А-80 дээр тусгай шингэн холиод л АИ-92…

Эрс шийдэмгий энэ хариуг нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй Шатахуун түгээх станц (ШТС)-ууд хийсэн мэргэжлийн байгууллагын шалгалтын дүн өгөв. Улсын мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 22 аж ахуйн нэгжийн 56 станцыг хамруулан шалгасан байна. Шалгалтаар итгэхэд бэрх, маш ноцтой зөрчлүүд илэрсэн байх юм.
Нефть борлуулагч ихэнх компаниуд таван алхам тутамд нэг шатахуун түгээх станц барьж, харваас ашиглалтад шууд оруулж болмооргүй атал хэдийнэ үйл ажиллагаагаа явуулж эхэлдэг нь бидний нүдэнд үргэлж ил харагдаж байдаг зөрчил. Харин нүднээс далд тэд юу хийдэг бол Ямартаа ч Оньс трейд, Бадрал, Золо трейд, Синчи Ойл, Батхүрэл, Жаст, Жамп, Химийн шингэн, Хурдан загал, Сод Монгол групп, Магнай трейд, Алтжин, Глобаль лайн, Тэспетролеум компаниудын харьяа ШТС-ууд газрын тосны бүтээгдэхүүнийг бөөнөөр хүлээн авах, хадгалах, түгээх технологийг зөрчиж шатахууны агуулахаас нефтийн бүтээгдэхүүнийг тээврийн хэрэгсэлд бөөнөөр ачуулсан тухай бүрт чанарын дагалдахаа дагуулж авдаггүй, жижиглэнгээр худалдаалагдаж буй шатах тосох материалаа нормативт хугацаанд чанарын шинжилгээнд хамруулж хэвшээгүй зэрэг нь хууль, журам, заалтуудыг бүрэн зөрчсөн хэрэг болж байгаа аж. Эдгээр зөрчлөөс үндэслэн чанарыг нь батлах баримтгүйгээр нийтэд бүтээгдэхуүнээ борлуулж байсан аж ахуйн нэгжүүдийн шатахуун түгээх 14 станцын шатахуун хадгалах 81 савнаас авсан дээжийг хөндлөнгийн сорилтын лабораторт шинжлүүлэхэд Алтжин, Синчи Ойл, Глобаль лайн компаниудын харьяа станцуудын нийтэд борлуулж байсан А-92 бензин нь Автомашины бензин, техникийн нөхцөл МЫ5 217-87 улсын стандартын шаардлага хангаагүй байна. Тэрбайтугай хувь хүмүүс, зарим нэр бүхий томоохон компаниуд А-80 бензин дээр тусгай шингэн холих замаар бензиний октаны тоог нэмэгдүүлэн АИ-92 болгон зарж, хэрэглэгчдийг хохироодог байж болзошгүй нь шалгалтын явцад тогтоогджээ. Тэрхүү октаны тоог нэмэгдүүлдэг бодисыг хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр Толуол 2, 2-дибромпропан, 4-этилт хар тугалга феррофен гэж тогтоогоод байгаа бөгөөд үргэлжлуүлэн шалгаж байгаа юм байна. Түүнчлэн Магнай трейд, Золо трейд, Глобальлайн, Синчи Ойл, Сод Монгол групп-уудын харьяа станцууд өөр өөр нэр төрлийн нефтийн бүтээгдэхүүнийг авахдаа нэг шүүр, шугам, насосоор дамжуулан хадгалах саванд буулгадаг, шатахуун тээвэрлэхдээ ч дагнаж төрөлжүүлдэггүй, хадгалдаг савнуудаа цэвэрлэлгүй хольж солин хадгалж байжээ. Алтжин, Сод Монгол групп-ийн ШТС-уудын үнийн самбар, түгээгүүр дээр борлуулж буй бүтээгдэхүүнүүдийнхээ марк, нэр төрлийг өөр өөрөөр бичсэнээс хэрэглэгч бодит мэдээлэл авах боломжгүй, тэртусмаа Алтжин нь чанарын стандартын шаардлага хангахгүй бензин нийтэд борлуулж байсан хэрнээАлтжин бол чанар. Бид европын стандартын шаардлага хангасан бензинээр танд үйлчилж байна гэхчилэн бодит байдлаас зөрүүтэй сурталчилгааг байнга явуулж Зар сурталчилгааны тухай хуулийн Зар сурталчилгаа нь үнэн байна гэсэн 6.1,.. .хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулсан… гэсэн 7.2.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн үйл ажиллагаа явуулж байсныг хяналтын байгууллагынхан онцлов. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэгчлэн уг шалгалтын хугацаанд Техник импорт компанийн дэргэдэх болон Да хүрээ техникийн зах дээр хувиараа худалдаа эрхлэгч иргэдийн чингэлэгт борлуулж байсан хөдөлгүүрийн хөргөгч шингэнээс хоёр дээж авч шинжилгээнд хамруулахад стандартын шаардлага огт хангагдахгүй нь тогтоогдсон байна. Ийнхүү цөөхөн монголчуудынхаа хуруу хумсаа хуйхлан байж авдаг хөл дүүжлэх төмөр хүлгүүдийнх нь ходоод, дотор-ыг нефтийн бизнес эрхлэгчид нүд улаан, мөнгө цагааны үлгэрээр эдгэршгүй хорт хавдар-тай болгож байгаа аж.
С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2005-07-08 165)