Харшилтай долоон хоног

Лхагва гаригт Лондон хот 2012 оны Олимпын тоглолтыг зохиох эрх авсны дараа 24 цаг ч болоогүй байхад алан хядагчдын дэлбэлсэн дөрвөн тэсрэх бөмбөг 49 гэмгүй хүний (Бямба гаригийн өглөөний байдлаар) амь насыг хөнөөн олон хүнийг бэртээж гэмтээн, энэхүү ажилсаг ард түмний ажлыг түр саатуулав. Дэлбэрэлтийн улмаас хотын метро бүрэн зогсож, төв рүү орох, гарах нийтийн тээврийн үйлчилгээ хаагдан, гар утасны зарим шугам долгионоо алдан хөл хөдөлгөөн татрасхийв. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Их Британы хөрсөн дээр болсон хамгийн хохиролтой довтлолт боллоо хэмээн нийтээр үзэж байна.
Ямар ч сануулга, анхааруулгагүй хийгдсэн дөрвөн дэлбэрэлтийн гурав нь ид хөл хөдөлгөөнтэй метроны шугамд, нэг нь хүн дүүрсэн Лондонгын билэг тэмдэг болдог давхар улаан автобусанд болжээ.
Анхны дэлбэрэлт Пүрэв гаригын өглөө 8.51-д метроны Ливерпул Стрийт (Liberpool street) зогсоолд тэсрэж долоон хүн алжээ.
Хоёр дахь нь 8.56-д метроны Кингс Кросс (King’s Cross), Раселл Скивер (Russell Square) хоёр зогсоолын хоорондох хонгилд дэлбэрч хорин нэгэн гэмгүй зорчигчдыг алсан аж.
9.17-д гурав дахь дэлбэрэлт Ежвей Роуд метроны зогсоолд (Edgware Road station) болж таван хүн алсан байна.
Үүний дараа яг 30 минутын зайтай 9.47-д хотын төвийн Тависток Пласе (Taүistock Place) гэдэг газар дүүрэн хүнтэй давхар автобус дэлбэрч дор хаяж арван гурван хүнийг хөнөөсөн байна. Энэхүү дэлбэрэлтийг амиа золиослогч үйлдсэн хэмээн тааварлаж байна.
Өөрсдийгөө Европ дахь Жихад Байгуулгын Ал-Кайда Нууц Байгуулгын Бүлэглэл (Secret Organization Group of Al-Qaida of Jihad Organization in Europe) хэмээн нэрлэсэн этгээдүүд энэхүү алан хядах, хорлон сүйтгэх үйл ажиллагааг үйлдсэн хэмээн мэдэгдсэн байна. Интернетээр цацсан мэдэгдэлдээ Их Британы Афганистан, Иракд явуулсан нийтийг хамарсан аллагыг эсэргүүцэн энэхүү хариуг бариж байна гэсэн утгатай зүйл бичжээ.
Мөн Английн мэргэжилтэнгүүдийн Их Британид олон жил амьдран анхааралд өртөөгүй дор хаяж 20 Ал-Кайдагын гишүүн энэ алан хядах үйл ажиллагаанд оролцсон гэж
Маргааш нь буюу Баасан гаригын байдал
Хэдийгээр Баасан гаригын өглөө яаруу цагаар (rush-hour) метрогоор зорчих, хотын төв рүү орох хүмүүсийн тоо цөөрсөн ч Лондонгын амьдрал хэвэндээ орж, албан байгуулгууд, үйлчилгээний газрууд хаалга үүдээ нээлээ. Лондонгын хэвийн амьдрал гэдэг бол цагтай өрссөн ажил билээ.Үнэндээ энэ их хотын эрчийг сааруулахын тулд дэлхийтэй цуг л арчих бөмбөг хэрэгтэй болов уу?
Сонин сэтгүүл, хэвлэл мэдээллээр өчигдөрийн үйл явдлыг дүгнэн алдаа оноогоо шүүлцэж байхад магтахгүй өнгөрөөгүй нэг зүйл бол түргэн тусламж, эмнэлгийн ажилчдын шаргуу, итгэлтэй, зохион байгуулт маш сайн байсан нь. Ямар ч байсан Их Британчууд гэнэтийн аюул нөмрөхөд эмнэлэгтээ бүрэн найдаж болно гэсэн итгэл дүүрэн байна.
Хэзээ нэгэн цагт манай нийслэлд хорлон сүйтгэх үйл ажиллагаа явагдах байсан. Харин сансныг бодоход гайгүй өнгөрлөө хэмээн олон хүн үзнэ. Америкын 2001 оны 9/11-ний үйл явдлын дараа дэлхийн өнцөг булан бүрт Лалын туйлшрагчид хорлон сүйтгэх үйл ажиллагаа хэд хэд хийсэн. Ноднин 2004 оны 3 сард гэхэд л Испаны Мадридад бөмбөг дэлбэрэн 200 гаруй хүн амиа алдан, Испанчуудыг цэргээ Иракаас татахад хүргэсэн ажээ. Харин Англичуудын хувьд энэхүү сануулгагүй санамж нь санасан бодсоноос нь ухраахгүй бололтой. Аюулын өмнө айж сөхөрч үнэт зүйлс, хэвшсэн амьдралаасаа татгалзахгүй хэмээн дийлэнх нь шийдсэн байна. Их Британы зорьсондоо хүрэх гэж тэмүүлдэг, өөрсдийнх нь нэрлэдэгээр бульдог чанар ( bulldog spirit) эндээс л үнэртэж байх шиг.
Тэд хэзээ ч биднийг дийлэхгүй
Шотландын Gleneagles-д болж байгаа Их наймын уулзалтай давхцсан энэхүү алан хядах хорлонт ажиллагааг Их Британы Ерөнхий Сайд Тони Блейр бүдүүлэг, харгис явдал хэмээн тодорхойлов.
Бид энд Африкийн ядууралыг арилгахад туслаж, дэлхийн цаг уурын өөрчлөлт, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, чармайн шийдэхээр цуглаж байхад иймэрхүү юм болсон нь үнэхээр харгис бүдүүлэг юм.
Их наймын уулзалтай давхцуулан энэхүү угсараа алан хядах хорлонт ажиллагааг үйлдсэн нь тодорхой.
Тэрээр мөн энэ алан хядах ажиллагаанд оролцсон хүмүүс, тэдний энгийн номхон иргэдийг алж гай зовлон авчран туйлширсан үзэл бодлоо дэлхийд тулгах гэсэн хүсэл нь бидний өөрсдийнхөө үнэт зүйлс, амьдралын хэв маягаа хамгаалах гэсэн эрмэлзлийг дийлэхгүй гэжээ. Ноён Тони Блейр Лалын туйлшрагчид буюу Ал-Кайда энэхүү хорлонт ажиллагааг үйлдсэн болохыг баталжээ.
Гэмгүй олон Лалын шашинтангууд эмээж байна.
Лондон бол олон үндэстэн, шашин зэрэгцэн оршсон их хот. 2005 оны 7 сарын 7-ны алан хядах хорлонт ажиллагаа олон нийтийн зэвүүцлийг гэмгүй олон Лалынхны зүг хандуулах вий хэмээн Лалын шашинтангууд эмээж байна. Баасан гаригт олон шашны сүм хийд ном уншин, мөргөл үйлдсний дотор Лалын шашны сүм хийдүүд ч идэвхтэй оролцон, алан хядах үйл ажиллагаа үйлдсэн нөхдийг буруушаан зэмлэсэн билээ. Ойролцоогоор 1.6 сая лалын шашинтан Их Британд амьдардаг аж.
Английн ерөнхий сайд Тони Блейр бид эдгээр алан хядагчид Лалын шашны нэрийн өмнөөс үүнийг үйлдсэн гэдгийг мэднэ. Гэхдээ бид мөн ихэнх лалын шашинтангууд сайхан сэтгэлтэй, хууль хүндэлсэн алан хядах үйлдэлийг бидэнтэй адил үзэн яддаг хүмүүс гэдгийг нь ч бас мэднэ хэмээн хэлжээ. Их Британчууд ч бодит байдлыг зөвөөр ухааран, нээлттэй нийгмийн үнэт зүйлсээ өөрсдөө гутаахгүй хэмээн гэмгүй номхон Лалынхантай тэрсэлдсэн, занасан зүйлгүй байгаа нь үнэхээр бахарахмаар.
Хэн хохиров
Пүрэв гаригын өглөө ажил төрөлдөө очиж явсан гэмгүй олон хүмүүс гэнэтийн энэ дэлбэрэлтийн золиос боллоо. Энэ довтолгоо нь яс үндэс, хүйс, нас хамаараагүй харгис санаатай үйлдэл байлаа. Хохирогчид зөвхөн Их Британы иргэд байсангүй. Сиерра Леона, Австрали, Португал, Польш, Хятадын иргэд байсан байна. Монголчууд бидний аз болоход Монгол хүн бэртэж, гэмдсэн гэсэн мэдээлэл алга. Монгол хүн өртөөгүй ч гэлээ энэ бол хүн төрөлхтөний эсрэг хийсэн гэмт хэрэг юм. 2005 оны 7 сарын 7-нд зөвхөн гэмгүй иргэд л хохирогч болж үлдэв. Мөн 7 сарын 9-нд болох байсан Английн Монголчуудын бяцхан наадам ч дээрх харгис үйлдлээс болж тодорхой бус хугацаагаар хойшлогдлоо.
Дэлхий нийтээрээ алан хядах хорлонт үйлдэлтэй тэмцэх цаг болсныг энэ харгис явдал харууллаа. Монголчууд бид хүчирхийллийн бус замаар асуудлыг шийдэж, дэлхий даяар энх тунх байх цаг ирнэ гэдэгт итгэдэг ард түмэн билээ. Тиймээс ч энхийн эсрэг аливаа үйлдлийг буруушаасаар ирсэн юм.
Лондон хот
/Olloo.MN/