Yнэт цаасны зах зээлийн шинэ үе эхэллээ
Нэг хэсэг унтаа гэгдэж байсан Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сэргээсэн дээрх үйл явдлыг Монголд үнэт цаасны шинэ үе ирлээ ч гэж тодорхойлж байна. Энэ талаар Хөрөнгийн бирж болон Үнэт цаасны хорооны бүртгэл мэдээллийн албанаас мэдээлсэн юм.
ГОВЬ ХОЦОРСОНГҮЙ
Үнэт цаасны зах зээлийн шинэ үеийн салхийг үндэсний гол үйлдвэр Говь ХК болон хувийн Пума контракшн компаниуд үйлдвэрлэлээ өргөтгөж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх үүднээс бонд гарган арилжин хагалж байгаа нь сайшаалтай. Пума контракшн гэхэд барилгын салбарт хөрөнгө оруулах зорилгоор Монголын Хөрөнгийн биржээр бондоо гаргаж эхэлсэн бол Говь ХК хоцорсонгүй, сарын 1,6 хувийн хүүтэй 10 мянган төгрөгийн үнэ бүхий 10 мянган ширхэг бонд гаргасан нь хэдийнэ арилжигдаж хамгийн сүүлийн 490 сая төгрөгийн үнэ бүхий бондуудыг нь ХААН банк хамаад авчихаж. Энэ нь Говь ХКийн үйлдвэрлэл тэр хэмжээгээр өргөжин нэмэгдэж, ХААН банк ч бас тэр дундаас ашиг олж хэн хэндээ хэрэгтэй зүйл хийж байна гэсэн үг.
ЦОРОЙЛСОН НЬ МОНГОЛ ШИЛТГЭЭН
Дээр дурдсан хоёр компанийн араас үнэт цаасны зах зээлд сүүлийн үед бас нэг морь цоройлж гарч ирээд байгаа нь Монгол шилтгээн ХХК. Тус компани яагаад нөгөө хоёр компаниас ялгарч цоройлоод байгаа нь тус компани бонд биш хувьцаа гаргасандаа байгаа юм.
Гачуурт дахь Монголын эртний түүхийг илтгэсэн гоёмсог цогцолбор шилтгээнд нь өнгөрсөн зун их аварга Д.Дагвадорж, саяхан гавьяат дуучин Т.Ариунаа нарын нэр хүнд бүхий хүмүүс алдрынхаа дайллага цайллагыг хийж байсан хувийн Монгол шилтгээн компани хувьцаагаа гаргаж Хөрөнгийн биржээр борлуулж эхэлсэн нь шинэ зүйл болж байна. Зорилго нь тус компани өөрийн үндсэн чиглэл болох аялал жуулал, үйлчилгээний салбарт хөрөнгө оруулах үүднээс тэр. Энэ бүхнийг Хөрөнгийн биржийн дэд захирал Х.Даваасамбуу Монголд хувьцааны зах зээл жинхэнэ ёсоор эхэллээ хэмээн тодорхойлж байна. Тус компанийн ширхэг нь 800 төгрөгийн хувьцааг олон хүн худалдаж аваад байна. Бүр гадаадад сурч буй монгол оюутан залуу багцаар нь авсан нь Монголд үнэт цаасны зах зээлийн шинэ үе эхэлснийг баталсан, энэ салбарын хамгийн сүүлийн үеийн дуулиант мэдээлэл болоод байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Монгол шилтгээн ХХК-ийн хувьцааг хорь гаруй хүн худалдаж авчээ. Энэ нь тус компани тэр хэмжээгээр үйлчилгээ, үйлдвэрлэлээ өргөтгөж байна. Мэн хувьцааг нь худалдаж авсан хүн тус компанийн эздийн нэг болдог учир худалдан авагчдынхаа тоогоор олон эзэнтэй болж байна. Энэ хоёр үзүүлэлт нь хувьцаа гаргаж байгаагийн гол мөн чанар юм.
800 ТӨГРӨГИЙН ХУВЬЦАА 1200-Д ЯАЖ ХҮРЭХ ВЭ?
Хувьцаа бонд хоёр юугаараа ялгаатай вэ? Бондыг нэг ёсны хугацаатай зээл гэж ойлгож болно. Говь болон Пума контракшн нь бонд гаргаснаараа зээлдүүлэгч болж байгаа бол Монгол шилтгээн-ий жишээгээр тухайн хүн хувьцааны эзэн болж байна. Ийм ялгаатай. Хувьцаа гаргаж байгаа Монгол шилтгээн ХХКийн бүх үйл ажиллагаа олон нийт болон хувьцаа эзэмшигчдэд нээлттэй байх ёстой. Энэ нь хувьцаа гаргаж байгаагийн гол үндсэн нөхцөл юм. Хувьцаа гаргагчийн үйл ажиллагаа нээлттэй байна гэдэг тухайн компаниин ашиг орлого хэр байгааг үнэн бодитоор харуулна. Энэ мэдээлэл нь хувьцаа худалдан авагч иргэнд хувьцааг авах эсэхэд болон оруулсан хөрөнгө нь хэр арвижиж байгааг мэдэхэд хэрэгтэй. (Өмнө нь иргэд өмч хувьчлалын эрхийн бичгээр компаниудын хувьцааг эзэмшиж байхад аж ахуйн нэгжүүд хувьцаа болон үйл ажиллагаатай холбоотой мэдээллээ ташаа гаргаж байсан тухай яриа энэ үеэр сэтгүүлчид болон мэргэжилтнүүдийн дунд гарч байлаа)
Хувьцаа гаргах аргыг яагаад сонгосон талаар Монгол шилтгээн ХХК-ийн захирал С.Отгонбаатараас асуухад
-Банкнаас зээл авахаас өөр мөнгө олж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх олон арга байдаг. Хувьцаа гаргах нь тэдгээрийн нэг гэсэн юм. Тэрээр аялал жуулчлал, үйлчилгээ эрхэлдэг, эдгээр нь манай оронд сүүлийн жилүүдэд өргөжин тэлсээр байгаа чухал салбар учир тэр хэмжээгээр ашиг орлого олно, ингэснээр өнөөдөр 800 төгрөг байгаа нэг ширхэг хувьцааныхаа үнийг жуулчид олноор ирэх Монголын тулгар төр байгуулагдсны 800 жилийн ойн ирэх жилд 1200 төгрөгт хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа ч тэрээр хэлж байлаа.
Б.БОЛД (Өдрийн сонин162)