Мөргөл хийх ёс

Буддийн шашны их мэргэдийн ном сударт сөхрөн мөргөх, сунаж мөргөх гэсэн хоёр зүйлийн мөргөлийг заасан байдаг. Хагас сөхрөн мөргөх гэдэг нь хоёр өвдөг, хоёр гар, магнай духаа заавал газар хүргэн мөргөхийг хэлэх ба энэ утгаар нь таван гишүүний мөргөл ч гэдэг. Энэ нь таван түйтгэр (дошгирох, хорлох, мунхаг, урин тачаах, эргэлзэх)-ийг арилгаж, таван эрхтэн төгс олж, таван мэлмий бүрэн ариусах болтугай гэж санахын утга гэж үздэг.
Сунаж мөргөх нь бүх биеэ газар гүйцэд хүргэж мөргөх үедээ толгойн оройдоо алгаа хавсрахын сацуу дух магнайгаа газар хүргэн мөргөнө. Тухайн хүн өөрийн хүссэн зүйлийг бодож залбиран мөргөхийг буруу гэж үзэхгүй ч их хөлгөний үүднээс мөргөхдөө бурхан, ном, хувраг гурван эрдэнэд итгэмжилсэн сүжиг хамгийн чухал бөгөөд бие, хэл, сэтгэлийн нүгэл хилэнцээ арилган, ариусгаж улмаар гэгээрлийн хутгыг олох эрдэм төрүүлж адиститла гэж санаж сүжиглэх хэрэгтэй.
Ямар бурхан шүтэж, юунд мөргөж байна вэ гэдгээс хамааран магтаал, залбирал, тарни, мөргөлийн үг янз бүр байдаг бөгөөд мөргөлийн эхэнд мөргөлийн тоог арвижуулдаг тарни намо манзу шри еи нама сүшри еи намо үддам шри еи суухай гэж уншдаг.
Мөргөлийн тусыг санаанд багташгүй гэж ном сударт айлдсан байдаг бөгөөд товчилвол гурван эрдэнэд үл сүжиглэсэн, үл биширсэн тэргүүтэн хилэнц ариусч буян агуу ихийг хурааж санасан ажил үйл сэтгэлчлэн бүтэх учиртай гэдэг. Yүнээс гадна мөргөл их хийвэл бадганы төрлийн болон бусад олон өвчинд тустай хүний эрүүл ахуй урт наслахад чухал зүйлийн нэг гэж судар номд үзсэн байдаг.
Мөргөл үйлдэхдээ хоёр гарын алганы хонхорыг яг нийлүүлбэл бэлгэдэлийн утга буруу тул болохгүй. Хоёр гарын алганы хонхорыг хүргэж наалгүйгээр хурууныхаа үзүүрыг нийлүүлэн сарнай цэцэг дэлбээгээ хумих мэт залбирах хэрэгтэй аж. Алганы доторхи хоосон зай нь бурханы номын лагшин түүний үндэс болох хоосон чанарыг бэлгэдсэн байдаг бөгөөд Гаднаас харахад чандмань эрдэнэ (норвү) мэт хэлбэр энэ дүрст лагшин түүний үндэс их нигүүлсэхүйг бэлгэддэг.
Залбиран, хоёр эрхий хуруугаа дотогш хумих нь бодьсадва самандабадрын мутарын тэмдэг чандмань эрдэнийг барих буюу ерөөл тавьж байна гэж сүжиглэх хэрэгтэй. Тэр бэлгэдлийн утга нь мөрийн арга бэлгэ хоёрт шүтээд үр дүнд нь дүрст, номын гэсэн хоёр лагшинг олох хэрэгтэй ёсыг санах юм. Ийнхүү алга хавсарч өөрийн орой, хоолой, зүрхэний тушаа дараалан залбирах нь бурханы лагшин, зарлиг, тааллын адистит оршиж, өөр бусдын бие, хэл, сэтгэлийн хилэнц ариусахыг санан залбирч байгаа явдал ажээ.
/Бурхан шашины Номын хүрдэн клубтэй хамтран бэлтгэв/
Ж.Алт