УИХ-ын дарга анхныхаа хуралдаанаа даргаллаа

Чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлсэн бөгөөд шарга хослол өмссөн УИХ-ын дарга алхаа зөөлөн товшиж, намуухан дуугаар хуралдаанаа эхлүүлэв. УИХ-ын 65 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхлан хэлэлцэж, гишүүд ч шууд л баталгаажууллаа. Нөхөн сонгууль ирэх наймдугаар сарын 28-нд явагдах болов. Энэ өдрийг сонгох болсны учраа хуулийн хугацаа ингэж таарч байгаагаас гадна иргэд зуслангаасаа наймдугаар сарын 24-25-нд бууж ирдэгтэй холбон тайлбарлаж байсан. Үүний дараагаар Улсын Дээд шүүгчээр томилогдож буй С.Батдэлгэр, Л.Атарцэцэг, Д.Эрдэнэбалсүрэн нарыг танилцууллаа. УИХ-аар тэдний талаарх мэдээллийг зөвхөн сонсдог юм байна. Харин Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилох эсэхийг Ервнхийлөгч эцэслэн шийдэх аж. Улсын ерөнхий прокуророор М.Алтанхуягийг улируулан ажиллуулахыг гишүүд зөвшөөрч, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулсан Малын индексжүүлсэн даатгал төсөл-ийн хөгжлийн зээлийн гэрээг дор нь соёрхон батлав. Мөн Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай болон холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ч дор нь баталж орхисон.
Гишүүд хоёр хуваагдан талцлаа
Гурав дахь хэлэлцүүлгийн үеэр гишүүд хоёр талцсан гэхэд болно. Үүний гол шалтгаан нь залуу гэр бүлд олгох 500 мянган төгрөгийн тэтгэлэг юм. МАХН-ын гишүүд уг мөн-гийг олгоход яс байр суурийг барьж байсан бол экс эвслийнхэн төсөвт хүндрэл учрах тул бодолцох хэрэгтэй.
Ямар ч байсан эхлүүлье. Гэхдээ хэдээр төсөвлөх вэ гэдгээ шийдье гэж байлаа. Уг мөнгийг олгоход 7-8 тэрбум төгрөг шаардагдах тул улсын төсвийн алдагдал нэмэгдэх болно. Энэ талаас нь үгүй гэчихлээр улстөржсөн болох байх. Гэхдээ өмнөх хэлэлцүүлгээр томилогдсон ажлын хэсэг дээр ярилцаад ямар ч байсан эхлүүлье. Эхний ээлжинд нэг тэрбум төгрөгөөр эхлүүлбэл яасан юм бэ. Бид ойлголцох хэрэгтэй байна гэж Сангийн сайд галыг намжаан болж өгвөл зарлагаа багасгахыг хүсэмжилж байсан. Гэвч гишүүд заавал 500 мянгыг олгоно, төсөвт 7-8 тэрбумыг тусгана гэж зөрүүдлэн санал өгсөн тул ангийн сайдын хичээл талаар өнгөрөв. Эцэст нь ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг батлах тухай УИХ-ын тогтоолыг гишүүд баталснаар маргаан өндөрлөсөн.
Хаягдал хар төмрийн экспортыг хориглох тухай асуудал орж ирэхэд гишүүд мөн хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь хориглох нь зүйтэй гэж байхад нөгөө нэг хэсэг нь алслагдсан газрынхны гол амьжиргаа нь энэ тул болохгүй гэж байлаа. Сангийн сайд Эндээс нэг тонн хаягдал хар төмрийг 100 мянга гаруй төгрөгөөр аваад урагшаа очиж 200 гаруй мянган төгрөгөөр зардаг юм билээ. Гэтэл нэг тонн хаягдал хар төмрөнд 350 мянган төгрөгийн татвар ногдуулдаг шүү дээ. Энэ нь татвар төлөхгүй, зугтаах явдал цаана нь байна гэсэн үг. Мөн албан байгууллага, тоног төхөөрөмж, шарилын хайс хүртэл хулгайлах сөрөг явдал газар авсан. Үүнийг таслан зогсоох үүднээс оруулж ирсэн гэж хуулиа тайлбарласан нь гишүүдийг нэлээдгүй бухимдуулж орхив. Хамгаалж чаддаггүй цагдаа, авч чаддаггүй гаальтай холбоотой асуудал л байна шүү дээ. Засгийн газраас тэдэнд ямар арга хэмжээ авч байгаа юм бэ. Гаалийн дарга Х.Баатар өчигдрийн байнгын хорооны хуралдаан дээр бид 350 мянгын татварыг авч чадахгүй байгаа тул экспортлохыг хорьж өгөөч гэж ярьж байсан. Үүнийг юу гэж ойлгох вэ. Энэ байгууллагууддаа хариуцлага тооцохын оррнд хилээр гаргахыг хорьж өгөөч гэж байх юм. Хаа хол баруун зүүн хязгаараас экспортыг хорьчихлоо гээд Дарханд төмрөө тушаах хүн олдохгүй. Тэгээд ч ноолуурыг хориглосонтой адил төмөр ачсан машин хилийн зүг явдгаараа явж, авилга, хээл хахууль улам нэмэгдэх бус уу гэж гишүүд ярьж байлаа. Нөгөө талаас нь бид одоо л хориглохгүй бол болохгүй, олонхийнхоо төлөө шийд гаргах ёстой, үндэсний үйлдвэрээ дэмжих хэрэгтэй гэх зэргээр тайлбарлаж байсан. Санал хураалт явагдахад дийлэнх нь экспортыг хориглох нь зүйтэй гэсэн санал өгч хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав. Ингэснээр ирэх наймдугаар сарын 1-нээс хаягдал төмөр хилээр гаргахыг хориглосон хууль хүчин төгөлдөр болох нь.
Хувьчлах жагсаалтад Багануур, ДЦС-3 нэмэгдэв
Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр хийлээ. Хэлэлцүүлгийн эхэнд нэг, хоёрдугаар хэлэлцүүлэгт орж санал хураалт явагдсан асуудлууд яагаад дахин ороод ирснээс болно болохгүй, санал хураана хураахгүй гэж нэлээдгүй маргав. УИХ-ын дарга хууль зөрчсөн үйлдэл байж магадгүй хэмээн Тамгын газраас тайлбар хүртэл авлаа. Тайлбарт гишүүдийн гуравны нэг нь дэмжвэл санал хураалт явуулж болно гэв. Маргааныг Багануурын уурхай, ДЦС-3 компанийг хувьчлалын жагсаалтад оруулах эсэх асуудал тарьсан юм. Санал хураалт явагдахад 28 гишүүн татгалзаж, 25 гишүүн зөвшөөрснөөр дээрх хоёр объектыг хувьчлах жагсаалтад оруулах эсэх талаар санал хураалт явагдахаар боллоо. Учир нь гуравны нэг нь дэмжсэн байна. Багануурын уурхайг 2928, ДЦС-3 компанийг 2723 гэсэн харьцаагаар дэмжсэнээр хувьчлах жагсаалтад орсон. Ингээд УИХ-аас тогтоол батлан гаргасан бөгөөд УИХ-ын даргаас асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй бол уг обьектуудыг жагсаалтаас хасуулах тухай хууль санаачлан УИХ-д оруулах боломж бийг гишүүдэд мэдэгдсэн.
Сонгуулийн хуулиар нэлээд маргаан өрнөх бололтой
УИХ-ын сонгуулийн тухай хууль болон түүнтэй холбоотой хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр хэлэлцэх эсэхээ шийдэв. Нэлээд гишүүн асуулт асуусан боловч бүгд л уг хууль нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа юм биш үү гэсэн асуултыг тавьж байлаа. Сонгуулийн системийг холимог болгосон нь сонгогчдын Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж байна гэж байв. УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан тэргүүтэй ажлын хэсгийнхэн хэрэг хийсэн гэдгийг шүүхээс эцэслэн тогтоодогтой адил хуультай зөрчилдөж байгаа эсэхийг Үндсэн хуулийн Цэц дээр шийднэ. Намаас нэрийн жагсаалт гарах тул сонгогчид хэнд өгч байгаагаа мэдэж байгаа юм гэх зэргээр тайлбарлаж байлаа. Ямартай ч хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн 93 хувь нь дэмжлээ. Гэхдээ гишүүд хуулийн төслийг хэлэлцэж эхлэхэд нэлээд маргаан өрнүүлэх бололтой. Харин хуулийн төслийн хэлэлцүүлгүүд ирэх намрын чуулганаар орох гэнэ.
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд 40 мянган орон сууц хөтөлбөр-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан зарим хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх эсэх талаар ярилцав. Олон гишүүн асуулт асуухаар нэрээ өгсөн бөгөөд хуралдааныг завсарлуулж маргааш өглөө үргэллүүлье гэсэн горимын санал гарсан. УИХ-ын даргаас үдээс хойшхи хуралдаан 15.30 цагт эхэлсэн тул 18.30 цагт завсарлаж, маргааш үргэлжлүүлэн хэлэлцье. Гишүүд цагтаа ирэх хэрэгтэй гэсэн үүргийг өгснөөр өчигдрийн хуралдаан өндөрлөсөн юм.
М.БААТАР
(өдрийн сонин 2005-07-08 165)