Оберон аппаратаар оношилгоо хийж , иргэдийг мэхэлж байжээ.
Шалгалтаар Дэлгэр тогоо компани болон Өнө -уян , Мөнхийн тан, Мета, Шижир сувд зэрэг хувийн эмнэлгүүд ОХУ-д үйлдвэрлэсэн Оберон аппаратаар эд эсийн төвшинд хийгддэг Компьютерийн оношилгоо нэртэй үйлчилгээг явуулж байсан нь илэрчээ. Иргэдийг мэхэлж байсан дээрх үйлчилгээний талаар Улсын мэргэжлий хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Цэрэндолгороос тодруулсан юм.
-Оберон гэдэг аппаратаар компьютерийн оношилгоо хийдэггүй юм уу?
-энэ аппарат нь Metapathia программ хангамжийг ашиглан шугаман бус шинжилгээг хийдэг. Энэ нь өвчнийг нарийн оношлохгүй, зөвхөн таамаглал байдлаар анхааруулга санамж өгдөг тестийн шинжилгээ гэдгийг бид тогтоосон. Дэлхийн бусад улс орнуудад ч ийм төрлийн аппаратыг аливаа өвчин эмгэгийг оношлоход даган хэрэглэдэггүй, өвчин эмгэгийг бага магадлалтай тодорхойлоход анхан шатны төвшинд ашигладаг. Оберон аппарат Эрүүл мэндийн яамнаас 2001 онд батлан гаргасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шатлал бүрт байвал зохих зайлшгүй шаардлагатай эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн жагсаалтад ч бүртгэгдээгүй. Тиймээс эрүүл мэндийн яамнаас дээр дурьдсан үндэслэлээр оношилгооны зориулалтаар ашиглахыг хориглож байгааг манай газарт албан ёсоор мэдэгдсэн юм.
Ийм болохоор иргэд шинжилгээ, оношилгоо хийлгэхдээ үйлчлүүлж буй эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, багаж төхөөрөмж, эм урвалжийн баталгаажилт зэрэгтэй танилцаж байж үйлчлүүлж байх хэрэгтэй байна гэв.
Г.Тамир
2005.07.5, Монголын мэдээ