Хүй долоон худгаар сонин юутай вэ?

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АРАБ ШYДЛЭН ЭНЭ НААДАМД ТООСОО ӨРГӨНӨ
Бас нэлээд салхитай. Гурав, дөрөвхөн хоногийн дараа хэдэн мянган хүн, мянга мянган адуу, автомашинтайгаа цугларч баярлацгаах үед тоос шороо ямар байх бол гэж аандаа бодогдоно. Хүй долоон худгийн энэ их хуурай талыг Галзуу хар-ын ганц худаг л нэг юм нойтмоглосон болдог бололтой.
Уяачдын маань түрүүч хэдийнэ ирээд буудаллажээ. Томчууд-аас гэвэл манлай уяач Д.Даваахүү, улсын начин манлай уяач Ц.Дуламсүрэн, алдарт уяач Д.Цэнд-Аюуш нарын гал ирж. Бусад нь хараахан ирж амжаагүй (5-ны байдлаар) л байна. Бас энэ тэндхийн хувийн компаниудын уяачид ч хүрэлцэн иржээ.
Хурдан морьд уяан дээрээ зүүрмэглэж, уяачид гэр, майхнаа босгоод тохижоод авч. Заримынх нь гадаа япон жийпүүд, усны цистерн нь ч үзэгдэнэ. Гэхдээ холын аймгуудаас ирсэн нь цөөхөн ч юм шиг. Учир нь буугаад мордсон уяачдын галын ихэнх нь хотынх байх. Олны ярьж буйгаар хөдөөх уяачид нутагтаа наадах дуртай болсон гэх юм. Улсад ирээд уралдах гэхээр тэдэнд түрүү, айраг авах боломж олддоггүй юм уу даа. Одоо бэлтэй болгон л морь руу орчихоод түрүүг түүж байгаа, тэгээд ч орчин үед улсад уралдах хурдан морины зардлыг дийлэхгүй зэрэг нь тэдэнд шалтгаан болж байгаа бололтой.
Энэ жилийн наадэмд нас, насанд 300-гаас илүү хурдан хүлэг уралдах байхаа хэмээн уяачид ярьж байна. Өнгөрсөн өвөл өнтэй байсан учир уяачид олноор ирэх болов уу гэж тэд таамаглаж байгаа юм. Бас энэ жил хурдан морины уралдах бүх зайг гурав, гурван км-ээр сунгаж тогтоосон сонинтой байна. Жишээлбэл, их насыг гэхэд л хуучин 25 км-ын зайнаас эргүүлдэг байсан бол өнөө жил 28 км-ээс эргүүлэх болсон. Уяачид зайг ихэегэсэн нь эрлийз морь, жинхэнэ монгол морины шандасыг шалгана гэцгээж байлаа.
УЯАЧДЫН ЗОВЛОН ЮУ ВЭ?
Хамгийн гол нь морь эргэх явдал гэцгээж байх юм. Гарааны зурвас руу явж буй морьдыг гэнэтхэн Эргээд гээд л уралдуулчихдагииг та мэдэж байгаа байх. Тэр үед гарааны зурвас руу цувж яваа тэдгээр 300-400 морьдийн хамгийн хойно явж байгаа морьд хамгийн түрүүнд эргээд л тоос шороогоор бусдыгаа даран хурдалдаг. Тэр олон морьдын хамгийн өмнө нь буюу 100-300 метрийн зайтайгаар гарааны зурвас руу явж байсан морьд ямар ч хурдан аргамаг байсан ч зай барьж гүйццэггүй гэж уяачид ярьж байна. Бас Хүй долоон худаг ямар тоостой билээ дээ. Тэгэхээр уралдах морьдийг эгнээ болгон жагсаан уралдуулж байхыг уяачид бур л хүсэж байна лээ. Хэдэн зуун метрын ард л биш бол 3-4 эгнээ болгон жагсаахад арын эгнээнд морио зогеоосон ч гомдолгүй гэцгээнэ.
Саяхны нэгэн сунгаа дээр Хүй долоон худагт 100 орчим морьд хурдалжээ. Тэдний 100 орчим автомашин дагасан гэнэ. Бөөн тоос. Юун морио хэдэд ирж байгааг ныхарахтай манатай байж. Уяачид энэ жилийн наадмаар морьдыг долоохон автомашин дагана гэж байгаа ч энэ тоо дор хаяж 70 хүрнэ гэж хэлж байна. Алдар цуутай уяачид ч гэсэн дагадаг гэнэ лээ. Тиим болохоор гарааны зурхай руу явж байх үедээ тэд өөрсдийн морьдоо хамгийн ард авч үлдээд, хамгийн түрүүнд эргүүж чаддаг юм байна.
ЭРХЭМ ЗОЧИН-МАЛЫН ЭМЧ
Малын эмч нар уяачдын галтай уралданхан очиж, зэрэгцэнхэн буужээ. Одоо л малын эмч нар уяачдын хувьд үнэд ордог цаг. Эмч нар энэ тэндхийн галаар уригдан очиж, тэдний хурдан хүлгүүдэд дусал залгаж явна. Уяачид ч эмч ирнэ гээд шилтэй натри хлорид, глюкоз, витамин комплекс зэрэг цочир хүч тамир оруулагч тариа бэлдмэлээ хэдийнэ бэлджээ.
Ер нь бүгд л дээрх мэтийн бэлдмэлээр морьдынхоо хүчийг сэлбэдэг болчихеоныг нэгэнт нууж хаагаад байх юмгүй болж. Өөр ч бидний мэдэхгүй сонин бэлдмэл үүд ч байдаг бололтой.
Тухайлбал, ХБНГУ-аас оруулж ирсэн кг нь 7500 төгрөгийн үнэтэй нэгэн овъёос байдаг гэнэ. Түүнийг анхМакс импэкс-ийн Ганбаатар оруулж ирсэн сурагтай. Олон витаминийг дотроо агуулсан түүнээс нь 30-хан граммыг хүүхдийн МАМА-тай холиод өгчихөд л… хэмээн уяачид ярих юм билээ.
Овъёос гэснээс ноднин жилийн наадмаар шуудай овъёос 30 мянгад хүрч байжээ. Тиим болохоор өнгөрсөн өвөл ихэд нөөцөлж авчээ, уяачид маань.
ЭНЭ ЖИЛ МОРИНЫ ХҮҮХЭД ҮНЭТЭЙ ХУВЦАС ӨМСӨХГҮЙ
Энэ жил баяр наадмын комисс хурдан морины хүүхдүүдэд заавал хувцас өмс гэсэн. Үгүй бол уралдуулахгүй гэлээ. Гэтэл тэр хувцасны нэг бүрийн үнэ 250 мянган төгрөг байв. Үүнийг бизнес хийж байна гэж хараар бодохоосоо өмнө бэл нимгэн уяачдад их дарамт болно гэж зөөлдөж бодьё. Гэхдээ уяачид эсэргүүцсэний хүчинд ямар ч байсан энэ жил тиим их үнэтэй хувцас өмсөхгүй болжээ. Харин хүүхэд тохомтой биш заавал эмээлтэй уралдах ёстой гэнэ. Бас хамгаалалтын малгай (мотоциклчдын өмсдөг малгай) ч гэсэн заавал байх учиртай. Мэн морь унасан хүүхдэд бай, шагналын дор хаяж 20 хувийг уяачид өгөх ёстой гэж дүрэмд заасан байгаа.
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНЭ ЖИЛ СОЁОЛОНГИЙН ТООСЫГ ХОНОЖ ҮЗНЭ
Одоо үед хурдан морь руу ороогүй нэр хүнд бүхий хүмүүс гэж бараг үгүй. Бизнесмэнүүд, бөхчүүдээс эхлээд гишүүд, сайд дарга нар ч морь сонирхдог болсныг бид мэднэ. Тухайлбал бидний мэдэх уяачид дээр нэмж, улсын арслан Мөнх-Эрдэнэ энэ жилээс морь уяж эхэлжээ. Х.Баянмөнх аварга ч гэсэн. Гэхдээ аварга улсад дийлэхгүй байх гээд аймаг, сумын наадам сонирхож байгаа сурагтай. Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад хаанаас ч билээ, араб угшилын хурдан удмын азарга, унагатай гүү бэлгэнд өгч байсныг санаж буй байх. Өдгөө өнөөх унага нь монгол түмний наадамд тоосоо өргөхөөр алдарт уяач Д.Цэнд-Аюушийн уяан дээр сойгдож байна. Саяхны сунгаан дээр бор зүсмийн уг араб шүдлэн тун ч хурдан байжээ. Бусдаасаа хол ирсэн юм байх. Харайх ч гэж лут байсан шүү хэмээн хүмүүс ярьж байна билээ.
Харин Ерөнхийлөгчийн морийг уяж байгаа апдарт уяач маань Н.Энхбаяр даргыг ирэх байлгүй гэнэ билээ. Түүний хэлснээр шинэ Ерөнхийлөгч маань энэ наадамд соёолонг хонож үзэх нь бололтой.
ЭНЭ НААДАМД ХЭН, ХЭНИЙ МОРЬ ӨНГӨЛӨХ БОЛ…
Их насанд Д.Ононгийн барга морь, Г.Сундуйжавын уяаны Ч.Улаан сайдын халтар халзан, хүрэн морьд яригдаж байна. Бас Эрдэнэчулууны Их хурд-д түрүүлж байсан халзан морь, Ц.Дуламсүрэнгийн Хотгор хээр энэ хэдийг өнгөлж давхина гэж уяачид хүүрнэлдэж байна.
Харин азарганы уралдаанд Эрдэнчулууны шарга азарга, даатгалын газрын дарга асан Жаргалсайханы Даатгалын хар тун ч хурдан байгаа сурагтай. Бас төмөр замын Бямбадоржийн Мөнгөл хөлт хэмээх азарга ч өнгөнд давхина гэж байх юм. . Харин соёолонд Дарьгангын Алтан овооны наадмын түрүүг авсан Д.Ононгийн хамар цагаан зээрд соёолонг лавтай гэж зүсэллээ. Хязааланд мөн л Алтан овооны наадамд түрүүлсэн Д.Ононгийн зээрд халзан, М.Энхболд мэр-ийн Мөлөн хул хоёр түрүү авахаар шандас сорих сурагтай. Харин шүдлэн насны морьдийн уралдаанд Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын араб угшилтай шүдлэн, далай аварга А.Сүхбатын ах А.Батсүхийн шарга шүдлэн сонсогдож байна.
Гэхдээ наадмын салхи хаашаа эргэж, хэний хүүгийн магнайг тэнийлгэхийг мэдэх аргагүй.
НААДМЫН ДАРАА…
Наадмын дараа намар гэх гэсэнгүй… Харин наадмын дараа буюу 13-ны өдөр энэ дэнж дээр морины томоохон наймаа явагддаг. Мэдээж хэрэг наадмын өнгөнд давхисан морьд буюу эхний 20-д давхисан морьд арилжаалагддаг гэнэ. Ингэж холоос ирсэн зарим уяачид буцах зардлаа олдог бол бусад нь өөр өөрсдийн хурдан хүлэгтэй болцгоодог ажээ. Голчлон хурдан удмаараа алдартай Сүхбаатарчууд их панз үсэргэдэг гэнэ билээ. Тэгээд ч хурдан морины бараг 90 орчим хувь нь Сүхбаатар аймаг, Сүхбаатартай залгаа Хэнтий аймгийн Галшаргийнх байдаг. Яагаад Сүхбаатарчууд хурдан хүлэгтэй байдаг вэ гэдгийг уяачид манжийн хааны татвар хураах явдалтай холбож тайлбарлах юм. Манжийн харъяанд байсан монголчууд жил бүр түмэн морины татвар төлөхдөө Дарьгангад цуглуулан хил давуулдаг байжээ. Энэ үед л зүг зүгээс ирсэн сайн морьдыг үлдээж, оронд өөр морь хил гаргах явдал их байсан гэнэ лээ.
Хүйн дэнжийн сонин иймэрхүү л байна. Манай сурвалжлах хэсгийг буцах замд уяачид хурдан хүлгээ хөтлөөд, эсвэл ЗИЛ-130 ачааны машин ачаад ирцгээж явав.
Өнөө өглөө их сунгаа болно. Сонирхвол та тийш давхиарай. Тэгвэл хэн, хэний морь өнгенд давхихийг таамаглах боломжтой юм. Наадам ч айсуй…
НААДАМ ДӨХҮҮЛЖ БАЙГААД ЗУРАГТАА АВЧИРНА ДАА…
Хүй долоон худгаар орсоных Увс аймгийн Өндөрхангай сумын алдарт уяач Д.Цэнд-Аюуш болон Улаанбаатар хотын харьяат С.Баатар хэмээх уяачынхаар буугаад мордлоо. Алдарт уяачийнх энэ жил 40 гаруй хурдан хүлгээ сойжээ. Их насанд гэхэд л 15 морь уралдуулах гэнэ. Түүний галд бас дөрвөн уяач яваа аж. Алдарт уяач маань Одоо юм хэлээд яахав гээд ярихдаа жаахан дурамжхан. Харин Наадмын дараа тухтай ирээрэй. Тэр үсэр сайхан ярилцая гэж байлаа.
Харин С.Баатар уяач бол багш хүн. МУИС-ийн эдийн засгийн сургуулийн багшилдаг, доктор, профессор хүн. 1998 оноос эхлэн морь уяж эхэлсэн тэр энэ жил зургаан насанд 20 орчим хурдан хүлгээ сойжээ. Аймаг, суманд олон түрүү авч байсан С.Баатар уяач өнөө жил зээрд үрээндээ болон өнгөрсөн жил улсын наадамд их насанд наймд ирсэн бор мориндоо найдлага ихэд тавьж байгаа юм билээ. Түүний бор морь Шувуун саарал наадмын түрүү, долоон настайдаа Их хурд-д аравт, наймтайдаа улсад аравт, Сүхбаатар аймгийн 60 жилээр дөрөвт хурдалж байсан хурдан хүлэг юм билээ. Харин естэйдөө Төв аймгийн Эрдэнэсант сумын 80 жилийн түрүүг авч, өнгөрсөн жил арван настайдаа улсад наймд давхижээ. Одоо бол 11-тэй хурдан хүлэг.
Хүйн дэнж гандуу, хүн , малгүй л ангаж байна гэж С.Баатар уяач ярьж суув. Тиймээс өчигдөр (5-ны өдөр) л гэхэд цистернээр ус авчирч, уяагаа тойруулан асгажээ. Бас ногооны гарц ч тун муу байгаа ажээ. Адуугаа шөнөдөө манаж хонохгүй бол хулгайч цөөн биш гэнэ. С.Баатар уяачийнх наадам дөхүүлж байгаад зурагт авчирч, бөхөө үзнэ. Бас Хүй долоон худгийн дэнж дээр гар утасны сүлжээ барьдаг болчихсон учир хот руу гар утсаараа холбоо барьчихдаг.
Улсын наадмын дараа уяач маань Хархоринг жишиг хот болгох гэж байгаатай холбогдуулан хийх наадмыг зорих гэнэ. Бас энэ сарын 29-30-нд болох Увс аймгийн 80 жилийн ойг тохиолдуулах хийх Баруун бүсийн хурд-д оролцоно гэнэ билээ. Түүний уясан хүлгүүд энэ жил хурдан байх болтугай.
С.СОДБААТАР
(өдрийн сонин 2005-07-07 164)