшөө босгосон. Үүнийг хийхдээ бид цаашдаа энэ газар нь нисэхийн салбарын задгай музей, үзмэрийн талбар болно гэж бодож эхний шавыг нь тавьж байгаа юм.
-Буянт-Ухаагийн хууччуул ойн талаар ямар дүгнэлттэй байна. Тэр адармаатай хөгшдийн юу ярьж хэлэх сонин байж болох юм?
-Ихэнх настайчуул маань ам сайтай байгаа. Бид ахмад настай хүмүүсээ тусад хүлээж авч уулзан санал бодлоо солилцсон. Алдрын танхим байгуулж ахмадууддаа үзүүлсэн, тэдний сэтгэлийг баясгасан ажил болсон. Санал бодлоо солилцож байхад тэдний санаа зовж байдаг хэд хэдэн асуудлыг хөндөж ярьж байдаг. Юуны өмнө онгоцгүй боллоо гэдэг асуудал байдаг, онгоцны парк хуучирсантай холбогдуулж техникийн бэлэн байдал, нислэгийн аюулгүй байдалд санаа зовж явдгаа ярьж байдаг, мөн МИАТ ХК-ний хувьчлалын асуудлыг их сонирхдог.
Б.ГАНЧИМЭГ
(өдрийн сонин 2005-07-04 161)