Их сунгаанд уяачид идэвхгүй оролцлоо

Харин цангинасан хоолоотой багачууд, онч ухаантай уяачдын амьсгаа өчигдөр бага ч болов дарагдлаа. Учир нь Монгол наадамд торгон жолоогоо өргөх шандаст хүлгийн багцааг харах гэж, хэний хүү сайн гийнгоолов, ямар уяачийн хөдөлмөр үр дүнтэй байгааг мэдэхээр их сунгаагаа хийлээ. Гэвч хамгийн сүүлийнх болох энэ сунгаанд уяачид тийм ч хариуцлагатай оролцсонгүй.
Морьд гарааны зурхайдаа хүрэлгүй эргэж, хоёр тасран уралдлаа. Энэ үед уяачид бөөн ирсэн нь чанартай гэж дутуу эргэсэн хэдээс наадмын айргийн тавыг дор бүрнээ бодон суув.
Эхлээд азарга насны морь их сунгаа хийлээ. Энэ насанд газар газрын 100 гаруй хурдан хүлэг давхив. Хоёр тасарч ирсэн морьдоос наадмын тухай яриа чих дэлсэхтэй зэрэгцээд л хурдан нь гайхагдаж байсан Даатгалын газрын дарга асан Жаргалсайханы Даатгалын хар тасархай түрүүлсэн. Энэ хүлгийн тухай цуу үнэхээр тарахаас ч өөр аргагүй хурдан юм. Удаад мөн л наадмын цээжинд ирэхээр яригдаж байгаа Монкор компанийн Гэрэлтийн хул болон Зууны тод манлай, гавьяат уяач Даваахүүгийн уяаны гурван азарга цээжинд давхисан. Харин их насанд 120 гаруй морь тоосоо өргөхөд Бурхан халдун группийн Мөнхдашийн Одон хээр бусад морьдоо хол хаян барианд оров. Энэ адууг наадамчид гарцаагүй цээжинд баггааж байлаа.
Хуй долоон худгийн дэнж дээр гэрээ барьж, морио сойгоод байгаа уяачдаас хамгийн их зам туулан ирсэн нь Өмнөговь аймгийнхан. Алс нутгийн уяач Цогт-Овоогийн шүдлэн морь шандсаа сорьсон 30 гаруй хүлгээс зайтай тасарсан. Баруун хойноос салхитай, бороо хургүй өчигдөр энэ адууг гүйцэх шүдлэн байсангүй.
Уяачид дөрвөн насны морийг сунгасан. Соёолон, хязаалан хоёроо өнөөдөр харна. Уралдаан даагаар өндөрлөсөн юм. Тооны хувьд шүдлэнтэй ойролцоо морьд хурдлав. Тэдгээрээс хамгийн хурдан, хол тасарсан нь Мөнхбатын хар даага байлаа. Дэл сүүлийнх нь буржгар арилаагүй энэ даагыг уяачид толгой сэгсрэн магтаж, үнэхээр хурдан юм гэжгайхацгаав.
Цээжинд давхисан эдгээр морьд наадмын өнгэ болохыг морь мэддэг монгол уяачид баталсан. Гэхдээ сунгаанд оролцоогүй шилдэг хүлэг олон байгаа. Наадмын өглөө л олонд харуулахаар сойж байгаа гэнэ. Мэн зарим манлай уяачид өчигдрийн сунгаад морио давхиулсангүй. Гал галаараа сунгаа хийн, уралдааныг зүгээр л сонирхож байлаа.
Сунгааны дараа тод манлай уяач Даваахүүтэй уулзаж цөэн хэдэн асуултад хариулт авсан юм. Тэрээр зургаан насны 30 гаруй морь уяж байлаа.
Их сунгаанд танай уяаны морьд хэр давхив?
Сунгаа сайхан боллоо доо. Азарга сайхан газартаа хүрч, цээжинд давхисан.
Цаг агаар сунгаа хийхэд хэр тохиромжтой байсан бэ?
Сайхан өдөр байна. Манайхан салхины уруу морио тависан. Баруун хойноос салхитай байлаа.
Өнөөдрийн цээжний морьд баяраар айрагдах магадлал хэр өндөр байна?
Орчихож магадгүй л янзтай харагдана. Гэхдээ олон газрын хурдан морьд уралдана. Хамаагүй хэлж болдоггүй юм шүү дээ.
Наадамчдын таамагт байгаа ч сунгаанд оролцоогүй морьдын тухайд…?
Эрдэнэгэрэлийн халзан морь их хурдална даа, энэ жил. Мөн Ч.Улаан сайдын зээрд морь гээд байна, байна.
АЛС НУТГИЙН УЯАЧ ЦОГТ ОВООГИЙН ШҮДЛЭН МОРЬ ШАНДСАА СОРЬСОН ГАРУЙ ХYЛГЭЭС ЗАЙТАЙ ТАСАРСАН БАРУУН ХОЙНООС САЛХИТАЙ, БОРОО ХУРГҮЙ ӨЧИГДӨР ЭНЭ АДУУГ ГҮЙЦЭХ ШҮДЛЭН МОРЬ БАЙСАНГҮЙ.
Б.БАДМАА (Өдрийн сонин 165)