Шүүхдэхээс өөр арга бий

Үүнээс 79-д нь иргэний хэрэг, дөрөвт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байх юм. Харин тэрхүү 79 хэргийн 47-д нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл ялагдаж үүнээс 23 хэрэг дээр буруугаа хүлээж, хүний нэр төрийг гутаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Хэвлэлийн эрх чөлөө, хариуцлага, ёс зүй өндөр хөгжсөн орнуудад хэвлэлийн өөрийгөө хянан зохицуулах байгууллага гэж бий. Түүнийг Хэвлэлийн консул гэнэ. Хэрэв ямар нэг сэтгүүлч хүн гүтгэж, доромжилсон бол гомдлыг заавал шүүүхэд гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй. Мэдээж, шүүхэд өгч болно л доо. Гэхдээ шүүхэд хандаасаа өмнө Хэвлэлийн консульд хандана. Тухайн сэтгүүлч үнэхээр мэргэжлийн ёс зүйгээ зөрчсөн үү, үгүй юу, бодитой баримт материалд тулгуурлав уу, эсвэл дам сонссон мэдээгээ өөрийнхөө санаагаар баяжуулаад зохиочихов уу зэрэг мэргэжлийн дүгнэлт гаргуулна гэсэн үг юм. Консулаас сэтгүүлчийг мэргэжлийн ёс зүйгээ зөрчсөн гэж дүгнэсэн ч заавал шүүхэд шилжүүлж, барьж хориод байхгүй. Тухайн хэвлэл уучлал гуйж, залруулга гаргаж, тодорхой хэмжээний мөангөн торгууль хүлээх үүрэгтэй. Гэхдээ залруулга гаргахдаа ямар нүүрэнд, ямар хэмжээгээр, хэдэн хувь борлуулж хүний нэр төрийг гутаасан, яг тэр хэмжээгээр залруулна. Манайхан шиг эхний нүүрээсээ эхлэн хоёр нүүр дамнуулж доромжилчихоод арынхаа нүүрэн дээр алга дарам зайд уучлал гуйх ёсгүй. Энэ мэтчилэн энгийн хэрнээ ардчилсан зарчмууд барууны орнуудад үйлчилдэг байна.
Үүнийхээ ачаар ч тэдний сэтгүүл зүйн хөгжил өнөөгийн энэ эрх чөлөөт, гэхдээ хариуцлагатай, ёс зүйтэй түвшинд хүрсэн байж болох.
Гэтэл манайд байдал ямар байна вэ. Олон жилийн өмнөөс яригдаж байгаад сураг нь тасарсан Хэвлэлийн консул юу болсон бэ гэж өнөөдөр асуумаар. Сэтгүүлч болон мэдээллийн ёс зүйтэй холбоотойгоор гомдол гаргагчид мэргэжлийн дүгнэлт өгөх, улмаар сэтгүүлчийн эрхийг мэргэжлийн зүгээс нь илүү хамгаалж чадах энэхүү бүтцийг зарим барууны орнууд зүгээр ч нэг хэрэглэдэггүй байх.
Гэтэл бид ийм зүйл байгуулснаас гарах ашиг тусыг нь бодохоосоо илүү дагаж ирэх төслийн мөнгө, эсвэл хэнийг тэнд оруулах вэ гэсэн амбиц мэтээ бодсоор, булаалдсаар юу ч үгүй сууж л байна.
2005.07.11, Инфо