Ном сонсох ёс

Номыг сонсох ёсонд харшлах шалтгаан болон зохилдох шалтгаан гэж бий. Харшлах шалтгааныг савны гурван гэмд хуваан үзнэ. Yүнд
1. Хөмөрсөн сав мэт гэмт гэдэг нь багшийн номлосныг сэтгэл оюундаа тунгаан ойлгож авалгүйгээр ном суралцахын дүрийг барих /оромдох/ нь оюун ухаан эс тэлэх учир ном сонсохгүйтэй утга ижил.
2. Буртагт сав мэт гэмт гэдэг нь хөмөрсөн сав мэтийн гэмгүй боловч дотроо ариун бус, хор тэргүүтнээр бохирдсон саванд хичнээн сайн шимийг юүлсэн ч идээ ундаанд хэрэглэж үл болох билээ. Түүнчлэн номонд суралцагчийн суурь санаа нь ариун бус бол ямар ч ном ариунаараа эс төрөх бүлгээ.
3. Дээрх 2 гэмээс ангижирсан боловч ёроол нь цоорхой бол тэр сав нь ямар ч сайн шимийг юүлээд хэрэг гарахгүй, доошоо асгаран хоцрох болно. Түүнчлэн багшийн сургасан номыг хянамгайлан сонсоод ариун бус, муу суурь санааг тэвчсэн байх боловч үргэлж дурдан саналгүй мартан орхивоос тун тусгүй. Эдгээр савны гурван гэмийг тэвчих нь номыг сонсогч нарт маш хэрэгтэй юм.
Зохилдох шалтгаан болох 6 хуран мэдлийг шүтэх нь
1. Өөрийгөө өвчтөн мэт гэж санах нь бид үргэлжид өвчин зовлон гарах шалтгаан болсон гурван хор болох хүсэл шунал, уур хилэн, мунхагаар цаг үргэлж нэрвэгдэж байдаг учир биднээс илүү хүнд өвчтөн байхгүй гэж санах хэрэгтэй.
2. Дээдийн номыг эм мэт гэж мэдэх хуран мэдэл нь, өвчтөн нь өөрийгөө өвчнөөр нэрвэгдэж байгаагаа мэдээд ямар ч атугай өвчнөөсөө гэтлэх арга замыг хайдаг. Түүнээс гэтлэх арганд үнэхээр өвчний ерөндөг болж чадах эмийг олох эрхтэй байдаг мэт гурван хорын өвчнийг амирлуулагч нь зөвхөн дээдийн ном байдаг учраас дээдийн номыг эрж олох ёстой.
3. Багшийг эрдэмт эмч мэт гэж мэдэх мэдэл нь өвчтөнд ерөндөг олдовч эрдэмт эмч үгүйгээр эмийг хэрэглэвээс халуун хүйтэн, өмнө хойно зэргийг нь эндүүрэн тусыг эс олохын дээр аминд ч хал ирэх уршигтай тул эрдэмт эмчийг гарцаагүй түших хэрэгтэй. Түүнчлэн багш буяны саданд шүтэлгүйгээр зөвхөн ном дэвтэр барин, дээдийн номыг сурна гэвэл үгүй юм.
4.Шамдлаар номыг дадуулан авахыг өвчин анагаагдах мэт гэж мэдэх хуран мэдэх нь өвчинд тустай нь эм мөн боловч өвчтөн эмчийн хэлсэн ёсоор эмийг хэрэглэхгүй бол өвчин эдгэрч чадахгүй. Энэ нь эм, эмчийн талаас бус, өвчтний өөрийнх зүгээс хичээх зүйл юм. Тиймээс буяны садан багшаас нисваанисыг анагаагч эм мэт гүнзгий, дэлгэр увьдасыг хичнээн сонсовч түүнийгээ дадуулахгүй бол сэтгэлд тус үл гарах тул багш номын талаас бус өөрийн зүгээс хичээн шамдах нь зүй.
5. Бурханыг дээд төрөлхтөн мөн гэж мэдэх хуран мэдэл нь бурхан багш бээр мөр, үр сэлт бурханы хутгийг илт олоод, номхотгохуйн шавь нартаа ёс түүнчлэн зарлиглан хайрласан учраас авах гээхийн оньсыг сургахдаа өчүүхэн ч эндүүрэггүй үнэн шалгадаг дээд төрөлхтөн мөн хэмээн даган дурьдах хэрэгтэй.
6. Номын ёсон өнөд удаан оршихыг мэдэх хуран мэдэл нь энэ мэтийн номыг сонсон суралцсанаар бурханы шашин ертөнцөд өнө удаан оршвоос юутай сайхан хэмээн дуршин үйлдэх болой.
/Бурхан шашины Номын хүрдэн клубтэй хамтран бэлтгэв/
Ж.Алт