Цэдэнбал Анастасия Зориговна Олон жилийн мөрөөдөл минь биеллээ

өвөг эцгийнх нь нутгийг үзүүлэх санаа төрсөн тухай ТВ-9 -ийн захирал Ц.Энхбат ярив. Ю.Цэдэнбалын зээ охин ч саналыг нь хүлээж авчээ.
Анастасия өдгөө 20 настай, Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн оюутан. Москвад төрсөн, одоо ээж, эмээгийнхээ хамт амьдардаг. Дунд сургуулиа төгсөөд тус их сургуулийн монгол хэлний ангид орохоор шалгалт өгсөн боловч оноо нь хүрээгүй гэнэ. Нэг жилийн дараа дахин шалгалт өгч тэнцсэн боловч монгол хэлний анги байгааагүй гэнэ. Тиймээс африк судлаач болохоор суралцаж байгаа юм.
Монгол найз нар нь өвөөгийнхөө эх нутагт ирэх боломж олгосонд маш их баярлаж байгаагаа тэрээр дахин дахин хэлж байв. Өвөг эцгийнхээ нутагт ирэхийг бүр багаасаа мөрөөдөж байсан нь ийнхүү биеллээ олсон гэнэ.
Тэрээр найз нарынхаа урилгаар Монголд ирж бүх юм маш энгийн болж өнгөрнө гэж боджээ. Гэтэл Буянт-Ухаа дээр буухад бөөн цэцэг барьсан хүмүүс угтаж, олон хүмүүстэй уулзаж, хэвлэлийн бага хурал хийлгэж байгаа нь гайхлыг нь төрүүлжээ. Ингэж их хүндэтгэл үзүүлнэ гэж бодоогүй гэнэ. Анх ирсэн мөчөөс эхлэн сэтгэлийг нь хөдөлгөсөн маш олон сайхан үйл явдал болсон тул алийг нь онцлон хэлэхээ ч мэдэхгүй байна гэж байв.
Анастасияг зургаан настай байхад нь өвөө нь өөд болсон. Тиймээс хүүхэд насных нь бүдэг бадаг дурсамж л үлдсэн байна. Зээ охиноо гадаа салхилуулж явахдаа өвөө нь байнга Монголын тухай ярьдаг байсан нь санаанас нь огт гардаггүй аж. Эмээ нь ертөнцийн мөнх бусыг үзүүлэхэд Настя 16 настай байсан бөгөөд бие нь муу байхад нь ээжтэйгээ эргэж очдог байсан тухайгаа дурсан ярив.
Орост, тэр дундуу Москвад Монголын тухай мэдээлэл ховор, ном бол бараг байдаггүй тухай ч дурдсан.
Настягийн ээж эмч мэргэжилтэй, өдгөө 46 настай. Охиноо бүр бага байхад нь ээж, аав хоёр нь салсан бөгөөд Буруу нь аль алинд нь байсан байх гэсэн товчхон тайлбар өгсөн юм. Түүнээс аавынх нь тухай асуухад маш хөндий, үл тоомсорлосон янзтай хариулж байсныг сурвалжлагчид дор нь анзаарсан юм. Энэ нь бас шалтгаантай бололтой. Настя аавтайгаа бараг уулздаггүй гэнэ. Цэдэнбалын Зориг Москва, Улаанбаатар хоёр хотод амьдардаг бөгөөд байнга нааш цааш явдаг юм байна. Харин ээж Елена Сергеевна нь одоо болтол хүнтэй суугаагүй гэнэ. Ээж маань бүх л амьдралаа надад зориулсан хүн. Намайг Улаанбаатар явах болоход сэтгэл нь маш их зовсон хэмээн ярив.
Настяд сүүтэй цай маш их таалагдсан гэнэ. Түүнд өвөг эцгийнх нь төрсөн нутаг Увс аймгийг үзүүлэх гэсэн боловч амжихгүй болсон тул Нутгийн зөвлөлийнхөн хүлдээж авахаар болсон байна. Эмээгийнхээ Монголын хүүхдийн байгууллагыг тэргүүлж байхдаа хийж бүтээсэн гол зүйлийн нэг болох Найрамдал зуслан, эртний нийслэл Хархориныг үзэж сонирхохоор төлөвлөжээ. Анастасия Монголд 12 хонох бөгөөд маш шахуу хөтөлбөртэй байгаа гэнэ. Ийнхүү өөрийнхөө өвөг эцгийн нутагтай танилцах юм байна.
Оросын сэтгүүлч Шинкаревын бичсэн эмээ, өвөө хоёрынх нь тухай номын талаар ямар бодолтой байгааг ч сурвалжлагчид сонирхов. Настя энэ номыг ердөө хоёрхон өдрийн дотор уншсан бөгөөд маш таалагдсан гэнэ. Хамгийн гол нь ХХ зууны жирийн монголчуудын амьдралын тухай маш ихийг мэдэж авсан тухайгаа ярив. Анастасия Зориговна наадмыг сонирхож, бас төрийн хүндэтгэлийн хүлээн авалтад уригдсан байна.
Цэдэнбал гэсэн овгийг нь сонсоод хамт сурдаг оюутнууд нь хэний удам болохыг нь мэддэг үү гэсэн асуултад ганц, хоёр хүн л мэддэг гэв. Зарим оюутнууд энэ чинь еврей нэр үү гэж асууж байжээ.
Дашрамд дурдахад Анастасиягийн аяллыг Air Trans ивээн тэтгэсэн бөгөөд өчигдөр Мобиком-оос 9911 дугаартай утас бэлэглэсэн байна.
Ю.Дэлгэрмаа.
2005.07.9, Өдрийн сонин