Засгийн газрын хүндэт өргөмжлөлийг 17 хүнд гардуулав

Их Монгол Улс байгуулагдсаны 799 жил, Ардын хувьсгалын 84 жилийн ойг тохиолдуулан Засгийн газрын хүндэт өргөмжлөл-ийг өчигдөр 17 хүнд гардуулав. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Л.Хангай, Хүнс хөдөе аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат, БОЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга А.Намхай, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Р.Жигжид, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын хүн эмнэлэгийн их эмч С.Махбариад, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин М.Болд, Барилга-угсралтын Тангар инвест ХХК-ийн ерөнхий захирал С.Пүрэв зэрэг салбар салбарын тэргүүний хүмүүс хүндэт өргөмжлөл хүртлээ. Жил бүрийн салбарын тэргүүний хүнээ сайд нар нь тодорхойлдог аж.
Төрийн хүндэтгэлийн өргөөнд Ерөнхий сайд Ц.Элбэгдорж салбар салбарын тэргүүний хүмүүст, өргөмжлөл, цомыг нь гардуулж, баяр хүргэж амжилт хүслээ.
Хүнс, хөдөө, аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь Төрийн албан хаагчийн хувьд Засгийн газрынхаа дээд шагналыг хүртэнэ гэдэг эрхэм дээд хүндэтгэл юм. Энэ жилийн хувьд манай салбарынхан хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрсдэлд өртөмтгий байдлаас хамгаалах чиглэлээр олон ажил хийж байгаа. Яамны ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэлж энэхүү нэр хүндтэй шагналаар намайг шагнасан болов уу гэж ярилаа. Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин М.Болд Энэ шагналыг авч байгаа хүмүүсийг харахад би хамгийн залуу нь юм шиг байна. Их урлагийнхнаа төлөөлж, энэ шагналыг хуртсэндээ баяртай байна гэлээ. Шагнал гардуулахад Засгийн газрын гишүүд байлцсан юм.
Б.ЭГШИГЛЭН
(өдрийн сонин 2005-07-07 164)