Ижил хүйстэн залуу ДОХ-ын халдвар тээгч 10 дахь хүнээр тодорлоо.

Саяхан 10 дахь хүн бүртгэгдлээ. Гэвч Монголд ДОХ-той 10 хүн бий гэсэн мэдээлэл нэг л эргэлзээтэй санагдаад байх боллоо
ДОХ-ын шинэ тохиолдол илэрсэн талаар Эрүүл мэндийн сайд Т.Гандигаас тодрууллаа.
-Сайд аа, ДОХ-той 10 дахь монгол хүний талаар тодруулах гэсэн юм. Үнэхээр ийм тохиолдол илэрсэн үү?
-Тиймээ,10 дахь тохиолдол илэрсэн.
-Ямар хүн юм бэ?
-Ижил хүйстэн залуу.
-Хэзээ илэрсэн юм бол?
-Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн мэдэж байгаа. Би хуралд сууж байна.
ДОХ-ын шинэ тохиолдол илэрсэн тухай мэдээлэл тархаад удаагүй байна. Гэхдээ энэ талаар албан ёсны мэдээлэл,тайлбарыг холбогдох газрууд нь хараахан хийгээгүй байгаа. Манай улс 1992 онд ДОХ-ын халдвар авсан анхны хүнээ албан ёсоор бүртгэж олон нийтэд зарласан. Түүнээс хойш13 жилийн хугацаанд нэмж найман тохиолдол илэрсэн. Саяхан10 дахь хүн бүртгэгдлээ. Гэвч Монголд ДОХ-той 10 хүн бий гэсэн мэдээлэл нэг л эргэлзээтэй санагдаад байх боллоо. НҮБ-ын ДОХ-той тэмцэх хөтөлбөрөөс 2004 оны нэгдүгээр сарын байдлаар монголд 500 орчим хүн энэ өвчний халдвар авсан байх магадлалтай гэсэн тооцоог гаргажээ. Эрүүл мэндийн яам Глобаль сангийн ДОХ-ын төслөөс гаргасан товхимолд 2004-2014 онд манай улсад ДОХ-оос шалтгаалж 2500 хүн нас барна гэжээ. Хэдийгээр урьдчилсан байдлаар,судалгаа маягаар гаргасан боловч түгшүүр төрүүлэм энэ тоог бид анзааралгүй өнгөрч боломжгүй санагдана. Учир нь монголд ДОХ-ын халдвар тархах эрсдэл өндөр байна. Манай өмнөд, хойд хөрш орнуудад энэ өвчний тархалт гэрлийн хурдаар өсч байгаа. Гадаад хэргийн яамны мэдээллээр100 мянга гаруй монгол иргэн гадаадад сурч,ажиллаж,амьдарч байна гэсэн тооцоо бий. Дэлхий ертөнц бүхэлдээ ДОХ-ын хаанчлалд өртчихөөд байгаа нөхцөлд ийм хэмжээний монгол хүн харьд байна гээд бод доо.
Үүнээс гадна биеэ үнэлэгчдийн арми улам залуужин хүрээгээ тэлэх болсныг захын сониноос уншиж болно. Ер нь нийслэл Улаанбаатар хот маань бэлгийн амьдралын хувьд хэт замбараагүй, энгэр султай гэдгийг нүх сүв, байрны орц хонгил бүхэнд баригдсан баар, шөнийн цэнгээний газруудаар нь тодорхойлж болно. Улаанбаатар хотод байгаа баарны тоог гаргаснаас тэнгэрийн одыг тоолсон нь илүү амар. Иймэрхүү гадаад, дотоод хүчин зүйлийг т ооцон бодоход Монголд ДОХ-той есөн хүн байна гэсэн мэргэжлийн хүмүүсийн албан ёсны тайлбар нэг л үнэмшилгүй сонсогдоод байдаг юм. Монголд ДОХ-ын 10 дахь тохиолдол илэрсэн талаар мэдээлэл авахаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд очлоо. Харамсалтай нь тус төвийн ДОХ бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны алба гэсэн хэл хугалчихмаар нэртэй байгууллагын дарга нь гадаадад хуралд оролцохоор явжээ. Эмчилгээ, үйлчилгээ хариуцсан багийн ахлагч Х.Даваажав гэдэг хүн даргыгаа орлож байгаа гэнэ. Гэвч орлогч ньбас л хуралд сууж байгаа гэсээр хоёр өдөр олдсонгүй. Арай гэж утсаар холбогдоход Ямар нэгэн мэдээлэл өгөхгүй. Бид батлагдаж нотлогдсон мэдээлэл л өгдөг. Ер нь хэн тийм юм яриад байгаа юм гэлээ. ДОХ-ын 10 дахь тохиолдол илэрсэн тухай хэвлэлд гарсан. Бүр Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн нь ярьсан байна билээ гэхэд Тэгвэл тэр яамныхаа мэргэжилтнээс асуухгүй юу гэж ундууцав. Ер нь ДОХ-ын төвийнхөн маань энэ талын мэдээллийг хэр сайн нууцалж чадна ДОХ-оос төдий чинээ сайн сэргийлж чадна гэсэн өрөөсгөл ойлголттой явдаг бололтой. Эсвэл Монголд ДОХ-той хүний тоо цөөн байх тусмаа тус албаны ажил нь сайн байна гэж дүгнэгддэг юм болов уу.
Б.Эрдэнэ
2005.07.7, Ардын эрх