Амиа алтаар солиход бэлэн иргэд Заамарт хуарагнажээ.

Алт ухаж байгаад шороонд даруулж амиа алдсан залуугийн цогцсыг Уулын аврахынхан нуранги дороос гаргаж ирэх үеийн бичлэгийг үзлээ. Үнэхээр сэтгэл сэрдхийлгэм юм. Аврахын 10 залуу өөрсдөө ч осолдож мэдэхээр нүх рүү амь насаараа дэнчин тавиад оржээ. Ядахад олигтой аврах хэрэгсэл, дорвитойхон хүчилтөрөгчийн аппарат тэдэнд байдаггүй бололтой. Нурангийг 15 метр орчим малтахад талийгаач залуугийн өмссөн цагаан малгай, өрөөсөн гар нь шороон дороос цухуйж харагдав. Алт гэдэг үнэндээ хүнийг хүн биш араатан болгон хувиргадаг ажээ. Хүний амь хувин шорооноос хямдхан гээд бодохоор айх гайхах зэрэгцэнэ. Уурхайн ажилтны яриагаар бол хажууд нь хүн шороонд даруулж нас барчихаад байхад ажиг ч үгүй алтаа ухаад зогсож байсан тохиолдол бий гэнэ.Мөн шөнийн ээлжинд ажиллаж байгаа эксковаторын шанаган доогуур нинжа нар гүйлдэн хүчит техникээс өрсөн алттай шороо авах гэж дайрцгааж байжээ.
Алтан дорнод Монгол-ынхон дээрх золгүй явдлын дараа хувиараа алт олборлогчдын гаргасан нүхнүүдийг шороогоор дарж булжээ. Хамгаалалтынхан бүх хүмүүсийг шалгаж 30-40 метрийн өндрөөс бульдозероор хэдэн тонн шороог түрж асгах үед зарим нүхэнд нинжа нар алтаа ухаад хэвтэж байсан гэнэ. Үхэл гэдэг тэдний хувьд юу ч биш ажээ.

Гуравхан ажилтантай баг
Хайлааст багийн Шижир алт тосгонд 780 өрхийн 2880 хүн оршин сууж байна. Түүнээс гадна 6000 гаруй хүн хувиараа алт олборлож байна гээд бодохоор ямархуу хөл хөдөлгөөнтэй газар болох нь төвөггүй ойлгогдоно. Тэдэн дээр нүүдлийн шувуу шиг богино хугацаанд ирээд буцдаг явуулын хүмүүсийг нэмбэл лав л 10 мянга хол давна . Энэ тоог тосгоны сум дундын цагдаагийн тасгийн дарга нь хэлсэн. Харин багийн хувьд хүн амынх нь бүртгэл арай өөр юм билээ. Сүүлийн үед нутаг дэвсгэрт нь чухам юу болоод байгаа, гурвалжин дөрвөлжин асуудал үүсгээд байгаа алт олобрлогчид болон уурхайнхан, хэрүүлийн алим болсон түр зөвшөөрөл, нутаг орных нь тулгамдсан асуудлын талаар сонирхохоор Хайлааст багийн албан өрөөнд очлоо. Үүдэндээ Хайлаастбаг гэсэн хаяг зүүж дээвэртээ төрийн далбаа мандуулсан энэ байр эхний өдөр лав хүнгүй байв. Маргааш нь очиход багийн нийгмийн ажилтан эмэгтэй ганцаараа сууж байлаа. Багийн дарга хот явсан гэнэ. Ер нь манай хөдөөд ажил нь нэг иймэрхүү байдлаар явагдаж түүндээ бүр ижил дасал болчихжээ. Үүдэндээ ёс юм шиг төрийн сүлдтэй эрээн мяраан самбар өлгөнө. Түүндээ төдийлөн хэрэгжүүлээд байдаггүй зарим нэг хуулийн зүйл, заалтыг бичиг, дээд газраас ирсэн тушаал шийдвэрийг хувилж өлгөсөн байдаг. Ажил ярих гэхээр урдаас баахан цаас гаргаж тоо, баримт үзүүлдэг нь хэвээрээ. Төрийн машин хөдөөд цаг үргэлжил ийм байх биз ээ. За энэ ч яахав, хамгийн сонирхолтой нь халуун цэг гэгдээд байгаа , зундаа арваад мянган хүн хөлхдөг тус багийн хувьд дарга, нийгмийн ажилтан, байгаль хамгаалагч гэсэн гуравхан орон тоотой. Өмнө нь ганц багийн даргатай байсан, харин ч одоо гурвуулаа болоод авсан гэх маягийн юм ярихаар нь тэндээс бушуухан гарлаа. Үндсэндээ суман дээр бүх асуудлыг шийддэг юм байна. Гэтэл Заамар сум эндээс 70 км-ийн зайтай. Зөвшөөрөлгүй алт ухагчид, хүн амын бүртгэл судалгаа гэмт хэрэг зөрчил гээд уг нь энэ уурхайн тосгон л нэн даруй зайлшгүй шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудал толгойтой үснээс олон. Цагдаагийн тасаг нь нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй. Барьдаг, хорьдог, торгодог, яриа таниулга, ухуулга сурталчилгаа хийдэг. Гэвч дийлддэггүй юм. гэж тасгийн дарга нь хэлсэн. Үнэндээ өдөрт гурав баригдаад ирж байгаа нинжаг яалтай билээ. Уурхайн тосгоны өнгө төрх нэг иймэрхүү байв.

Нинжа нар мафийн сүлжээнд оржээ.
Алт ухна гэдэг улирлын чанартай ажил юм. Зуны хэдэн сард амжаад ахиухан шиг олз олох гэсэн зүсэн бүрийн хүмүүс Заамарыг зорьдог ажээ. Сургууль соёл тарсан болохоор бүл нэмсэн Заамарынхан үнэндээ хүн зоноо даахгүй хотолзож байна. нутгийн хүмүүс энд тун цөөн. Харин Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос ирсэн алтны эрэлчид дүүрэн. Хууль бусаар, гар аргаар алт олборлогчдыг хэзээнээсээ нинжа гэж нэрлээд сурчихсан. Нинжа гэж хэн бэ. Хариулт нь тун энгийн боловч тэдний ур чадварыг үнэхээр биширнэ. Тухайлбал ус дамжуулах 40 метрийн урт хоолойгоор эгц доош бууж алт ухчихаад шороог нь дээш зөөгөөд явчихаж байна. Алттай газрыг нохойтой эргүүлээс өрсөөд тоночихож чадаж байна. Маргааш нь олборлохоор зэхсэн алтны гарц ихтэй хэсгийг үүр шөнийн заагаар амжуулаад аччихаж байна. Уурхайнхны сэтгэлийг эмзэглүүлж байгаа зүйл нь нинжа нар нэгдсэн зохион байгуулалтад ороод байгаа явдал гэнэ. Хаана, хэзээ, ямар газрыг яаж ухах зэргийг урьдчилан төлөвлөж нэгдсэн зохион байгуулалттай дайрах болжээ. Гар утас барьдаг болохоор хоорондоо хэл амаа тун амархан ололцчихно. Зөвхөн алт хулгайлхаас бусад үед ч орон шоронгоор дамжсан хүмүүс нэгдэж мафи маягийн сүлжээнд ороод байгаа гэнэ.

Сургууль, дэлгүүр, баар…
Алт угаадаг ногоон түмпэнгээ ар нуруундаа зүүж жижиг хүрз, газар ухдаг тусгай багажаар зэвсэглэсэн нинжа нарыг хэдийг л бол хэдийг энд харж болно. Учир нь уурхайн ажилчид болон багийн удирдах ажилтнаас бусад нь алт дагаж амьжиргаагаа дээшлүүлэхээр Заамарт ирсэн хүмүүс. Малтай айл тун цөөн. Нинжагийн амьдралтай арай илүү ойр дотно танилцахаар шийдлээ. Хэдийгээр учир мэдэх хүмүүс ганцаараа явахыг хориглосон ч сониуч зан, мэргэжлийн шуналдаа хөтлөгдөөд нутгийхны Дархан-26 гэж нэрлэдэг нинжа нарын хуаранд очлоо. Уурхайн тосгоноос 19 км-т байрлах энэ газар 250 орчим гэр байх ажээ. Сургууль, дэлгүүр гээд юм юмтай газар бололтой. Арай баар байгаа юм биш биз дээ гэхэд таксины жолооч маань тийм гээд толгой дохиж харагдана. Яагаад ч юм Алтан дорнод Монгол компанийн хамгаалалтын албаны даргын хэлсэн үг санаанд оров. Манай Хайлаастын лицензтэй газар 200 гаруй гэр байна. Худалдаа наймааны, янхны, архи уудаг гэр бий гэсэн үг ортой бололтой.
Сургуулиар нь орлоо. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа ажээ. Гар аргаар алт олобрлогчдын хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах төсөл гэсэн сүрхий хаяг сургуулийнхаа үүдэнд хаджээ. Энд 40-өөд хүүхэд суралцдаг юм байна. Ер нь тэндэхийн уурхайнуудыг тойроод алт ухаж байгаа иргэдийн 400-500 орчим хүүхэд байгаа гэсэн албан бус тооцоо байдаг юм байна. Тэгвэл тэдний 10 хувь нь сургуульд сурч бусад нь алт ухаж байгаа болж таарах нь. Гадны хүнд халтай газар гэдэг нь тэндэхийн оршин суугчдын байр байдлаас илхэн харагдана. Ууж согтуурхсан улс их таарна.

Нэг цэн алт 45-50 мянган төгрөг
Нинжа нарын суурингаас төслийн нэгэн ажилтныг дагуулаад гар аргаар алт олборлож байгаа газар очлоо. Хуучин цэргийн ангийнхан ашиглаж байгаад орхисон 41-ийн гэх уулын аманд эгээтэй л найр наадам болж байна уу гэлтэй орчин биднийг угтсан. Тэнд 500 гаруй хүн 40-өөд машин цуглажээ. Ид олборлолт явагдаж байна. Газрын хөрс тэр аяараа хөдлөх шиг санагдсан шүү. Хүн бүр дөрвөлжин цооног нүхийг газрын гүн рүү 7-8 метр ухаж, шороог нь зөөх ажээ. Тэр цооногийнхоо ёроолоос тал тал тийш нь малтаж алттай шороогоо шуудайлан машин, мотоциклоор зөөнө. Явган нэг нь үүрээд гол руу алхаж байна. Тогтоол усанд өнөөх шороогоо зайлж алтыг нь цэвэршүүлэн ялгаж авдаг юм байна.
Эмч, багш, жолооч, малчин инженер ер нь ямар л бол ямар мэргэжлийн хүмүүстэй энд тааралдана. Бас хүүхдүүд их байх юм. Оюутнууд амралтаараа ирчихээд ойрд ч бужигнаж байна гэх хүмүүс байна. Өөрийгөө Гэрэлмаа гэж танилцуулсан оюутан охин
-Би энэ зун алтан дээр ажиллаад сургалтынхаа төлбөрийг өвлийнхөө хувцастай бэлдэнэ гэж ярилаа.
Хэд хэдэн хүнтэй уулзаж ярилцах гэсэн боловч бүтэлгүйтлээ. Өдрийн халуун, дээрээс нь дотор халуундаа шатсан хүн тэнд олон байлаа. Тэд олон зүйл шалгаагаад байвал барьж аваад нэг нүх рүү хийгээд булчихаж мэдэхээр царайтай юм.
Энд хүмүүс гал галаараа, танил тал хамаатан саднаараа хамтран ажилладаг. Нэг галд 4-40 хүртэл хүн багтдаг. Алтаа газар дээр нь ченжүүдэд зарчихна. Монголчуудаас гадна хятад, солонгосчууд алт авдаг байна. Нэг цэн алт 3,35 гр болдог. Түүнийгээ ханшийн хэлбэзлээс хамаараад 45-50 мянган төгрөгөөр үнэлэн ченжүүдэд худалддаг ажээ. Гарц сайтай газраас бол ийм хэмжээний алтыг 20-30 минутад олдог гэнэ. Тэгэхээр алт ухна гэдэг тийм ч ашигүй ажил биш бололтой. өвөл зууны турш алт ухасан хүмүүс ч байна. Гэртээ харилгүй таван жил болоо гэж ярих хүнтэй ч тааралдаж байлаа. Биднээс холгүйхэн нэг согтуу нөхөр 10 хэдтэй хүүгээ загнаад нүх рүү түлхэж орхив. Би ч дуугүй байж чадсангүй.
-Та яаж байгаа юм бэ гэхэд
-Би энүүнийг тэжээх гэж ядаж байхад ганц шуудай шороо зөөгөөд өгөхөд яадаг юм гэж уурссан. Хамгийн гол нь энд байгаль орчныг ёстой нэг сүйтгэх шиг болж байна. 500 хүн зэрэг дайраад үлийн цагаан оготно шиг газар сэндийлнэ. Алтны гарц муудчихвал өөр тийш нүүдэллэнэ. Иймэрхүү маягаар тэр хавийн газрыг талхалж дуусчээ. Ийм хорлонтой нүүдэл өмнө нь хэдий хугацаанд үргэлжилсэн , цаашид хэдэн жил үргэлжлэх нь тодорхойгүй. Энд алтнаас юугаа ч өгөхөд бэлэн хүмүүс олон. Алт ухаж аж амьдралаа өөд татах гэсэн иргэдээс гадна зүгээр л цаг нөхцөөх гэсэн, хууль хяналтынхнаас зугтаж ирсэн оргуул босуулууд дүүрэн. Үнэндээ энэ хавийн аль нүхэнд юу болж байгааг тааварлахад бэрх. Хүн зон хөлхсөн, ирж л байдаг явж л байдаг., ямар ч хууль дүрэм үйлчилдэггүй ийм нэгэн газар хагас өдрийг өнгөрөөлөө.

Алтан дорнод Монгол 200 кг алтаа нинжа нарт алджээ.
Дуулианы эзэн болоод байгаа дээрх компанийнхан өнгөрсөн саруудад дор хаяж 200 пг алтаа нинжа нарт алдсан тухайгаа ярьж байлаа. Тэд сумын удирдлага үүсээд байгаа нөхцөл байдлыг төдийлөн ойшоож үзэхгүй байгаад харамсч байгаагаа илэрхийлж байсан. Энэ компанийнхан Шижир алт тосгоны цагдаагийн хэсгийг өөрсдийн хүч хөрөнгөөр барьж өгчээ. Мөн улирал тутам 9000 ам долларын санхүүгийн дэмжлэгийг тэдэнд үзүүлдэг юм байна. Цагдаагийн хэсэг болон сумын эмнэлэгт нь машин бэлэглэсэн гэнэ. Компанийн дэмжлэгтэйгээр Заамар сумын гурван хүүхэд их дээд сургуульд, нэг цагдааг ОХУ-д сургалтанд хамруулжээ. Энэ жил сумын уурын зуухыг сантехникийн хамт бүрэн засварлах, Мобикомын салбар байгуулах, Туул гол дээгүүр мянганы замтай холбосон нүүр барих зэрэг ажилд 200-гаад сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Сумын удирдлагууд компанийн хооронд үүсээд байгаа өөр нэгэн асуудал нь Алтан дорнод-ын 4411А лицензийн талбайд иргэд дур мэдэн хашаа хатгаж гэр, байшингаа барьж суурьшсан явдал юм. Нийтдээ 26 га талбайг хамарсан энэ газарт одоогоор 500-гаад өрхийн 1500-2000 орчим иргэн амьдарч байна.

Алтны хулгай зогсох уу?
Мэдээж үгүй. Заамарт том компаниуд алт олборлож байгаа цагт ийм хулгай тасрахгүй биз ээ. Энд өрнөсөан дуулиан шуугиан түр намжаад байгаа хэдий ч өөр нэгэн аюул нүүрлээд буйг анзаарсан юм. Тэр нь хууль бусаар алт олборлогчид буюу нинжа нарын өшөө хорсол. Шижир алт, Алтан дорнод-ынхон хамгаалалтын албаараа дамжуулан өөрсдийн эзэмшлийг хар гартнаас хамгаалдаг. Шижир алт, гэхэд л Цагаан бар хамгаалалтын албаныхны хүчийг ашигладаг юм билээ. Хувиараа алт олборлогчидтой уулзаж байхад тэдгээр хүмүүс хамгаалалтынханд өсөрхсөн сэтгэлээ илэн далангүй хэлж байлаа. Зарим нь Тэднээс бид хэзээ нэгэн цагт заавал хариугаа авна гэж заналхийлж байсан. Учир нь хамгаалалтынхан тэднийг нохойгоор уруулах, зодох зэрэг зохисгүй арга хэмжээг авдаг байна. Алт тойрсон хэрүүл лав л энэ зундаа тасрахгүй. энэ янзаараа бол ойрын хэдэн зун ч үргэлжлэх биз. Тэгэхээр хэзээ нэгэн цагт тэдгээр иргэд хамгаалалтынхны хооронд мөргөлдөөн гарахгүй гэх баталгаа үгүй. Ер нь ч ийм хөрс суурь аль хэдийнээ тавигдчихсан юм билээ.
Эцэст нь хэлэхэд зөвхөн Заамар суманд ч биш алтны бусад томоохон орд газруудад дээр дурдсан бүхий л асуудлууд хариулт нэхсэн хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл монголын төр алт тойрсон асуудлаа нэг мөр болгох зайлшгүй шаардлага тулгараад байна. Хэнд ч захирагддаггүй, ямар ч хууль үйлчилдэггүй, алтны төлөө юу ч хийхээс буцахгүй бүхэл бүтэн зэрлэг овог,аймаг Заамарт үүсчихээд байна.
Гэхдээ дан ганц тэднийг буруутгавал өрөөсгөл ойлголт болох биз. Уулзахаар очсон албан тушаалтнууд дээрээс л хууль батлаад зохицуулалт хийчихвэл бүх асуудал шийдэгдэнэ гэж ярьж байна билээ. Манай эрхэм гишүүд энэ талаар эрхбиш нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа бизээ.
Байгаль орчны сайд аа, таныг ногоон хэрэм барина гээд зурагтаар ярихад итгэх шахсан. Үнэхээр сайхан хэрэм баригданаа гэдэг сэтгүүлч миний бие итгэлтэй байгаа. Гэхдээ түүнээсээ өмнө гэдэс дотрыг нь уудалж хамаг баялгийг нь цөлмөөд дуусч байфгаа энэ суманд ирээд бодит байдлыг үзчихээрэй гэж хүсэх байна. Жалга дов бүхнийг нь ухаж сэндийлж, ус гол горхи бүхнийг нь ширгэж хатаасан ийм л дүр зураг таныг угтах вий. Магадгүй хожим хойно Та монголын чухам юуг хамгаалж байсан юм бэ? гэсэн асуултыг хэн нэгэн танд тавих ч юм билүү. Томилолтоор ажиллах хугацаанд Онцгой байдлын сайд Заамарт ирэх сураг гарсан. Тэнд үнэхээр гамшиг нүүрлэчихсэн байна лээ шүү, сайд аа.

2005.07.5 Ардын эрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button