Казакстаныг зорьсон Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнөө орой Улаанбаатарт ирнэ

Энэ сёрын 4-ний орой тэрбээр дээд хэмжээний уулзалт болох Казахстаны нийслэл Астана хотод хүрэлцэн ирсэн юм. ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын түвшний арга хэмжээнд Монгол Улс анх удаа оролцож буй нь энэ аж. ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлжээ. Тэрбээр хэлсэн үгэндээ ШХАБ-ын энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа минь Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо Азийн чиглэлд ач холбогдол өгч, бүс нутгийн итеграцчлалын явцад оролцох, ШХАБ-тай хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх, манай сонирхлын илэрхийлэл хэмээн онцлов. Тэрбээр Монголын өнөөгийн байдлынтухай яриад Монгол Улс ШХАБ-тай эн тэргүүнд худалдаа, эдийн засгийн хэлхээ холбоогоо хөгжүүлэх, дамжин өнгөрүүлэх тээврийг оролцуулан бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн хамтын төслүүд хэрэгжүүлэхийг сонирхож байна. Худалдаа, хөрөнгө оруулалт болон тээврийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн тодорхой төслүүдэд оролцох боломжтой болоход бид онцгой ач холбогдол өгч байна гэлээ.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр Казакстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевтай Аккордо ордонд ганцаарчилсан уулзалт хийжээ. Уулзалтын үсэр Н.Энхбаяр Монгол, Казакстаны харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжин хөгжиж байгааг тэмдэглээд энэхүү харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулан, бололцоотой бүх л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Н.Назарбаев Монгол Улсын төрийн тэргүүн Н.Энхбаярт бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргээд хоёр талын харилцааг бүх чиглэлд гүнзгийрүүлэх саналыг бүрэн дэмжиж байгаагаа нотлов.
ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн улс орнуудын төр засгийн тэргүүн нар Президент отель буудалд хоёр талын зангиагүй уулзалтууд хийсэн байна.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр өчигдөр 12 цагийн үед Астана хотоос Баянөлгийг зорьжээ. Оройдоо Баян-Өлгийд хүрэлцэн ирж, шөнө дунд Ховд аймгийн Мянгат сумийг зорив Ерөнхийлөгч энд Алтанхөхийг тайх, суварга аравнайлах ёслолд оролцож, тахилгад зориулсан бэсрэг наадам үзээд өнөө оройдоо нийслэлд ирэх юм.
Б.ЭГШИГЛЭН
(өдрийн сонин 2005-07-07 164)