Р.Федерерийн ноёрхлыг хэн зогсоож чадах вэ

Энэ жилийн тэмцээн өнгөрсөн жилүүдийн нэгэн адилаар тун сонирхолтойгоор болж өнгөрсөн бөгөөд эхлээд эмэгтэйчүүдийн тэмцээний талаар та бүхэндээ цухас дурдъя. Эмэгтэйчүүдийн хагас шигшээд Америкийн шилдэг тамирчин, дэлхийн чансааг манлайлан оролцож буй Линдсей Дэвенпорт Францын шилдэг теннисчин Амели Моресмог ялсан бол эгч Венус Уилльямс өнгөрсөн жилийн аварга Мария Шараповаг хожин дүүгийнхээ өнгөрсөн жилийн хариуг чангахан авсан юм. Ингээд шигшээд Америкийн хоёр бүсгүй тунан үлдлээ. Уг тоглолт эхнээсээ л тун өрсөлдөөнтэй боллоо. Эхний сетийн тоглолтыг цагаан арьст америк бүсгүй 6-4 өөр тэргүүлсэн бол хоёр дахь сетийн тоглолтыг хар арьст америк бүсгүй тун хүнд байдлаас тай-брейкээр буулгаж авсан юм. Ингээд шийдвэрлэх 3 дахь сетийн тоглолт гарсан. Уг 3 дахь сетийн тоглолт тун өрсөлдөөнтэй 9-7ын харьцаагаар эгч Венус Уилльямс хожсноор 3 дахь удаагаа Уимблдоны цомыг гардлаа. 2000, 2001 онд түрүүлснээсээ хойш түрүүлээгүй байсан, Уимблдоны тэмцээнд 2000 оноос хойш хамгийн муу чансаагаар тоглосон /№14/ Венус ялалтандаа ч итгэж өгөхгүй байсан. Энэ тоглолт 2 цаг 45 мин болсон нь Уимблдоны түүхэн дэх хамгийн удаан финалын тоглолт болсон юм. Давенпортын ялагдалд түүний ужиг гэмтэл нь бас нөлөөлснийг дурдъя.

Харин эрэгтэйчүүдийн төрөл олонхийн таамгаас нэг их зөрсөнгүй. Гэмтэлтэй Марат Сафинаас бусад төлөвлөгдсөн лидерүүд дээр гарч ирсэн юм. Шөвгийн 4-т үлдсэн Рожер Федерер, Томас Йоханссон, Энди Роддик, Ллейтон Хьюитт нарыг өдгөө цагийн шилдэг теннисчид гэхээс яалтай. Шигшээд өнгөрсөн жилийн Уимблдоны финалд үлдсэн Рожер Федерер, Энди Роддик нар дахин үлдлээ. Тоглолтын эхэнд Роддик ялах чин эрмэлзлэлтэйгээр тоглосон ч Федерерийн өмнө аргагүй л хүчин мөхөсдлөө. 2 дахь сетэд Роддик Федерерийн давуулалтыг өөрийн болгосон ч энэ боломжоо ашиглаж чадсангүй, улмаар тай брейкээр хожигдсон нь тоглолтын хувь заяаг ерөнхийд нь шийдсэн гэхэд болно. Федерер яалт ч үгүй илүү байлаа. Ийнхүү 6-2, 7-6 (7-2), 6-4 –ын харьцаагаар 24 настай Швейцари залуу ялж өөрийн кареер дахь 3 дахь Уимблдоны цомыг гардлаа. Уг тоглолт 1 цаг 41 минут үргэлжилсэн.. Энэ тэмцээнд түрүүлснээр тэрээр зүлгэн гадаргуутай талбай дээр өөрийг нь гүйцэх тамирчин байхгүй гэдгийг харуулж чадлаа. Нэгэн жишээ л дурдахад тэрээр өвсөн дээр 36 тоглолт дараалж ялагдаагүй байна. Уимблдоны чансаагаараа түүний дараа бичигдсэн Хьюитт, Роддик нартай тэр аль алинтай нь тоглож, тэдэнд нэг ч сет өгсөнгүй илт давуу хожлоо. Одоогийн тоглогчдоос Федерертэй ойрхон өрсөлдөх теннисчин хараахан алга мэт. Марат Сафины нэрийг дурдаж болох ч гэмтэл бэртэл, тогтворгүй тоглолт гээд тэр бүр өндөр амжилт гаргахгүй нь. Рожер Федерер элитүүдийн ангилалд нэгэнт оржээ. Өдгөө түүний үе эхэлсэн гэдэгтэй хэн ч маргахгүй боллоо. Роддиктой хийсэн тоглолтын дараа Рожер Федерер Энэ тоглолт миний амьдралын хамгийн шилдэг тоглолт боллоо гэж хэлсэн байна.

Ингээд та бүхэндээ тэмцээний үеэр болсон зарим нэгэн баримтуудыг сонирхуулъя.

Уимблдоны гол онцлогуудын нэг гүзээлзгэнэ энэ жил өмнөх жилүүдийг бодвол харьцангуй их зарагдлаа. 28000 кг зарагджээ. 6 сарын 22-д болсон хямдралаар 20000 шил зарагдаж рекорд тогтоосон байна.
Энэ жилийн Уимблдон мөн нэг өдөрт хамгийн олон хүн цугласнаараа рекорд тогтоосон. 2004 онд нэг өдөрт 37261 хүн цуглаж байсан бол, энэ жил 6 сарын 23-д 42268 хүн хүрэлцэн иржээ.
Нийт 20000 тасалбар зарагдсан.
Энэ жилийн Уимблодоныг өнгөрсөн жилүүдийг бодвол телевизээр маш олон хүн үзжээ. Тухайлбал английн тамирчин Энди Мюррэй, Дэвид Налбандян нарын тоглолтын үеэр 9.3 сая хүн телевизээр үзэж сонирсон байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button