Шинэ нэртэй хуучин дуунууд

Хориод настай залуусыг хоцрогдсон гэвэл та үнэмших үү.
Эдүгээ шинэ хуучин, хоцрогдсон эсэхийг зөвхөн насаар хэмжих хандлага газар авч тавиас дээш насныхныг үеэ өнгөрөөн тэтгэвэрт суух дөхсөн гэж донгодогч олон болсон цаг тул хориод настай залуусыг хоцрогдсон гэвэл солиорсон хүний үг гэж бодох биз.
Өнөөгийн монгол урлагийн ертөнц гэхэд л тайзнаа солонгорох өнгө гэрлийн хувилал, орчин үеийн залуусын этгээд хувцас өмсгөл, огцом түргэн айзамт хөгжмийн аялгууг шинэ зүйл гэж хүүхэд үүхэдгүй шохоорхож элдэв хамтлагийн тоглолт, орилоон чарлаан, алга таших хүүхэд залуусын хийрхлийг хальт харсан хэн боловч дээрх үгэнд эргэлзэх буй заа. Өнөөгийн хүүхэд залуусын бачимдан хашгирч алгаа ташин амандаа үглэн буй рок поп, хип хоп дуулаачдын тоглолтыг /чихээр/ сонсох төдийгүй /нүдээр/ харахад ингэж л бодогдох… Сонор илбэдэн нүд баясган сэтгэл хөөрүүлсэн бүгд урлаг байх албагүй. Марзан чамин өнгэ гэрэл, хувцас өмсгөлөөр нүд илбэдсэн энэ улангасал жамтай юм жамаараа болж байна гэж бодлоо ч гэсэн дуулах дууны нь шүлгийг нь тогтоон уншиж, эргэцүүлэн бодвол тиим биш ажээ. Тухайлбал, УИХ-ын 76 гишүүнийг анх зориг гарган шүүмжилсэн Ice Top хамтлагийн 76 дууг телевизээр цацахыг хориглосныг уншигчдынхаа хүсэлтээр хэвлэв гэсэн тайлбартайгаар Үнэн сонин /2005 оны №026-д/ бүрэн эхээр нь нийтэлснийг уншвал
Төрийн суудалд үхэн хатан мөнгө цацан хаян
Тэмцэхийг бодоход түүнээс
Ашиг хонжоо ч хийж байна гэсэн үг биш үү
Үгнээс цаашгүй, түүнээс цаашгүй хэрэлдэж уралдсан 76
Үнэн чанартаа маньдаа хамаагүй хий дэмий амны зугаа
Ууж идэн хахаж цацаж бүгдийг авлаа болоо юм биш үү гэсэн болхи илэрхийлсэн хурц шүүмжлэлт санааг үгүйсгэх зүйл алга.
Хүний төлөө энэ нийгмийн бохир заваан байдлыг устгая гэсэн агуулгад ердөө л улс төрийн бухимдал, уур хилэн оршин шингэснээс бус яруу найргийн амин сүнс, яруу тансаг дүрслэл, уран хөг аялгуу огтхон ч алга буйг та ч харж байна. Үгнээс цаашгүй, түүнээс цаашгүй хэрэлдэж уралдсан Ice Top, хүний төлөө энэ шүлгийн бохирдлыг устгая гэсэн шинэ шүүмжлэлт шүлэг зохиож болмоор санагдав.
Мөн дууны шүлэг гэхэд хэцүү эл үглэлд Эртнээс өвлөсөн энэ цус, монгол цус, Чааваас даа, миний цөөхөн халх ардаа гэх мэтийн үг хэллэг буй нь эх оронч үзэл гэхээсээ илүү бидний цөөхөн монголчуудын дунд хагарал бутралын үр болон соёолж, үндэсний эв нэгдэлд харшлах вий хэмээн эмзэглүүлэв.
Энэ мэт нийгэм улс төрийн хямралыг дагасан шүүмжлэлт сэтгэлгээг тусгасан зохиол бичих үзэгдэл шинэ юм биш. 1921 оны ардын хувьсгалын дараагаар дээд зиндааны феодал ноёд, лам хуврага нарыг элэглэн шоглосон шүүмжлэлт шүлэг зохиол бичиж л байсан.
Тухайлбал, 1929 оны Уран үгсийн чуулган номд хэвлэгдсэн Гуйвж байсан байдал шүлэгт
Үгээгүү ард олны
Өргөн эрх чөлөөг
Өөд дэвшүүлэн хамгаалах зорилго
Хоосон цаасан дээр болж
Хувьсгалт намын ажил сулдаад
Хуучин үлдэгдлүүд өндийж
Хусагдан хасагдсан эрх мэдлээ
Хуулийг гуйвуулан хэрэглэж
Нам ба улсын сонгуульд үлэмжхэнээр
Наалдан шургаж ардын хэргийг
Намхруулан боогдуулж
Назгай ховдог суртлаа баримтлан
Өөрсдийн ангийн эд хөрөнгийг
Үлэмжхэнээр хөгжүүлж
Өмхий үнэртэй шинэ хуучин
Өөдлөшгүй баялгууд гарч/Өлзий-Очир/ хэмээсэн нь өмнө дурдсан 76 дууны үглэлийг бодвол мөрийн толгой сүүлийг холбож авьяа хэмнэл бүхий шүлгийн хэлбэрийг олсон ч улс төрийн хараал төдий уран сайхны чанар үгүй тул яруу найргийн хоцрогдсон сэтгэлгээний архивын баримт болон үлджээ. 76 дуунд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн нь шинэлэг хандлагатай ч уран сайхны сэтгэлгээ нь хуучинсаг буюу хоцрогдсон нь уг хамтлагийн нэр хүндийг гутааж байна. Учир нь тэд ч 1921 оныхныг ч гүйцэж чадсангүй.
Ийнхүү улс төрийн элдэв хурал цуглаан дээр нийгмийн бухимдлын илэрхийлэл болгон хэлмээр үгийг дууны шүлэг хэмээн эндүүрсэн нь уран сайхны боловсролгүй, учир мэдэхгүй залуусын ухаангүй, болчимгүй явдал гэж болох юм. Тэгтэл намба сууж найраг шүлэг гадарлах болсон нэгэн бээр Төрийн түшээ хэмээх шүлэг зохиосныг Ц.Дамдинсүрэн, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Ж.Бадраа зэрэг XX зууны яруу найргийн сонгодгуудын уран шүлэгт уянгалаг ая зохиож монгол урлагийн алтан санд мөнхөлсөн нэгэн хөгжмийн зохиолч шүүрэн авч дуу болгосноо парламөнтын музейд байх ёстой зүйлийн нэг гэж дөвийлгөжээ. Армийн дэд хурандаа Д.Азарын Төрийн түшээ хэмээх дууны шүлэгт
Ашид мандах төрийнхөө
Алтан жолоог атгалцсан
Ард түмнийхээ итгэлийг
Ариун үнэнчээр өвөрлөсөн
Түмний итгэлийг хүлээсэн
Төрийн хүндэт түшээдээ хэмээн морь, бөхийн цолны аясаар хөөрцөг хоосон магтаал бичсэн нь өнгөрсөн зууны дөч, тавиад оны үед нэг хүнийг тахин шүтэх үзлийн нөлөөгөөр маршал Чойбалсангийн тухай
Эрэлхэг монголын ард түмэндээ
Чимэг болон хайрлагдсан гэсэн долгомцог үгтэй дуу зохиогдож асныг санагдуулав. Даяар дуурсагдах далай даян дархан аварга гэсэн цол чимэг нь хүртэл магтаал болсон Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нарт зориулсан 2-3 дуу зохиогдсоныг цагийг эзэлсэн аваргуудаа хүндлэн дээдэлсэн монгол хүний сэтгэхүйтэй холбон тайлбарлаж болдог юмаа гэхэд аймгийн арслан, сумын начин тэр ч байтугай залуу бөх заалны алчуур нарт зориулсан магтаал дуу гарах шахаж буй нь өргөмжлөлийн хэмжээ хэрээс хэтэрч байгаагийн шинж. Энэ бүхэн нь хоосон магтаалаас зайлсхийн уран, яруу уянгалаг өнгө аясаар баяжсан орчин үеийн монгол яруу найрагт аль хэдийнэ хоцрогдсон бичлэгийн арга юм. Тэгээд ч уран зохиолд юуны ч тухай бичиж болно. Гагцхүү уран яруу байх учиртай хэмээсэн дэлхий нийтийн жишгээр үзэх юм бол УИХ-ын 76 гишүүн, төрийн түшээдийг хараасан, ерөөсөн хоёрын аль аль нь нэг зоосны хоёр тал буюу яруу найргаас аль хэдийнэ гээгдсэн хоцрогдсон сэтгэлгээ юм. Мөн алдар цуутан, байгууллага, пүүс компаний тухай бичсэн дууны шүлгүүд үүнд хамаарах агаад Ж.Ганбаатар Ник бидний ирээдүй дууны шүлэгтээ
Орос улсаас үүсэлтэй
ОПЕК-ийн орнуудад түншлэлтэй
Онцгойлох энэ компанийг
Олондоо алдартай НИК гэдэг гэсэн нь урлах аргын хувьд ч улс төрийн сэтгэлгээний хувьд нэгдүгээр ангийн хүүхэд ч бичихгүй буурай сэтгэлгээтэй өчүүхэн өгүүлбэр болжээ. Шинэ юм гэдэг гүн мартагдсан зүйл дахин сэргэхийг хэлнэ гэдэг ёгт утгаар нь авч үзвэл өнгөрсөн зууны социализмын үед бүтээн байгуулалтыг магтан дуулах нэрийн дор томхон үйлдвэр тосгон, нэгдэл болган романтай, нийгмийн давхарга хамтлаг бүр нь дуутай болох шахаж байсан бөгөөд олон нэрт найрагчид Гавшгайчдын дуу, Сэргийлэгчдийн дуу мэтийг хэлхэн оюун, ураа сорьдог байсан гунигт түүх бий. Гэтэл одоо Хамгаалалтын албаны дуу хүртэл радио, телевизээр дуурьсаж байгаа нь түүх дахин давтагдаж, тэр нь олны инээдэм, эмгэнэлт жүжиг болдог гээч нь нүүрлэж буй юм биш биз. Уран сайхны сэтгэлгээ урлах эрдмийн хоцрогдлын талаар гучаад оны тэртээ Дууны яруу найргийн хоцрогдол өгүүлэл бичсэнээ шинэчлэлтийн замд эргэлт буцалтгүй орсон эдүгээ үед эргэн сануулахад илүүдэхгүй болов уу. 1941 онд эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн Шүлэгч нарт сануулах нь өгүүлэлдээ утгын талаар ингэж эрс ондоо боловч хэлбэр ба урлагийн талаар урагш дэвшиж чадахгүй, хуучны ерөөл магтаалын шүлгийг дуурайн нэгэн оронд давтан байхаас биш шинэ арга маягийг эрэхгүй байна хэмээсний жишээ болмоор шүлгийг нэгэн жаран өнгөрсний дараахь шинэ зууны нэртээс эхлээд балчир шүлэгчид бичсээр буй нь юутай өрөвдөлтэй.
1990 оны хувьсгалын дараагаас зохиолч, уран бүтээлчид реализмын хязгаарлалтаас ангижран уран бүтээлийн эрх чөлөө бодит зүйл болж урлаг, уран зохиолыг үзэл суртлын зэвсэг болгохоос уран бүтээлийн эвлэл холбоод нэгэн зэрэг татгалзсан билээ. Гэтэл улс төрийн бодлого, үзэл сурталд хутгалдсан рекламын магтаал дуу зохиогдон тугж, бүх шатны сонгуулийн үеэр урлагийн одод, хамтлагууд олон нам эвслийн суртал ухуулгын ажилд нь сайн дураараа дайчлагдан мөнгө хөөж явааг үзэл суртлын зэвсэг болж байна гэх үү, мөнгөтэй хүн хөгжим захиалдаг гэх зах зээлийн хатуу хуулинд ширвэгдсэн уран бүтээлч мөнгөний бол болж байна гэх үү? Хүнлэг сэтгэлийн илэрхийлэл болсон Амьдрал хайр дээр тогтдог гэсэн уянгын дууны шүлэг хоцрогдсонд тооцогдож орчин үеийн монголын хип хоп урегалд нэр олж яваа Funk Beat хамтлагийнхан мөнгө аз жаргалын түлхүүрээ хэмээн орилолдож байгаа нь юуг өгүүлж, юуг гуйвуулан хуулж явна вэ?

ТӨГСГӨЛ
Хамгийн сүүлд бичсэн шүлэг болгон шинэ байдаггүй гэдэг үг бий. Үнэхээр ч орчин үеийн шинэ хандлагатай хэ мээн тунхаглаж буй нь хоцрогдсон сэтгэлгээтэй, уран чадварын хувьд хуучин үед ч гологдмоор байхад аль эрт зохиогдсон шүлэг найраг ашид мөнх шинэлэг хэвээр, улирах цагийн тоосонд дарагдалгүй уран сайхны гэрэлд цацраан байнам бус уу. Шинэ юм зул болж, хуучин юм ул болох гэсэн үгийг бид шинэ нь мандан бадарч хуучин ь улиран хоцрох гэсэн утгаар ойлгон шинэ юм зулын гэрэл төдий хугацаа тай, хуучин нь ул хөрс, үндэс суурь гэсэн буюу уламжлал гэсэн утгатайг ямагт мартдаг. Уламжлалгүй шинэчлэл, шинэчлэлгүй уламжлал гэж байдаггүй агаад уламжлалгүй шинэчлэл цаг зуурын настай байхад шинэчлэлгүй уламжлал дурсамж төдий үлдэнэ.
Уламжлалт сэтгэлгээнд ч чамлагдаж байсан ур муутай дууны шүлгийг хөг аялгуу, дуучны хоолой хоёрт чирэгдсэн гэж шүүмжилдэг байсан нь эдүгээ ч хэвээр. Гэтэл ийм дууг шинэ үеийн гэж тунхаглан зарлавч ур, утгын аль нь ч хуучин байдаг нь харамсалтай. Түүгээр ч үл барам эрт үед дууны шүлэг нь утгыг илэрхийлэх бус зөвхөн хөг аялгууны айзам хэмнэл жигдлэх үүрэгтэй буюу тогтсон үг хэллэгийг авьяа хэмнэлд тохируулан үглэн дуулдаг байсан нь эдүгээ давтагдах гэж үү бодогдох удаа ч бий. Аль эрт үеэ өнгөрөөсөн юм уу эхлэн бичигчдийн хэмжээнд ч гологдмоор үлбэгэр шүлэгтэй дууг өнөөгийн хүүхэд залуус алга ташин сонссоор байх уу. Алга ташина гэдэг бурхны шашны ёсоор бол ад зэтгэрийг хөөн тонилгох утгыг илэрхийлдэг бол өрнө зүгийн даяаршилд автсан өнөөгийн бидэн дэмжин талархахын утгаар алгаа хорстол ташсаар… Гэвч Туркийн нэрт зохиолч Азиз Несиний Ерөнхийлөгчийг унагах арга гэдэг шог өгүүллэгт Ерөнхийлөгчийг зогсоо зайгүй магтан талархаж алга ташсаар огцруулсан тухай өгүүлдэг. Үнэхээр ч XX зуунд гэхэд л улс төрийн зүтгэлтнүүд төдийгүй социалист нийгмээ коммунист сурталтай нь хамт мандуулах гэж алга ташсаар түүх болгон үлдээсэн билээ.
Тайзны урлагт тавь гаруй жил уран яруу, уянгалаг дуугаараа алдаршин яваа нэрт дуучин, ардын жүжигчин Б.Зангадын хэлеэнчлэн Хичнээн сайхан аялгуу, хичнээн тансаг үнэн үг вэ гэмээр тансаг яруу дуунд жигтэйхэн их автдаг байсан 1960-1970-аад оны дуунуудыг радио, телевизийн захиалгат нэвтрүүлгээр үзэгч сонсогчид захиалах нь элбэгшиж XX зууны шилдэг 25 дуу дуулаачийг шалгаруулах наадам цэнгүүнийг зохиож, яруу найрагт уянгалаг тансаг аяс сэргэж буй нь шүлэг найрагт үгүйлэгдэж буй яруу сайхны эрэлт шаардлагыг илэрхийлнэм бус уу. Тиймээс ч монголын хип хоп урсгалыг үндэслэгчдийн нэг гэгддэг Моn Ta Rep хамтлагийнхан сурвалжлагчийн асуултад хариулахдаа Өнөөгийн хүмүүсийн сэтгэхүй их өөрчлөгдсөн байна. Уянгын дууг илүүтэйгээр хүлээн авч түүнийгээ сонсож тайтгардаг болж гэсэн нь ёстой л нэг юм хэлээд байгаа биз.

Соёлын гавьяат зүтгэлтэн, академич, доктор /Sc.d/, профессор Х.САМПИЛДЭНДЭВ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button