Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн нь

Чингис хаанаас Тогоонтөмөр хаан хүртэлх их хаадын үед Төвдийн Сажава хийгээд Гармавагийн чиглэлүүд дэлгэрсэн үе, XYI зуунд Төвдөөс Богд Зонхавын шашин дэлгэрснээс XX зууны эхэн хүртэлх үе гэсэн өөр хоорондоо залгамж холбоо бүхий гурван үеийг хамардаг.
Энэ гурван үе тус бүр тухайн үеийнхээ нийгэм, соёл, эдийн засаг, оюун санааны байдал болон бурханы шашны уг сургаал номлолын онцлогтой холбоотойгоор өөр өөрийн өнгө төрхтэй юм. Гэхдээ аль ч үед нь бурханы шашин, соёл хийгээд ном, сургаал, мэдлэг ухааны зүйлсийн мөн чанар, сонгодог уламжлал агуулагдсаар ирсний сацуу энэхүү түүхэн үйл явц дунд Монгол буддизм бүрэлдэн тогтсон.
Монголд буддизм дэлгэрсэн гутгаар үеийг дотор нь хоёр үе болгон хувааж болох юм. Їүнд
1. 1577-1651 он хүртэлх үе.
Энэ нь 1577 онд Түмэдийн Алтан хаан /1507-1582/, Халхын Абтай сайн хаан /1534-1586/ нар шарын шашны тэргүүн Содномжамцыг урин залж, ард иргэдийн хамтаар бурханы шашинд орж, дээдийн номыг дэлгэрүүлсэн үеийг хамарна.
2. 1651-XX зууны эхэн хүртэлх үе.
Энэ нь Өндөр гэгээн Занабазар Төвдөд шашны сонгодог боловсрол эзэмшиж 1651 онд нутагтаа эргэж ирээд, бурханы шашныг ихэд дэлгэрүүлэн, буддизмын монгол дэг жаяг буй болгосон үеэс эхлээд цаашид буддын шашин хийгээд мэдлэг ухаан, соёлын зүйлс өрнөн дэлгэрсэн үеийг хамарна.
Төвд орноо Зонхава Лувсандагва бурханы шашныг ариутган шинэчилж, олон арван номын мэргэд төрөн гарсан нь шашин номын үйлс нь тодорхойгүй бүрхэгдсэн монгол түмний сэтгэл оюунд шууд нөлөөлж, Монгол орноо бурханы шашин наран мэт дэлгэрэх хөрс суурийг буй болгосон.
Шашны наран гурван удаа ургасан дараагаар Төвд, Монголын шашныг баригч олны мутрыг 2даган Төвд цастын орон лугаа ялгалгүй шар малгайтны шашны ахуй ёсон дэлгэрсэн нь нэн их болой хэмээн Монгол орноо буддизм дэлгэрсэн сүүлчийн удаад гэлүгвагийн буюу Богд Зонхавын шашин Төвд орноос ч дутахааргүй өргөн дэлгэрсэн тухай өгүүлсэн нь бий.
Тогоонтөмөр хаан монгол аймгийн дөчин түмээс гучийг нь Хятадад алдан, хаан төрөө үгүй хийснээс даруй нэг зуун жаран есөн жилийн хойно хоёр ёсны хууль цааз нь эвдэрч, хилэнцэт нүглийн үүлийн хязгаарын хүрдэн эргэх тэр цагт Түмэдийн гэгээн Алтан хаан төр барин, буяны өмөг хүчээрээ Хятад, Төвд, Монгол тэргүүтэн ойр холыг эрхэндээ хурааж, Цастын оронд элч томилон, Ялгуусны эрхэт Содномжамцыг залсанд тэр баярласаар өөд болж, Хатан голыг гатлаад саатсан нэгэн шөнө, Ли орны номын сахиусан Бэгз бээр Монгол орны элдэв дүрст тэнгэр, чөтгөрүүдийг хөтлөн ирснийг тангарагт оруулж, зарлиг соёрхон, хойшид номын ёсоор явахыг андгайлуулсан ажээ.
Хаан бээр бүх Хор Монгол оронд цааз тогтоож, амьд буюу үхэгсдийн буяны үндсэнд адуу мал үл нядалж, дээдийг тахиж, аврал ерөөл айлтган, айл өрх бүхнээ онгодоо галдан шатаагаад түүний оронд Гомбомахагал бурханы хөргийг тахиж, цагаан тахил өргөн, итгэл маань тоолуулж, бацаг санваар сахиулжээ. Урьдын муу журмыг хэрэв халахгүй хэвээр байваас цаазын ёсоор алах буюу эд хөрөнгийг нь хураах буюу орон гэрийг нь сүйтгэх зэргээр шийтгэнэ хэмээн тогтоожээ. Тиймээс арван цагаан буянт хааны ёс цааз луун дуун мэт арван зүгт дуурсжээ. Тэр үед цусан далай сүүн далай болж хувирлаа гэх буюу харанхуй тив гэгээн боллоо гэж хэлэлцдэг байжээ. Ийн бөө мөргөлийг халж, бурханы шашин дэлгэрсэн гурав дахь үеийн тухай Зава Дамдин лам бээр Хорчойнжун зохиолдоо дурдсан нь буй.
Товчхондоо энэхүү гутгаар үед Монгол орноо ноёрхож байсан бөө мөргөлийг халж, бурханы шашныг сайтар дэлгэрүүлэн, сүм хийд олноор байгуулж, бурхадыг залж, ном хийгээд лам хуврагийг сүслэн дээдлэх болжээ. Мөн энэ тухай
Бурхан, ном, бурсан хувраг энэ гурав болой
Бурханыг эрэн барьснаар бус тэнгэр нараа үл мөргөлдөх
Богд номыг эрэн барьснаар бусдын аминд хор үл хүргэгдэх
Бурсан хуврагуудыг эрэн барьснаар бусцар тэрс үзэлтнийг үл бишрэгдэхүй
гэж шүлэглэсэн нь ч бас бий. Энд бурханы шашинг шүтэж, гурван эрдэнэд сүслэвээс тэнгэр нарыг эрхэмлэдэг бөө мөргөлөө орхиж, бөө удган нарыг шүтэхийг больж, амьтны амь бусниулдаг элдэв тайлга тахилыг бүрмөсөн цээрлэх ёстойг харуулжээ.
Бурханы шашны гутгаар дэлгэрэлтийн эхлэлийг тавьсан Автай сайн хааны тухайд, тэр бээр дундад Монголын орон нутаг бүхнийг эрхшээлдээ оруулан хураагаад Далай ламтай уулзахаар Хөх хотод хүрч, таалал сэтгэл нэгдэн Хор Монгол орны төвд ялгуусан шашныг дэлгэрүүлэхийн тул заллага айлтгасанд Өвөг дээдсийнхээ тахилын орныг сэлбэн засваас тэр оронд шашин төр аяндаа хослон дэлгэрэх болно хэмээн хариу зарлиг болжээ. Тэгээд хаан бээр өөрийн нутагт буцаж ирсний даруй их Хор монгол орны төв бурханы хоёрдугаар орон Доржидан /Очир суурин/ хэмээх Эрдэнэзуугийн дуганыг сэлбэн засахад их өргөл өргөж бүтээжээ. Їүнээс хойш бурханы шашны сүм хийдүүд дараалан олноор байгуулагдан, дацан сургуулиуд ч буй болсон.
Ер нь бурханы шашин гурав дахь удаагаа дэлгэрэхдээ хаад харцгүй, дээд доодгүй нийт монгол түмнийг хамарч чадсан. Ингэхдээ хэдэн арван жилийн турш дайн дажны хөлд дарагдсан, үймээн самуунаас залхсан ард түмнийг шашны төдийгүй номын үйлсээр гэгээрүүлж, амар амгалан болгосны сацуу нийт монголын ард түмнийг оюун санааны хувьд нэгтгэсэн юм.
Буддизмыг Монгол орноо дэлгэрүүлэхэд Зая бандида Намхайжамц /1599-1662/, Хутагт лам Лувсанданзан /1639-1704/, Халхын Зая бандида Лувсанпэрэнлээ /1642-1715/, Номын хаан Норовшарав /1701-1768/, Сүмбэ хамба Ишбалжир /1704-1788/, Алшаа лхарамба Агваандандар /1759-1842/, Агваанхайдав /1779-1838/, Брагри Дамцагдорж /1781-1865/, Ноён хутагт Данзанравжаа /1803-1856/ зэрэг их бага арван ухаан лугаа гүн нэвтэрхий олон мэргэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Номч мэргэн гавж С.Гомбожав гуайн Монголчуудын төвд хэлээр зохиосон зохиолын зүйл илтгэлд 208 мэргэдийн тухай мэдээлсэн нь мөн гутгаар дэлгэрэлтийн үед хамрагдах бөлгөө.
Эх нутагтаа төдийгүй Энэтхэг, Төвд орноо эрдэм чадлаа дуурсгасан олон арван мэргэдээс Өндөр гэгээн Занабазар /1635-1723/ нь бурханы шашны гурав дахь дэлгэрэлтийг бүхэлд нь тодорхойлохуйц үйлс бүтээсэн ба гол нь буддизмын сонгодог уламжлалыг өвлөн хөгжүүлэхийн хамт түүнийг монгол ахуйд сайтар буулган шинэчилсэн юм.
Өндөр гэгээний Монгол дахь буддизмын хөгжилтөд оруулсан их хувь нэмрийг илтгэн харуулсан хэдэн зүйл үйлээс дурдваас
Тэр бээр уран барилгач болохынхоо хувьд хүрээ хийдийн барилга байгууламжийг монгол хэв загвар шингээн барьж байжээ.
Мөн түүний лүндэгнэж тогтоосны дагуу Очирдар бурхан нийт Монголын бурханы шашны гол шүтээн болсон билээ.
Тэр бээр хурал хурах ёс, ном унших ая данг монгол маягаар зохион найруулсан. Тухайлбал, Дашчарвэв хэмээх сан, Норовбадам хэмээх маани хөгжөөх уншилгыг яруу сайхан ая хэмнэлтэй болгон уншуулж байв.
Тэр бээр лам хуврагуудын хувцас сэлтийг монголчуудын амьдрал ахуй, ёс заншилтай уялдуулан өөрчилсөн нь өнөөг хүртэл уламжлагджээ.
Тэр бээр залгаа үгүй цутгаврын аргаар туурвисан болон наамал, зурмал аргаар туурвисан сонгодог бүтээлүүддээ буддын урлахуй ухааны уламжлалт тиг хэмжээг чанд баримталсны сацуу монгол шинжийг бүрэн шингээж чадсан.
1686 онд Соёмбо хэмээх нэгэн зүйл гүн бэлгэдэл бүхий шинэ монгол үсгийг зохиосон нь самгард, төвд, монгол гурван хэлний үгсийг тэмдэглэж болох нэлээд боловсронгуй үсэг бичиг болсон төдийгүй тухайн үедээ монгол үндэстний оюуны тусгаар тогтнолыг тунхагласан чухал үйл болжээ.
Ганжуур, Данжуур тэргүүтнийг залах, чухал хэрэгтэй ном судруудыг барлан тараах, төвд хэлнээс ном зохиол орчуулах, хэвлэх, Жанлавцогзол, Дүвтавсавмо тэргүүтэн судар дандарын гүн нарийн утга бүхий бүтээл туурвих зэрэг эрдэм номын үйлс олныг үйлджээ. Дээрхи мэт үйлс нь Өндөр гэгээний буюу Хүрээ дэгийг буй болгон эдүгээ хүртэл уламжлагдан, Монголын бурханы шашны онцлог, давтагдашгүй өвөрмөц өнгө төрхийг бүхэлд нь илэрхийлэн, дорно дахины буддизм дэлгэрсэн орнуудын дунд Монгол орны эзлэх байр суурийг тодорхойлж буй бөгөөд лам хуврагууд төдийгүй нийт монголчуудын даган баримталдаг гол чиг баримтлал болжээ.
/Бурхан шашины Номын хүрдэн клубтэй хамтран бэлтгэв/
Ж.Алт