Т.Алтанцэцэг ДОХ-ын халдвар авагч 10 дахь тохиолдлыг тандалтаар илрүүллээ.

Гэтэл халдвар авсан 10 дахь тохиолдол мөн илэрсэн талаар бид мэдээлэл авсан юм. Мэргэжилтнүүдийн үздэгээр вирус тээгч нэг хүний цаана халдвар авсан байж болзошгүй 100 хүн байдаг гэвэл ДОХ-ын вирус тээгчид 1000-д хүрсэн гэсэн үг. Энэ бол хүн ам цөөтэй манай орны хувьд бага тоо биш. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор, профессор Т.Алтанцэцэгээс тодрууллаа.
-ДОХ/ ХДХВ-ын халдвар авсан 10 дахь тохиолдол илэрсэн гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү, хэрвээ үнэн бол бие нь ямар байгаа бол?
-Үнэн. Бид ДОХ-ын халдвар авсныг нь тогтоогоод 10 дахь тохиолдол илэрлээ гэдгийг ЭМЯ-нд албан ёсоор мэдээлээд байна. Өвчтөнийг хяналтад авсан. Одоогоор түүний биеийн байдал сайн байгаа.
-ДОХ-той нь албан ёсоор бүртгэгдсэн өмнөх есөн хүний ихэнх нь ижил хүйстэн гэсэн яриа байдаг. Энэ хэр бодитой вэ?
-Ер нь ДОХ-ын халдварт өртөх өндөр эрсдэлтэй хүмүүс байдаг. Биеэ үнэлэгчид, ижил хүйстнүүд, судсаар хар тамхи хэрэглэгчдийг халдвар авах өндөр эсрдэлтэй гэж үздэг. Манайд ч гэсэн мөн адил. Гэвч хэн ч гэсэн би, миний гэр бүлийнхэн, найз нөхөд энэ өвчний халдвар авахгүй гэж бодож болохгүй.
-Вирус тээгчээр тогтоогдсон арав дахь монгол хүн хэр насны хүн бэ. Эрэгтэй хүн үү, эсвэл…?
-Яг ийм мэдээллийг бол нууцлах ёстой байдаг л даа.
-Сүүлийн үед хүмүүс танай төв дээр сайн дураараа ирж шинжилгээ өгөх нь ихэссэн гэсэн. Энэ хүн өөрөө шинжилгээ өгсөн үү. Ер нь яаж илэрсэн юм бэ?
-Ер нь нэг үеэ бодвол манайхан ухамсраараа, өөрсдөө ирээд ДОХ-ын шинжилгээ их өгдөг болсон. Харин энэ хүний хувьд ДОХ-ын халдвартай гэдэг нь манай тандалтын үр дүнд тогтоогдсон. ДОХ-ын тандалт дотроо хэд хэдэн янз байдаг л даа. Тухайлбал, шар мэдээ буюу баттай бус мэдээлэлд үндэслэлж тандалт хийх арга гэж бий. Энэ нь олон улсад нэлээд үр дүнтэйд тооцогдож байгаа хэлбэр. Тиймээс бид бас зарим тохиолдолд энэ аргаар ажиллаад үзэж болох юм гэж үзээд шар мэдээний дагуу эрэн сурвалжилсан. Ингээд шинжилгээ хийхэд ДОХ-ын халдвар авсан нь тогтоогдсон.
-Энэ долоо хоногт Өмнөговь аймагт ажиллаад ирсэн гадаадын нэг мэргэжилтэн тэнд биеэ үнэлэх явдал дэндүү хавтгайрчээ гэж байна лээ. Иймэрхүү газрыг ялангуяа ДОХ зэрэг үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж болзошгүй онцгой бүс гэж үздэг. Ийм бүсүүд та бүхний анхаарлын төвд байгаа биз дээ?
-Тэгэлгүй яахав. Бид тодорхой бүсүүдэд байнгын нарийн хяналттай байдаг. Дашрамд хэлэхэд, өнгөрсөн 1-5-ны өдрүүдэд Ази Номхон далайн орнуудын ДОХ-ын ҮП их хурал Японы Кобэ хотод болж өнгөрлөө. Манайхаас Эрүүл мэндийн дэд сайд Ш.Энхбатаар ахлуулсан мэргэжлийн баг оролцоод ирлээ. Тэнд ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тандах, эмчлэх үндэсний бодлого, зорилго, зорилтоо цаашид боловсронгуй болгох талаар олон сайхан судалгааны ажил хэлэлцсэн. Манайхаас ч илтгэлүүд, судалгааны ажлуудаа танилцуулсан. Манай хэд хэдэн илтгэл бусад орнуудын анхаарлыг их татаж байна лээ. Энэ их хурлыг зохион байгуулах хорооны дарга Тадамицу Кишимото Энэ халдварт би, миний гэр бүл, миний найз нөхөд, миний хамт олноос өртөхгүй гэж бодож байгаагаараа бид алдсан. Энэ бол бидний буруу, бидний алдаа гэдэгт онцгой ач холбогдол өгч байсан.
Н.Пагма
2005.07.9 Өдрийн сонин