Машин худалдаж авахдаа юу анхаарах вэ?

Энэ хэр үнэнд нийцэхийг дор өгүүлье.
Аюyлгүй байдал
Эмэгтэйчүүдийн хувьд машины гадаад үзэмж чухал биш, харин аюулгүй байдал. Иймээс эмэгтэйчүүд автомашин худалдаж авахдаа юуны өмнө аюулгүй байдлыг харгалзан үздэг. Яагаад гэвэл бид машинаараа өөрсдөө ажилдаа явахаас гадна хүүхдүүдээ сургуульд зөөж, өвөө эмээгээ зусланд хүргэх хэрэгтэй болдог. Тэгэхээр та машин сонгохдоо аюулгүйн дэр байгаа эсэх, мөргөлдөх үед төмөр корпус хэр гэмтдэг эсэх талаар лавлаарай. Мөн машины үйлдвэрийн туршилтын тестийн үр дүнг судлаарай.
Үнэ
Зарим эмэгтэй тансаг машинаа бараг л бурхан мэт бишрэн тахидаг гэхдээ ихэнх эмэгтэйчүүд машиныг хөдөлгөөний хэрэгсэл гэж үздэг. Иймээс та гурав дахин их үнэ төлөх хэрэггүй. Энэ тал дээр эмэгтэйчүүд эрчүүдээс эрс ялгаатай. Эрчүүд өндөр үнэтэй машинаар яг л ганган гар утас, чамин тамхины асаагуур шигээ гайхуулж өөрийн мундагаа бусдад харуулж бишрүүлэх гэдэг. Харин эмэгтэйчүүдийн 40 хувь нь өндөр бус үнэтэй автомашиныг худалдаж авахыг эрмэлздэг. Ийм учраас үрэмхий зан бол эмэгтэйчүүдийнх гэхээсээ илүү эрчүүдэд байдаг гэж хэлж болно.
Жолоодоход хялбар
Эмэгтэйчүүд арын биш харин урд дамжуулгатай машин худалдаж авахыг эрмэлздэг, энэ нь ч ашигтай, урд дамжуулгатай машин зам дээр тогтвортой, шарвалт бараг өгдөггүй.
Ая тух
Энд их олон зүйл багтдаг, суухад эвтэй сандал, халаагуур, сэнс, хөгжим олон янзын хайрцаг, шургуулга гээд. Эмэгтэйчүүд толгойн түшлэгтэй хатуу сандалд дуртай, ийм сандал нурууны ба хүзүүний булчинг бага ядраадаг сайн талтай. Олон эмэгтэй өндөр сандалд дуртай байдаг, учир нь эргэн тойрон илүү сайн харагддаг, сэтгэл санааны хувьд хөнгөн, ялангуяа туршлагагүй жолоочид. Ийм учраас хүүхнүүд бага оврын жип машиныг сонгодог.
Хэмжээ
Эрчүүд мэдээж том машинд дуртай. Харин хүүхнүүд жижгэвтэр машиныг голдуу сонгодог. Машин жижиг тусмаа замын хөдөлгөөнд оролцоход хялбар, мөн машинаа зогсоолд байрлуулахад хялбар. Тэгээд ч жижиг машин илүү тухлаг, эмэгтэйчүүд бид төрөлхийн тав тухыг эрхэмлэдэг улс. Ийм учраас ихэнх хүүхнүүд бага оврын машинд дуртай.
Кузов
Эмэгтэйчүүдийн 5-30 хувь нь гадаад үзэмжийг харж машинаа сонгодог гэнэ. Гэхдээ хүүхнүүд машины өнгийг биш харин кузовын өвөрмөц байдал, мөлгөр гадаргууг чухалчилдаг. Эмэгтэйчүүд хуучин зэвэрсэн машинд дургүй, тэдний бодлоор машин орчны хүмүүст таатай сэтгэгдэл төрүүлэх ёстой. Харин эрчүүд хар өнгийн бууралттай шил бүхий цонхтой байх дуртай, түүнээс гадна өөрийн нь догшин ширүүнийг харуулсан янз бүрийн чимэг өлгөх дуртай.
Ихэнх бүсгүйчүүд бүүдгэр өнгийн оронд тод өнгийн машиныг сонгодог. Яагаад гэвэл эмэгтэйчүүд олны анхаарлын төвд байх дуртай. Харин бизнес леди нар буурь сууриа илэрхийлэх гэж хар, мөнгөлөг өнгийн автомашин сонгодог.
Эрчүүдийн шүүмжилдгээр эмэгтэй хүн машин сонгож байхдаа автомашины техникийн тодорхойлолтыг нэг их анзаардаггүй. Хөдөлгүүрийн эзлэхүүн, хурд зэрэг эрчүүдийн бодлоор маш чухал үзүүлэлтүүдийг эмэгтэйчүүд тоодоггүй. Яагаад гэвэл эрчүүд машины жолооны ард түрэмгий догшин байдаг бол харин эмэгтэйчүүдийн хувьд аюулгүй байдал бүхнээс чухал билээ.
2005.07 Хань