Европын зах зээл рүү давшиж буй үндэсний үйлдвэртэй Ерөнхий сайд танилцав

НАМАИГ ТӨРЖ БАЙХАД МОНГОЛ ТЭМЭЭ 800 МЯНГА БАЙСАН БОЛ ОДОО 250 МЯНГА БОЛЖЭЭ
Тэмээний буян ч байсан л даа. Ээрмэл ХК-ийн экспортод гаргах бүтээгдэхүүнтэй танилцсан Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Тэмээг хамгаалах, өсгөх сайн үилсиин аяны нэгдсэн санамж бичигт гарын үсэг зурахад байлцав. Аян Ерөнхий сайдын ивээлд багтжээ. Буянтай ажил эхэлж байна гэж Засгийн газрын тэргүүн хэллээ. Намайг төрж байхад монгол тэмээ 800 мянга байсан бол одоо 250 мянга болжээ. Тэмээг үнэхээр хамгаалах цаг болсныг энэ тоо харуулж байна гэлээ. Тэмээ хэлбэр галбир нь Монголтойгоо төстэй, уяхан, бас тэсвэртэй амьтан. Тэмээ Монголын нэрийн хуудас. Ингэ уйлуулдаг монголчууд гэж Холливуд Монголыг тэмээгээр нь мэддэг гэж ярина лээ. Тэмээ өсөхийн хэрээр үйлдвэрийн гол түүхий эд ноос ч арвижна. Европын холбооны хөнгөлөлт явж явж тэмээнд ч ашгаа өгч эхлэв. Тэмээ хамгаалах, өсгөх сан байгуулж, өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтын 100 долларын орлого бүрээс нэг долларыг хандивлахаа Ээрмэл-ийнхэн энэ үсэр сонордуулсан.
Тэмээний мах, өөх, шир, тавхайг худалдан борлуулахаас бүх нийтээр 12 жил татгалзахыг тэд уриалав. Тэмээг аль болох урт наслуулах гэсэн санаа. Мөнөөх амгалан амьтны ноосоор бүтээсэн олон олон бүтээгдэхүүнтэй бид танилцав. Энд тэмээний ноосоор нуруувч хүртэл урлажээ. Нуруугаа дулаалах дуртай хүмүүс зөндөө их авдаг гэнэ. Оросын зах зээлд гаргаж байгаа. Канадчууд их авдаг. Сэрүүн орныхон сонирхдог эд гэж тус үйлдвэрийн Сүлжих группийн ахлагч Д.Мөнхбат сонирхуулав. Манхан-3 нэртэй тэмээний ноосон майк үйлдвэрлэх даавууг Ерөнхий сайд имэрч үзэв.
Ээрмэл ХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхжаргал Европын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах бэлтгэл хийж байна. Ийм хөнгөлөлт Хятадын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чухал нөхцөл. Манайх тэмээний ноос, ямааны ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Ажлын байр дараа жил гэхэд ойролцоогоор 2000-аар нэмэгдэнэ. Харин одоогоор 400 ажлын байр шинээр бий болсон гэж ярилаа. Европын зах зээлийг сайтар судалж байгаа. Америк, герман мэргэжилтнуүд маркетинг хариуцдаг гэж тэр тайлбарлав.
Үйлдвэр, худалдааны дэд сайд Ц.Энхтүвшин Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран бизнес эрхлэгчдэд зориулан сургалт явуулна гэлээ. Европын зах зээл рүү хэрхэн давшилт хийх тухай нэлээд нарийн тактик боловсруулах бололтой.
Аялагчид Cashmere World худалдааны төвийн нээлтэд оролцов. Ээрмэл-ийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийнх нь үнээр борлуулах тус төвд 380-аад нэр төрлийн бараа тавигджээ. Мэдээж бүгд Монголд үйлдвэрлэв гэсэн шошготой. Наадмын үсэр жуулчид олонтой, бүтээгдэхүүн эрэлт ихтэй байна гэж тус төвийнхөн найджээ. Тэмээг хамгаалах, өсгөх сайн үйлсийн аян-г санаачлагчид Европын холбоонд талархал илэрхийлэхээ мартсангүй. Талархалын үгийг Засгийн газар ч сонсов.
Үйлдвэрийн үүдэнд Монгол Улсад Европын холбооноос худалдааны таатай нөхцөл олгосон түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж танд болон таны тэргүүлсэн Засгийн тазарт Ээрмэл ХК-ийн хамт олон халуун баяр хүргэж, өндөр амжилт хүсье гэж том даавуун дээр бичиж байрлуулжээ.
Б.ЭГШИГЛЭН
(өдрийн сонин 2005-07-08 165)