Д.Ганхуяг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг хуульчилна

Уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчийн нэг, УИХын гишүүн Д.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
ЖДҮ-ийн тухай хуулийн төсөл ямар шатандаа явж байна вэ?
Манай ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Сү.Батболд ахлагчаар, Б.Батбаяр, Ч.Тэрбишдагва, Л.Пүрэвдорж, Б.Мөнхтуяа нар гишүүдээр ажиллаж байгаа. Бид гуравдугаар сараас эхлэн өнөөг хүртэл энэ хуулийн төсөл дээр ажиллаж өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас санал авахуулахаар хүргүүлээд байна. Үүний дараа бизнесийн холбогдох салбарынхан, төрийн байгууллагуудаар хэлэлцүүлж хэвлэл мэдээлэл, интернэтээр олон нийтэд танилцуулж хэлэлцүүлсний эцэст УИХ-аар батлуулна.
Хуулийн төсөл таван бүлэгтэй. Гуравдугаар бүлэг нь ЖДҮ-ийг дэмжих сангийн тухай юм. Нэлээд чанартай хууль болсон гэдэгт бид итгэлтэй байгаа.
Өнөөдөр манай улсад жижиг дунд үйлдвэрлэл ямар байдалтай байна вэ?
Олон улсын худалдааны байгууллагаас манай улсын бизнесийн салбарт явуулсан судалгаагаар Монголд 25 мянган аж хуйн нэгж байгаагийн 90 орчим хувь нь ЖДҮ-ийн ангилалд багтаж байна. Гэхдээ Ази, Европын хөгжингүй орнуудтай харьцуулахад манай ЖДҮ нь бичил бизнес эрхлэгчдийн ангилалд багтаж байгаа. Өнөөдөр манай улсад албан бус хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл ихтэй. Хүн амын 50 орчим хувь нь ядуурлын байдалтай байгаа. Судалгаанаас үзэхэд хөгжингүй орнуудын бизнесийн салбарт жижиг дунд үйлдвэрлэлийн эзлэх хэмжээ 4060 хувьтай байна. Энэ үзүүлэлт манай улсын хувьд харьцангуй өндөр байгаа нь эдийн засгийн чадавх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд ЖДҮ-ийн оролцоо их байгааг харуулж байна.
Та бүхний ажиллаж байгаа ЖДҮ-ийн хуулийн зорилт, ач холбогдол нь юу вэ?
Бие даасан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа, хүчин чармайлтыг төрөөс дэмжих бодлогыг төлөвлөн хэрэгжүүлэх, шударгаар өрсөлдөн хөгжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх нь яаралтай шийдвэрлэх асуудлын нэг. Үүнийг шийдвэрлэснээр нэгд, манай орны нийгэм, эдийн засагт ЖДҮ-ийн эзлэх байр суурь, ач холбогдол ихэсч ингэснээр эдийн заcгийн хөгжлийн хандлагыг үнэн зөв, бодитой тодорхойлох юм. Хоёрт, ЖДҮ-ийг дэмжих төрийн бодлогын субьект тодорхой болно. Гуравт, гадаад улс, олон улсын байгууллага, хандивлагчдаас манай улсын ЖДҮ-ийг дэмжихэд үзүүлэх зээл, тусламж үр ашигтай болно. Мөн албан бус хөдөлмөр эрхлэлтийг багасгах, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядууралтай хийх тэмцэлд бодит боломж бүрдэнэ.
Бизнес эрхлэгчдэд учирч буй саад бэрхшээлээс гарах ямар арга зам байна вэ? Хууль батлагдаж хэрэгжсний ур дүн юугаар гарах вэ?
Өнгөрсөн жил Дэлхийн банкны экспертүүд манай улсад ажиллахдаа ажилгүйдэл, ядуурал буурахгүй байгаад судалгаа хийж, түүний гол шалтгаан нь боловсруулах үйлдвэрлэл хөгжихгүй байгаа гэсэн дүгнэлтийг хийсэн. Тиймээс бид ЖДҮ-ийн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрийн салбар дотроос ойрын жилүүдэд үйлдвэрийн салбарыг илүүд дэмжих бодлого барьж ажиллах нь зөв юм. Тэр дундаа нөхөн үйлдвэрлэгддэг үндэсний онцлогтой, түүхий эдийг гүн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх нь чухал байна. Ингэснээр ажлын байрны төрлөөс Үйлчилгээ, худалдаа хамаарч иргэд ажилгүйдэх нь багасч, өөрийн оронд ашгаар зогсохгүй нэмүү өртөг нь орлого болж үлдэх, үндэсний үйлдвэр болон ЖДҮ-ийн салбар дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн ба түүний чанар дизайн, брэнд, технологи, бүтээмж зэргээр өрсөлдөх нөхцөл боломж бүрдэж өрсөлдөх чадвар дээшлэх юм.
Бэрхшээл саадын хувьд хуулийн төсөлд жижиг дунд үйпдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, тэднийг дэмжих сангаас урт хугацааны мөн хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн баталгаа гаргах, даатгалын зарим үйлчилгээгээр хангахыг тусгаж хуульчилж өгч байгаа.
Манайд худалдаа, үйлчилгээ, үйлдвэр зэрэг аж ахуйн нэгжүүдийн эрхэлж буй үйл ажиллагааны чиглэл, том, жижгээс хамаарч зээлийн нөхцөл өөрчлөгддөггүй. Зөвхөн инфляци болон банкны хадгаламжийн хүү өндөр гэсэн шалтгаанаар манай банкуудын зээлийн хүү өндөр, хугацаа богино байгаа асуудал юм. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгө, үйлдвэр явуулахад зориулсан нөхцөл сайтай, дунд, урт хугацааны зээл гэж бараг байхгүй тул эдгээр салбар зөв зүй тогтлоор хөгжих боломжгүй байгаа билээ.
/Өдрийн сонин 163/
Б.БОЛД