Хүүхдүүд гийнгоолоход морьд хурдална

манлайж ирэхэд нь мэлмэрч суудаг монгол уяачид хулгийнхээ шандсыг харж эхэллээ. Хүй долоон худгийн Цагаан хөтөл-д өнгөрсөн ням гаригт гал болж гарсан уяачдын дунд сунгаа боллоо. Наадмын дэнж дээр хурд хэрхэх багцааг дунд сунгаагаар тандана ч гэлцдэг. Тиймээс энэ сунгаа хурдны судлыг нэрлэдэггүй юмаа гэхэд уяа сойлгын ур ухааныг харуулах нь мэдээж. Архангай аймгаас уяач Алтанхуяг нутагтаа аман хүзүүдчихдэг үрээтэйгээ иржээ. Дунд сунгаанд амжиж ирсэн боловч урьд шөнө буудалласан болохоор морьдоо амраах гэсэн үү оролцсонгүй. Дараагийн их сунгаанд уралдана гэж ярьж байв. Эр улс сэтгэл нийлээд нэг уяа болж морьдоо сойдог. Нутаг нуга, удам угшил, уяа сойлгынхоо эв аясаар нэгссэн хурдны ухаантнуудыг нэгэн гал гэлцдэг билээ. Зууны манлай тод манлай уяач гавьяат малчин Д.Даваахүү, Улсын начин манлай уяач Ц.Дуламсүрэн, алдарт уяач Н.Жанчив, сайд асан Д.Нямдаваа зэрэг олноо танигдсан уяачдын галынхан сунгаанд морьдоо давхиуллаа. Эхлээд 12 км-т азарга сунгалаа. Монгол даатгал компанийн захирал Н.Жаргалсайханы даатгал хээр, тод манлай уяач Д.Даваахүүгийн урт чихт, Иточу корпарацийн Монгол дахь компанийн захирал Н.Энхбатын жигүүр хээрийн өнгө их сайхан байв. Харин их насанд Ажнай Д.Бат-Эрдэнийн согоо хээр, Бурхан Халдун группын Мөнхдашийн оодон хээр цээжинд харагдана. Өнөө жилийн хувьд зуншлага гайгүй газрын гарц сайн. Нэг насны сунгаанд ойролцоогоор 100 гаруй морьд уралдаж байгаа аж. Тоос манарган давхих хурдан туурайтантай зэрэгцэн жип машинууд давхилдана. Барагцаагаар тоолж үзэхэд 50 гаруй жип байв. Машинуудын дунд Засгийн газрын дугаар ч мэр сэр харагдана билээ. Уяачид машиныхаа цонхоо онгойлгочихсон гуяд, амыг нь тавь гэх мэтээр уулгална. Харин хүүхдүүд гийнгоолоход хоёр чих нь сойтоохоороо нэг сойтоосон хүлэг улам хурдална. Харсан хүний нүдийг баясгаж сэтгэлийг булаах амьтан яах аргагүй алтан тууртууд аж. Улсын начин Жалаа гуай соёолон насны хүрэн үрээгээ амьсгаа нь овоо задарчихаж. 40 км хурдтай газар дажгүй явж байна шүү.Өнөөдөр морь онгойход их сайхан өдөр байна гэх. Улсын нөөцийн дарга асан Бямбаноровын Цолмон хээр, Иточу компанийн Н.Энхбатын Гал хүрэн уяа сойлго сайн байгаа нь илт мэдэгдэж байв. УИХ-ын гишүүн Р.Буд машинаасаа үсрэн бууж морины хөлс авч байхтай нь тааралдсан юм.

-Морь хурдан уу?
-Хурдаан. Сая хязаалан насны нэг үрээ маань айрагдаж байна.

-Та өөрөө уяж байгаа гэл үү?
-Тиим ээ. Тод манлай уяач Д.Даваахүү гуайгаас зөвлөгөө авч байгаа. Дүү нар минь ч туслалцаж байгаа. Тэдэнтэйгээ хамжаад уяж байна гэх үү дээ.

-Сунгаа хэр болж байх шиг байна. Та энэ жилийн наадамд хичнээн насны хэдэн морь уяж байна даа?
-Дааганаас бусад насанд морь уясан. Өнөөдөр цаг агаар сайхан байгаа учраас нэг насанд уралдах морьдын тоо ахиу харагдаж байна.

-Хэний морьд сунгаанд өнгөтэй харагдаж байна?
-Миний харснаар Бямба-норов, Авзага трейдийн Мэндээ, гавьяат Гантөмөр, Дагвадорж зэрэг хүмүүсийн хүлэг дээгүүр давхиж байна.

Олон адууны тоосонд дарагдсан дээлээ ч гүвэх дургүй уяачдын хэдэн сар нойр хоолоо хасан байж, сойсон хурдан хүлгийн айраг түрүүг харах цаг ойртлоо доо. Сунгаа болж буй Цагаан хөтөлд өвс ногоо газрын гарц сайтай байна. Хязаалан насанд Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Эрдэнийн хөгжил компанийн захирал М.Мөнхбаясгалангийн бор үрээ магнайлж ирлээ. Д.Даваахүү уяач хэний морь вэ гэж асууж явна. Өнөөдрийн сунгаанд хэр давхиж буй нь хэдхэн хоногийн дараа болох наадмын өнгө болж болох таптай. Тиймээс ч хэний морьд хэр давхих вэ гэдэгт анхаарал их тавьж байгаа нь тэр. Энэ жилийн наадамд шинэчлэгдэж өөрчлөгдсөн зүйл цөөнгүи. Эмээлтэй уралдах, хүүхдийн насыг заах, аюулгүй байдлын хувцас өмегөх ёстой зэрэг дүрэм тиим ч оновчтой шийдвэр биш гэнэ. Дөрөөнд хүүхэд чирэгдэх аюултай. Эмээл нь бага насны адууны цээжийг аваад хаячихдаг гэм бий. Айрагдсан хүүхдэд бай шагналын 20 хувийг өгнө гэсэн нь айрагдаагүй бол шагнахгүй гэсэн үг үү гэх зэрэг үге уяачдын амнаас цухуйна. Хурдан моринд тохирсон 700 граммын жинтэй эмээл Сингапурт 900 ам.долларын үнэтэй байдаг юм байна. Жирийн нэг эмээл 200 мянга. Нэг насанд 500-600 морь уралддаа. Зургаав насанд уралдах тэр олон эмээлийг хүн бүр авч чадах үгүй нь эргэлзээтэй болж байгаа аж. Ёс заншил уламжлалыг хуульчилж болохгүй гэсэн манлай уяачийн үг жинтэй сонстож байв. Уяачид өөр зуураа ярилцахаас тэр болгон хэл ам гаргадаггүй нь хурдан хүлгийн омруун дор хэлтгий үг хэлдэггүй гэсэн Монгол ёсоо дээдэлснийх биз дээ. Сунгааны дараа Д.Даваахүү уяачийн галаар орлоо. Энэ үеэр хүүхдүүдэд хишиг хүртээж байв. Д.Даваахүү гуай Говь-Алтайгаас ирсэн нөгөө хоёр хүү алга. Тэднийг дуудаадах. Хүүхдүүдэд заавал хувь өгөх ёстой гэж суув. Тэрээр зургаан нас-наасаа эхлэн морь унаж байсан. Тэр үед домбон сахараар шагнуулаад их л баярладаг байж билээ гэж өгүүлнэ. Галын дарга Бямбаноров хүүхдүүдэд хишиг тарааж дууссаны дараа сунгааны үеэр хамгийн их хашгирсан хүн гэж цоллон уяач Д.Даваахүү гуайг хоёр ширхэг баавгайтай чихрээр шагнав. Д.Даваахүү уяач энэ жил зургаан насанд 60-аад морь уяж байгаа аж. Өнөө жил морьд тарган орсон. Саяны сунгаанд морьд маань аятайхан давхилаа. Манлай уяач Эрдэнэчулуун сайн наадах байх гэсэн үг хашир уяачийн амнаас унаж байв. Тод манлай уяач Д.Ононгийн даага сайн давхина байх гэж байсан . С.Даваахүү уяачийн галд УИХ-ын гишүүн Р.Буд, Улсын нөөцийн дарга асан Бямбаноров, Авзага трейд компанийн захирал Мэндбаяр, Ажнай Бат Эрдэнэ, Буудай сангийн захирал Пэрэнлэй зэрэг хүмүүс бий. Хэдэн жилийн өмнө нэг мотоциклийн үнэ хүрч байсан морины бизнес хэдэн саяар тоологдож, бүр жилний үнэ хүрч байна. Морины наймаа ч ёс жудагтай бизнес болжээ. Эр улсын ний нуугүй тохиролцоо ч юмуу даа. Өнөө жил удам угшил сайтай хурдан туурт 20 сая бараг хүрч байгаа гэсэн шүү.
Жилийн жилд морь будлиантай боллоо гэж ярьдаг. Зурхайд хүрээд дутуу эргэснээс ганц хормоор хэмжигддэг уяач хүний бүтэн жилийн хөдөлмөр талаар болох нь бий. Наадамчин олон морь эргэхийг үзэж чаддаггүйгээс хэл ам гарах нь олонтаа гэж уяачид ярьж байна. Тэд шинжлэх ухаан, техник хэрэгсэл хөгжсөн өнөө үед ард түмэндээ морь эргэх газрыг үзүүлдэг байх ёстой гэж хэлэлцэнэ билээ. Элбэг уяагаа аргадсан хурдны хорхойтнууд цаг цагийн элгэнд монгол заншлаа нэрлэж ирсэн наадмынхаа өглөөд яарна.

Б.ДОЛЗОДМАА
(өдрийн сонин 2005-07-05 162)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button