Монголчуудын сонгууль дуусах бол уу?

Сүүлийн хэдэн сар унтах нойр, идэх хоолоо мартан өдөр шөнийг умартан яваа хүмүүс бол яах аргагүй улс төрийнхөн гэдгийг л мэдэх юм. Монголын улс төр гашуун нясуун амттай дарс шиг, нэг бол хар дарсан зүүд шиг, үгүй бол учир нь үл олдох савангын дуурь ч юм шиг хүмүүсийн сэтгэлзүйгээр тоглож нэг, тохуурхаж нэг үзсээр ард түмний толгойг эргүүлдсээр чамлахааргүй хугацааг ардаа хийлээ.
Монгол улсын ерөнхийлөгч гэгдэн түүхэнээ үлдэх шинэ ерөнхийлөгч маань их л сүр дуулиантайхан тангарагаа өргөж, жанжин Сүхбаатарын талбай дээгүүр ард түмнээ ногоон олсоор тусгаарлан, цэрэг цагдаагаар хамгаалуулан байж ёслол үйлдсэн нь энэ улс төрийн өрнөлийн хамгийн оргил нь байсан биз. Цэрэг цагдаа жагсаал хийж, нэг хүний төлөө уухайлж байгаа нь эгээл Хойд Солонгос ч юмуу, Өмнөд хөршийн коммунист тогтолцоог санагдуулах мэт.
Хэл ам, хэрүүл шуугиан болсон сонгууль, шагнал, магтаал, зэмлэл, бүрээ бөмбөр, сүрт жагсаал гээд болдогоороо болоод л өнгөрнө. Харин түүний цаана ард түмний амьдрал үлддэгээрээ л үлдэж байгаа. Ерөнхийлөгч хийгээд төр засгийн тэргүүнүүдийг Их жанжины талбайд дуу хуур хөгжим цэнгээнтэй, баяр ёслол хийж байхад Ялалтын талбайд ядуу зүдүү ард иргэд идэх хоолныхоо төлөө жагсаж хорвоогийн нэг өдрийг элээсэн. Тэд төр засагтаа хандсангүй, юм нэхсэнгүй, жагсаал цуглаан хийсэнгүй. Тэд ганц олдох үнэгүй хоолны төлөө дугаарлан жагсаж байгаа нь тэр. Хамгийн эмгэнэлтэй нь тэд зөвхөн өнөө маргаашийн боов талхнаас илүүтэй харж чадахгүй, амьдралын сайхан муухайг ч ялгах сөхөөгүй, ийм л байх юм шиг өөр өөрийнхөө хувь заяагаар явсаар. Юутай ч нийслэлийн хоёр том талбай дээр болсон энэ эсрэг тэсрэг дүр зураг энэ хорвоогийн өнгө мөнгө, хар цагааныг дэнсэлсэн манай монголчуудын бодит амьдрал. Саарал ордон гэж дүнхийсэн сайхан байшинд хэн юу ярьж, юу талцаж, юугаа хэлэлцэж, юундаа хэрэлддэгийг тэд мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй. Сонгууль гэж хэн хэн нэр дэвшиж, хэний төлөө саналаа өгөхийг ч сонирхохгүй. Тэд хувь заяагаа өөрсдийнх нь гарт байж төрийн хэрэгт нэг хором ч гэсэн оролцоно гэдгийг сонирхохгүй. /Сонирхоод ч нэмэр байх биш/. Мадаггүй л уралдсан хэдээс нэг нь түрүүлдэгээр түрүүлж, гарах нэг нь гарч, унах нэг нь унана л биз. Хэнд хамаатай юм. Амьдрал өнөөдөр ийм л байна.
Харин томчууд нь хэдэн давхар асарт сууж, хамгаалалт юмаар халхавчилан ард түмнээсээ тасран, хотын гудамжаар хамаг машин зам хаан байж салхи татуулан давхин одно. Тэд ард түмний бодит амьдралаас ингэж л давхин өнгөрнө.
Улс төр харин мэддэг хүндээ бол хөл үймээнтэй. Бухимдаж уурлаж бүр хашгичиж орилмоор…
Хаа сайгүй хэрүүл тэмцэл өрсөлдөөн. Саарал ордондоо төрийн түшээд нь суудлын төлөө хэрэлдэж, бэлтэй бизнесмэнүүд нь бие биенээ хэмлэлдэж, бядгүй ядуухан шиг нь хогон дээрээ зодолдоод. Монголчууд минь, монголын үр сад минь хаана явна даа. Ядуусын амьдралруу өнгийн харахад савантай хөөс, сайхан хоол, унтах орон, уух ус нь байвал боллоо гэх. Улс төрийнхний жүжиг хэзээ нэг дуусаж, учир нь үл олдох, хөл толгой нь мэдэгдэхгүй элдэв явдлаас салж, хэзээ нэг төрийн түшээд нь ажилдаа орж, хүн ард нь амар тайван болох юм болдоо.
Нэг хормойг нь нөхөхөөр нөгөө хормойд нь цоорхой гараад, нөгөө хормойг нь бөглөхөөд бас нөгөөд нь цоорхой гарсаар улс төрийн өрсөлдөөн гэж дуусаж дундрахгүй, монголчууд сонгуулиас сонгуулийн хооронд, даргаас даргын хооронд, хэдэн эрх мэдэлтнүүдийн дунд бөмбөрөөд л байдаг.
Өнгөрсөн жилийн сонгуулиас эхлээд л хаа сайгүй даргын төлөөх цусгүй тулаан өрнөж, хор шар, хэл ам, хэрүүл тэмцэлийн хилэн тасраагүй.
Шинэхэн ерөнхийлөгч сонгуульд ялснаар УИХ-ын дарга хэмээх төрийн эрх мэдэл бүхий төрийн гурван өндөрлөгийн суудал эзгүйгээд ирсэн. Бас хамгийн нөлөө бүхий улс төрийн хүчний тэргүүний орон тоо ч гарсан. Түүний хажуугаар 65-р тойрог гэдэг бай гараад ирлээ. Энэ бүхний төлөө хаа сайгүй л тус тусын ашиг сонирхлын бүлэглэлүүдийн битүүхэн тэмцэл өрнөж байсан нь лавтай. Харин ах намынхан даргаараа гэнэтхэн Улаанбаатарчуудаас өөр бараг хэн ч мэдэхгүй М.Энхболдыг гаргаад ирсэн. Ингээд энэ улс төрийн хүчин залуу халуун, шинэхэн даргаар овоглох болж. М.Энхболд хэмээх шинэхэн акул хотын захирагч хүртлээ бойжиж гүйцээд сугарч гарав бололтой. Шинэхэн даргыг тушаал дэвшээд яваад өгөхөөр бас л орных нь хүнийг хайх том ажил гарсан биз. Тиймээс хот хэмээх их айлын эзэнээр одооноос олон хүний нэр дурдагдаад байгаа. Хамгийн их шанстай хүн нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Т.Билэгт. Гэвч тэр хүний нэр Ерөнхийлөгчийн тамгийн газрын даргад ч бас ягигдаад байгаа бололтой.
Харин хууль тогтоох байгууллагын шинэхэн Спикрээр Хууль зүй Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж ямар ч өрсөлдөгчгүй, сэмхэн гараад ирлээ. Нэгэнт давуу эрхийнхээ дагуу МАХН-хан УИХ-д нэр дэвшүүлээд оруулаад ирэхээр хүссэн хүсээгүй намын бүлгийнхэний дэмжлэгтэйгээр 76 гишүүнээс 46 гишүүний ирцтэйгээр Буурал ардчилагч Э.Бат-Yүлээс өөр татгалзагчгүй торойгоод гараад ирсэн. Нямдоржийн алерги-тай гэгдэх Гүндалай яагаад чимээгүй байв, тэр хоёрын тулаан яагаад болсонгүй гэж олон хүн мууд дурласан. Харин Азаар Гүндалай тэргүүтэй түүнийг эсэргүүцэгчид тэр үеэр байсангүй. Бас хүчтэй өрсөлдөгч Баяр ч азаар уу, хүчээр үү эзгүй таарлаа.
Ийнхүү урд хормойгоо авч хойд хормойгоор нөхөхөд бас нөгөөгөө бөглөх хэрэг гарна. Тиймээс Төрийн эрх барих дээд байгууллагаруу дэвшээд явчихсан ХЗДХЯам эзэнгүй боллоо. Харин хэн ирэх бол гэдэг асуудал хэн хүнгүй сонирхол татаж байна. Мэдээж Ху нам өөрийнхөө хүнийг тавьчих сонирхолтой. Нэн ялангуяа тушаал дэвшсэн сайд хэдэн жил хэл ам хийн барин хашсан албаа нэр төртэйхэн шиг үргэлжлүүлээд явчих өөрийн гарын хүнийг болгох сонирхолтой, саналын давуу эрхтэй ч байж мэднэ. Одоогоор түүний ажлыг аваад явчих цэх шудрага зарчимч байдлаас нь суралцсан гэх ГХЯ-ны сайд Ц.Мөнх-Оргилын нэр яригдаж байгаа ч түүний хашиж байгаа албыг бас хэн үргэлжлүүлэх вэ гэдэг асуудал ч гарч ирэх болно. Ямартай ч түүнийг орлож буй дэд сайдыг намын харъяаллаар нь ХЗДХ-ийн сайдаар томилно гэж горьдолтгүй л болов уу? Харин зөвшилцөл нэрийн доор талцан хуваасан албан тушаалийн бялуу дуусахгүй нь бололтой. Төрийн эрх мэдэл бүхий томоохон албыг хувьсгалт нам дангаараа авах сонирхолтой болж, төрийн дээр нам байж болдог гэсэн тоглолтыг үзүүлж эхэллээ.
65-р тойрог гэж сайхан хэрүүлийн алим. Юутай ч энэ суудал бол их хуралд байр сууриа олох намуудын хувьд хамгийн сүүлийн шанс. Тиймээс энэ тойрогт аль болох хамгийн баталгаатай гэсэн хүнээ намууд тавина. Мэдээж уламжлалт байдлаар бүх нам эвслүүд Юумыг яаж мэдэх вэ гэсэн байр сууринаас хүнээ дэвшүүлж, нэр дэвшигчид нь улс төрийн карераа өсгөх зорилгоор өрсөлдсөн болно. Гэвч эцсийн бүлэгт улс төрийн хоёр том хүчинээс хэн нь байх вэ гэдэг л яригдана. Одоогоор энэ тойрогт М.Энхболд, Ц.Элбэгдорж нар тодроод байгаа. Хувьгалт нам нэрээ эцэслэн шийдээгүй боловч ерөнхийлөгч асан Н.Багабандийн нэр яригдаж байгаа боловч намын томчууд түүнийг дахин дээш гаргах сонирхол байхгүй бололтой. Харин М.Энхболдыг залуу халаа, залуу боловсон хүчнээ дэмжих нэрийн доор өөрийн талын хүнийг гаргахаар зүтгүүлж, аль хэдийн хороо найруулаад эхэлсэн бололтой.
Харин Ерөнхий сайд С.Элбэгдоржийн хувьд өөрийнх нь хэлсэнээр өндөг шиг байгаа засгийн газраа хагалахгүй авч явахын аргагүй байгаа тул унасан ч зөөлөн газардах хөрс нь УИХ. Тэгээд ч засгийн газрыг тэргүүлж байх хугацаандаа хийсэн бүтээсэн амжуулсан бүхэн нь хангалттай түүний РR болох тул харьцангуй найдлагатай. Тэгээд ч энэ тойрог угаасаа ерөнхий сайдын тойрог гэсэн үзлийг бий болгоод эхэлчихсэн. Харин экс ерөнхийлөгч гараад ирвэл бусад нь нохой хуцаад саранд хүрэхгүйн үлгэр болох биз.
Бас монголоос өөр дэлхийн түүхэнд байдаг болов уу гэмээр хэл ам болон хийсэн сонгуулийнхаа 24-р тойргийн учирыг хууль хяналт хийгээд холбогдох байгууллагууд нь шийдэж чадахгүй нэг жилийг үдлээ. Өнөөдрийг хүртэл Өвөрхангайн нэг тойрог төр засагт төлөөлөлгүй явж ирсэн. Ийнхүү ард түмэн парламентэд төлөөлөлгүй байж болдог юм байна гэсэн бодит жишээ энэ. Тэгэхээр 76 гишүүн хэний төлөөлөл болох ёстой юм бэ?
Монголчууд маань лидерээр дутаад байна уу эсвэл лидер нь ихдээд байна уу. Нам, эвсэл бүлгийн сонирхол улс эх орны эрх ашигаас дээгүүр тавигдаж, хувийн анбицаар асуудалд ханддаг болсон энэ үед монголчууд маань хаашаа явж байна даа.
Юутай ч улс төрийн амьдралын жүжиг дуусах болоогүй бололтой.
Ж.Алт
/Оллоо.МН/