Ханхөхийн унага түмний эх болж, харцага Ц.Мягмарсүрэн таавар эвдэв

Нас ахиж нэгэнт харьсан начин маань наадмын хоёр өдөр хүүхдүүдийн барилдааныг асарч тойлсоор дуусгалаа. Мөн улсын начин Л. Дашчийрэв анхны даваанд наадмаа өндөрлөв. Зодгоо салхинд гаргаж, үрчлээг хэлбэн тэнийлгэж, төрийнхөө наадамд зодоглон есөн хөлт цагаан туг наасаа адис авах нь өөрөө сайхан хэрэг юм даа гэж бодогдоно.
Нэгийн даваанд унагсдад Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг үг атаархал төрүүлнэ. Нээрээ, бүдүүн өвсөнд тээгэлдэж унах харьж өвгөрөхийн дэргэд юутай сайхан билээ дээ.
УЛСЫН ЦОЛТНУУД УНХИАГҮЙТСЭН ХОЁРЫН ДАВАА
Хоёрын даваа бөхчүүдэд хамгийн хоржоонтой. Тэр дундаа хижээл заан начин, бас эрэмбэ багатай улсын цолтой бөхчүүдэд юм амсуулна шүү. Өнөө жил ч гашуун юм зөндөө боллоо. Энэ даваанд улсын начин Ш.Уламбаяр аймгийн арслан М.Батжаргапыг, улсын начин Ц. Сумъяабэйс аймгийн заан И.Батсайханыг тус тус давсан нь ярихад халгам. М.Батжаргал И.Батсайханнаролон жил начны тааварт ордог, ирэх жил ч дахиад л энэ хоёр нэр начин болох зөгнөмжид байжл байх нь. И.Батсайханы хувьд нэн харамсам. Өмнөх жил начны даваанд улсын далай аварга А.Сүхбатад ойчиж байсан бол энэ удаа хоёрын даваанд нутаг нэгт начиндаа яах аргагүй унах юм. Энэ даваанд гайтсан цолтнууд хэн хэн байв, улсын заан Д.Лхагвасүрэн, Д.Хишигдорж, Ч.Гочоосүрэн, харцага Г.Батбаатар, Н.Алтансүх, Ж.Намжилдорж, начин И.Мөнхбаатар, А.Ганбаатар, Д.Сүхбат, У.Сүхбаатар, Р.Цоггэрэл, Д.Моломжамц, Д.Болдбаатар, Ш.Зоригт, Д.Намдаг Н.Баянмөнх, Ду.Батбаяр Н.Бүрэнбаатар, Л.Наранбаатар, Д.Азжаргал Д.Лхагвадорж. Сунагар да-раалал байгаа биз. Хамгийн харамсмаар нь саяын жагсаалтын сүүлд бичигдсэн дөрвөн залуу начинд байна. Н.Бүрэнбаатар Говь-Алтай аймгийн арслан Д.Соронзонболдыг баахан тэвдүүлж хөөн яргаж байгаад өөрөө шороодчихов. Л.Наранбаатар нь болохоор МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийн хүү аймгийн арслан Ганбаатарыг, Д.Азжаргал улсын начин Шоовдойхүүгийн хүү аймгийн арслан Тогтохбаярыг дийлсэнгүй. Бүр юм бололгүй шахуу унасан. Сонирхолтой нь энэ гурвыг давсан гурван аймгийн арслан гурвуулаа Говь-Алтайн харъяат. Улсын заан Р.Даваанямын хүү улсын начин Лхагвадорж, аймгийн начин Баасандорж нар хоёрын даваанд шороодох энэ үед ахмад заан аав нь, мэргэжлийн сумогийн дээд зин-даанд хүч үзэж буй дүү Ама нар нь давж байлаа. Энэ өдөр Р.Давааням зааныхан унаа даваа тавь тавин хувьтай. Хоёрын даваанд Архангайн Р.,Түвшинбаатар, Сүхбаатарын М.Булганхүү хоёр таарч хангайн арслан давав. Хоёр сайхан аймгийн арслан, хоёр начин цол горилдог бөхчүүд. Хэн илүү ухаан, бяр зарсан л давах. Энэ даваанд Д.Хишигдорж заан маань их л гоомойдож, даага сургаж байгаад тонгорцоглоод унах том хүн шиг давж яваад уначих юм. Жаахан яарчихав уу даа гэмээр л барилдаан гаргана лээ. Бас энэ даваанд улсын цолонд яригддаг Завханы аймгийн арслан Ш.Жаргалсайхан улсын начин Ж.Алтансүхэд ойчоод буцах нь баахан гутралтай. Хоёрын даваа улсын цолтнуудыг ийнхүү унхиагүйтүүлсэн.
АРСЛАН, ГАРЬД ТАХИМАА ӨГСӨН ГУРВЫН ДАВАА
Алдар цолоо дуудуулсан аварга, арслан,гарьд, заан, начингууд учраануудаа төд удалгүй дараалан даваад туг тойрцгоогоод л. Харин гарьд Ц.Цэрэнпунцаг өмнөх даваанд улсын начин Н.Бүрэнбаатарын аяглаж байгаад унадгийг давтаж Увс аймгийн харъяат залуу бөх Э.Элбэгбаярт ойчиж, наадамчдыг эг маг болгов. Гарьд тахимаа өгөхийн өмнөх жаахаан эргэлзээ юу болох хооронд залуу бөх уйлж харагдав. Догдолсоных уу, айсных уу сайн мэдсэнгүй. Улсын наадамд зодоглож том цолтон шороодуулчихеон, айх, баярлах, сүрдэх гурав болсон юм болов уу даа. Гарьдын хувьд тэр нэгэн жил өдгөөгийн улсын заан Б.Ганбатыг чухам тонгорог шиг явах үед нь гурвын даваанд амлаж хаян аархаж байсан билээ. Гэтэл өөрөө бас гурвын даваанаа амласан амдаа унаж үздэг байжээ. Бөх хүн бүдүүн өвсөнд болов бололтой. Бандийн Ганбаатар арслан маань тэртээ 1985 онд төрийн наадамд түрүүлж байх үеийнх нь шиг харчгар туранхай залуу бөх Э.Цолмонд шороодож даваа ханав. Энэ даваанд улсын заан З.Дүвчин аймгийн арслан М.Цанлигийг.улсын начин Х.Амраа аймгийн заан Ч.Бямбадоржийг, улсын начин Д.Пэрэнлэйдорж аймгийн арслан Р.Түвшинбаатарыг улсын харцага Г.Намсрайжав аймгийн арслан Б.Сэр-Одыг, улсын начин И. Ёндонсамбуу аймгийн арслан Ц.Цогтжаргалыг, улсын начин Ж.Алтансүх цэргийн арслан А.Бямбажавыг амлаж авсан нь санамсаргүй хэрэг биш юм. Энд нутаг нугын ойролцоо, хамаатан садан, сэтгэл итгэл, бас бус шалтгаанууд үйлчилж байгаа бөгөөд улсын цолтнууд залуусыг нэгэн даваа өргөсөн нь нууц биш. Цэргийн заан Т.Амартүвшин энэ даваанд улсын заан Ц.Баярсайханыг давлаа. Улирсан жил наадмаар улсын харцага цол хүртсэн хоёр залуу энэ даваанд сайхан ам авч хавтай барилдаанууд гаргав. Л.Пүрэвжав аймгийн арслан Ц.Баярааг шахаж татан, Т.Мөнгөнцоож өнгөрсөн улсын начин болсон С.Ганхуягийг тус тус давав. Гурвын даваанд хоёр харцагын барилдаан үзүүштэй, хэмжүүр зангаргаа хадгалсан нь сайхан байв. Барилдаан болгон адилхан өрөөтэй, унах хаяхтай байх ч, сэтгэл зүрхэнд арай өөр буулттай байх нь илэрхий. Ийм л барилдааныг харцагууд хийв. Улсын начин Ц.Цэрэнчимэд, Ж.Гансүх нар энэ даваанд амласан Булганы аймгийн арслангууд болох Д. Баасандорж, А.Сүмбээ нарыг дийлсэнгүй. Гурвын давааны шувтаргад гунан шар шиг хэдэн сайхан залуу хоорондоо тунаж гал гартал барилдав. Хоёрын даваанд харцага Ж.Намжилдоржийг гайхалтай уран өмеч давсан аймгийн начин Н.Түвшинбаяр аймгийн арслан Т.Өсөх-Ирээдүйг, Завханы аймгийн заан Л.Нямсүрэн Говь-Алтайн арслан О.Мөнхтөрийг, аймгийн арслан М.Өсөхбаяр аймгийн арслан Т.Санчирыг, аймгийн арслан Ш.Тогтохбаяр аймгийн арслан Б.Соронзонболыг тус тус орхилоо. Эдгээрээс хамгийн сүүлчийн дүйз нь Говь-Алтайн хоёр арслан, хоёулаа улсын цол авах өндөр магадлалтай гэж нийтээр зөвшөөрөгдсөн бөхчүүд байсан нь зарим үзэгчдийн хувьд таагүй хэрэг байлаа. Гэвч нэгэнт цолны эрэмбээр тунаанд үлдсэн болохоор нь нэг нь давах нь дамжиггүй. Ингээд Т.Өсөх-Ирээдүй, Т.Санчир нарын хуучны аймгийн арслангууд ужиг болсон дараа жилийн наадам даанч холыг хүлээх боллоо. Хийморь, итгэл нь тэгшрэхгүй байгаагийнх биз ээ, түүнээс биш тэд начин болохын тухайд хэн нь болчих л хүмүүс.
НАЧИН ТӨРҮҮЛЭХИЙН БОСГОНД ДАРХАН АВАРГА ШОРООДСОН ДӨРВИЙН ДАВАА
Дархан аварга Д.Цэрэнтогтох залуу бөх Э.Элбэгбаярт шороодлоо. Цээсэ аварга маань уг нь энэ лүдийн залууг давчихсан бол дараагийн даваанд хүссэнээрээ начин төрүүлэхгүй юү, тэргүүн эрэмбэ байгаа хойно. Гэвч ийм боломж гарсангүй дээ. Ширүүн барилдаанууд хийж гурав давсан Н.Түвшинбаяр далай аваргатай, хоёр жилийн өмнөх наадамд байна уу даа, бас л энэ давааны орчим Өсөх аварга бараг унаж дууссан аймгийн заан Л.Нямсүрэнтэй санан санан байж тааруулуулсан юм шиг тус тус учирсныг аваргууд болголгүй орхиж, зодог тайлууллаа. Түүнчлэн гарьд Б.Гантогтох аймгийн заан Ч.Бямбадоржийг, гарьд Д.Сумъяабазар аймгийн заан Б.Батгэрэлийгтус тусдавав. Начин цол руу дөхөгсөд ийн энэ даваанд том цолтой идэр бөхчүүдтэй оноолтоор таарч хайр найргүй хянгардуулав. Энэ даваанд заан Ч.Батзориг, О.Одгэрэл, И.Доржсамбуу, харцага Ц.Мягмарсүрэн, Т.Мөнгөнцоож нар сайхан барилдаан үзүүлэв. Сайхан хэмээгдэхийн учир нь үнэн, шалгарал явагдсан тэмцлийн улбаатайгаас ийн хэлэгдэнэ.
Дөрвийн давааны тун сонирхолтой барилдаан улсын заан Д.Бумбаяр аймгийн арслан Н.Ганбаатар нарын хооронд болж арслан давсан. Ингэж МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийн хүү начин болоход нэгхэн даваа дутуу үлдэв. Өнгөрсөн онд дүүгийн нь хүү начин болсон бол өнөө жил өөрийн нь хүү энэ цолыг авахад ганц даваа хэрэгтэй болов. Улсын заан Ч.Бямбадорж, харцага М.Баяржавхлан нар энэ даваанд учраагаа дийлсэнгүй. Завханы бөхчүүдийн толгой нь гурвын даваанд ойчеон бол дараа нь өнгөлөх цолтон, заан болно гэгддэг Жавхаа ингээд наадмаа дуусгачихав. 84 жилийн их баяр наадмын дөрвийн даваанд өмнөх жилийн баяраар улсын цол авагсдаас энэ даваанд Л.Пүрэвжав, Т.Мөнгөнцоож харцагууд шийр зааж дөрөв давлаа. Улсын харцага Э.Батбаатар энэ даваанд унаад өгөх юм, шууны нь бяр шуудай шуудайгаар байдаг түүнд энэ арай эртэдсэн байх аа.
ЗУРГААГИЙН ЗУРГААН НАЧИНТАЙ ТАВЫН ДАВАА
Хэн хэн хэнээр начин болсныг та бүхэнд харж байна. Энэ давааныг онцлогуудыг харъя. Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяраар 1024 бөх барилдахад заан болсон Ч.Батзориг, О.Одгэрэл, И.Доржсамбуу нар гурван начин төрүүлэв. Нутаг нутгийн буюу Ховд, Увс, Булганы. Ч.Батзориг заан өмнөх жил Ховдынхоо Эрдэнэбүрэн сумын харъяат Ц.Лхагвасүрэнг төрүүлж байсан бол өнөө жил мөн сумын Т.Амартүвшинг. О.Одгэрэл Увсынхаа Сагилын Т.Насандэлгэрийг, И.Доржсамбуу Булганыхаа Гурванбулагийн Ц.Цоггжаргалыг начин болгов. Ц.Цогтжаргалыг гурвын даваанд зааны дүү начин И.Ёндонсамбуу бас амлаж зам зассан билээ. Хэдийгээр начин бологсод муу биш бөхчүүд ч яг ийм барилдлагаа, ийм унаа хүлээх нь ард түмэнд тиим ч таатай биш байх ажиглагдана. Тавын даваанд гурван заантай нэг оны наадамд цол хүртэлцэн начин болсон 17 хүний хоёр нь л цолоо баталлаа. Эд бол Д.Рагчаа, Х.Мөнхбаатар. Тэднээр бахархууштай. Улсын харцага Л.Пүрэвжав ус нутаг Дундговийнхоо нэрийг гарган сайхан барилдаж энэ даваанд ойчив. Амласан шиг амлаж барилдсан шиг барилдах сайхан ажээ. Х.Мөнхбаатар начинг амлаад дийлэлгүй ойчсон. Хоёр харцага ер нь сайхан барилдъя гэж тохирсон юм шиг ам авцгааж, Т.Мөнгөнцоож нь үнэхээр шандаслаг шамдамлаг барилдаан гаргасаар Баянхонгорын Баянбулагийн Д.Батболдод ойчиж, начин цол авахууллаа. Энэ наадамд хоёр залуу харцага чимэг болсон сайхан барилдаанууд үзүүлснийг зориуд тэмдэглүүштэй. Архангайн Тариатын М.Цанлиг улсын начин Ц.Сумъяабэйсээр, Булганы Бүрэгхангайн Д.Баасандорж улсын начин Б.Одхүүгээр тус тус тав давж начин болсон нь чансаатай. Ийнхүү Булганаас хоёр, Ховд, Архангай, Увс, Баянхонгороос нэг нэг начин цолтон төрлөө. Аймгийн арс-лан Ж.Оргил, Р.Дамдин, залуу бөх Э.Элбэгбаяр, аймгийн арслан Б.Сэр-Од, аймгийн арслан Н.Ганбаатар, А.Бямбажав нарын залуус начин цолын үзүүрээс атгаад буцлаа, ирэх жил начин болцгооно биз ээ. Дархан аварга, далай аварга, аварга, гарьд, начингууд тэднийг энэ удаа начин цолноос татгалзууллаа.
ХАРЦАГА ИХЭРЛЭСЭН ЗУРГААГИЙН ДАВАА
Начингаа баталсан Д.Рагчаа, X. Мөнхбаатар нар шинэ начин болсон хоёр залууг даваад шууд харцага болчихов. Одоо заан мөн ойрхон байна аа, гэж бодогдсон нь дамжиггүй биз. Архангайн Булган, Хөвсгөлийн Шинэ-Идэрийнхэн харцагууддаа баяр хүргээд л. Энэ даваа эхлэхийн өмнө Төв цэнгэлдэхэд азарган бороо ховоонгоор асгасан юм шиг оров. Бөхчүүд барилдаад л, Б.гантогтох гарьд таг бороон дунд ам бөхөө даваад гүйж явах нь сонин, сайхан, энгийн биш харагдаж байлаа. Б.Бат-Эрдэнэ аваргыг учраатай нь хамт засуулууд Учирлаж байж, барилдааныг завсарлуулав. Бороо талбайг шалба норгож өнгөрсний дараа зургаагийн даваа үргэлжлэнгүүт л дээрх хоёр харцага төрсөн билээ. Харцага төрүүлэх гэж л бороо орсон мэт. Харцага Ц.Мягмарсүрэнг заан Б.Ганбат амлаж барилдаад асар удалгүй хялбархаан шороодчихсоноор аанай л Мягаа зааныхаа даваанд туллаа. Бусад шөвгөрсөн гарьдаас дээш цолтой бөхчүүдийн тухайд Ц.Цэрэнпунцагаас бусад нь ном ёсоороо давцгаалаа.
ХОС ЗААН ТӨРСӨН ДОЛООГИЙН ДАВАА
Ховд.Хөвсгөлөөс заан төрөх учиртай наадам байжээ. Далай аварга, дархан аваргуудыг давж шинэ заанууд төрлөө. 2001 онд төрсөн дөрвөн зааны дараа ийн хос заан төрлөө. Далай аварга А.Сүхбат амаа буруу авсан байж мэднэ, дархан аварга Б.Бат-Эрдэнэ амаа онож авсан даваа юм, энэ долоогийн даваа. Дархан аваргын үүсгэн байгуулсан Аварга сургуулийн нэрийг өндөрт өргөгч нь Х.Мөнхбаатар байдаг, эдүгээ эндхийн төгсөгчдөөс бас хамгийн өндөр цолтой нь боллоо. Бас залуу балчир билээ, 19 настай улсын наадамд анх зодоглоод начин, одоо 23-хан насандаа заан боллоо, харцага цолыг чамлаад. Ц.Мягмарсүрэнгийн хувьд олон жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг үзсэн шиг үзэж, заан шиг заан болж, ард түмнийг баярлуулсан шиг баярлууллаа. Хэлэх үг алга, энэ зааны хувьд. Номин ногоон өнгийн дээл өмссөн Ч.Бямбадорж багш нь зүйргүй их баярлаж байна билээ. Баярлах бахархах шалтгаантай юм аа үнэхээр, Хайртхааны галынхан буюу Ч.Бямбадорж зааны шавь нараас энэ наадамд улсын нэг заан, нэг начин төрж, хүү Б.Заяамандах нь Төв аймгийн наадамд шөвгийн дөрөвт үлдэж аймгийн начин, Ховд аймгийн наадамд шавь Г.Цэдэнбал, Н.Батзаяа нар нь түрүүлж, үзүүрлэн аймгийн арслан, заан цол хүртжээ. Хамгийн том баярлах зүйл бол улсын зааны цолны буухиа Ховдын бөхчүүдээр үргэлжилж, тэр дун даа нэг багшийн хоёр шавь ийн зөөвөрлөж байгаа нь сайхан юм. Долоогийн даваанд аварга Г.Өсөхбаяр Д.Рагчаа харцагыг илүүрхэн давуулан гуядаж давсан бол тунасан хоёр гарьд өнөө жил даваагаа солилцжээ. Өнгөрсөн жил Б.Гантогтох нь давсан бол, өнөө жил Д.Сумъяабазар нь давав.
ШИНЭ ЗААНУУД ШОРООДСОН НАЙМЫН ДАВАА
Шинээр заан болсон хоёр маань аварга, гарьд хоёрт амархан уналаа. Гарьд цол ганцхан давааны цаана байж байдаг, барилдах л хэрэгтэй хэмээн наадамчид шуугилдана. Уг нь тиймсэндээ, гэлцэхийн хооронд шинэ заанууд шороодсон. Нэг нь цол алгасаад, нөгөө нь баахан хүлээж байж, бас тэгээд далай аваргыг давж авсан юм болохоор ханаа юм болов уу даа.
ДАЛАЙ АВАРГА ТӨРСӨН ЕСИЙН ДАВАА
Энэ наадмаар түрүүлэх бөхийн цолыг ард түмэн эчнээгээр өгч даян аварга уу, далай аварга уу гэлцэн байсан нь онолоо. Далай аварга төрөв. Аварга Г.Өсөхбаяр гарьд Д.Сумъяабазарыгаа дөрөв дэх наадмыг нь үзүүрлүүлэн түрүүлэв. Чингэж Ардын хувьсгалын 84 жилийн ой, тулгар төр байгуулагдсаны 799 жилийн ойн их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд арын хангайн аварга түрүүлж, өврийн хангайн гарьд үзүүрлэв.
Есөн хөлт туг Төрийн ордныг зорино, ер бусын. Гэгээн сайхан, бахархал хүндэтгэлтэй. Цав цагаан дээлтэй Г.Өсөхбаяр далай аварга аавыгаа тэврэн баярын хонгор нулимстай, хайлан уяралтай. Ховдын цэнхэр уулс шиг хувьтай заан Ц.Мягмарсүрэнгийн өргөөнөө одны мишээлд Ерөнхий сайд хадаг сүү барин өргөмжлөлтэй, сэтгэлийн дээдлэлтэй. Шинэ зааны гэргий наадмын урд өдөр хүү төрүүлжээ, юутай билэгтэй. Аавдаа заан цол өргөн иржээ, тэр хүү. Хожим зааны хүү заан болно, хойтон жилийн наадмаар дахиад л заан төрнө. Хойтон жил хол биш, ойрхон байна.
Б.ЗОЛБАЯР
ЭНЭ ЖИЛИЙН МОРЬД БУДЛИАНГYЙ ЭРГЭЛЭЭ
Улаанбаатараас хурдны морийг салгаад гурав дахь жилээ Хүй долоон худагт уралдаж байна. Гэвч Яармагийн дэнж дээр нааддаг үеийн морь хүн хоёр энд цөөрсөнгүй. Хөндий тавиу зам будлиангүй тул наадам нэг үсэ бодвол шударга талдаа болсон нь сайшаалтай. Төмөр замын торыг тэлж томсгосон нь зарим боссын адууны бэлчээр гэнэ. Энд ерөнхийдөө гандуу өвс сийрэг, өмхий евс зэрэг шимгүй хоол зонхилох тул удаан наадамлах боломж хомс. Гэвч орчин үеийн морьд овъёос саам, глюкоз, витамин зооглох агаад тэрнээс ч цааших нарийн нандин идэш ууштай аж. Мөн Хүй долоон худагт хөлөөрөө ирдэг ижиг гар ховор. Онгоц, машин, галт тэрэг хөлөглөн ирж эзнээсээ дутахгүй наадамдаад тус тусын нутаг руугаа мордуулах бус мордоцгооно.
Өнөө жилийн долдугаар сарын 10, 11, 12-ны гойд бүгчим +30 хэмээс дээш дулаан, хөрсөн дээр түүнээс ч дээш халуун өдрүүд байлаа. Онцгой байдлын харъяаны гал унтраагч улаан машин байсгээд ус цацавч нэмэр бага. Үе үе урдаасаа урих салхи нь уралдаж яваа морьдын дотрыг онгойлгох бөгөөд тэдний хөлөөс босох хийморь аравнайлсан тоос биднээс дайжина. Үзэгчдийг салхины дээр нэг талд байрлуулсан бөгөөд хоёр талаар нь цагдаа, цэрэг эгнэн хамгаалжээ. Энд байгаа бүх хүнийг дөрвөн тэнцүү хувааж болно. Эхнийх нь цэрэг цагдаа, дараа нь морьдын эзэд, тэгээд хуушуурын наймаачин, эцэст нь үзэгчид. Төр заегийн нөлөө бүхий олон хүн морь уях хоббитой болсон тул анхаарал халамж энэ наадамд илт мэдрэгдэж байв.
Наадмын урд өглөө 10-нд 280 даага гарааны зурхайгаас хөдөллөө. Барианд нэгэн хүрэн зүсмийн даага өнгөлсөн бөгөөд уясан эзэн нь сүүлийн үед Дорноговь аймгаас тодроод байгаа ганц уяач Алтангэрэлийн адууны төл ажээ. Уг хүрэн дааганы эцэг хүрэн азарга маргааш нь хүүгээсээ дутахгүй хурдалж аман хүзүүдсэн юм. Дараа нь Тод манлай уяач Аюушийн уясан Дэндэвийн хул даага, Өвөрхангайн Хайрхандулааны Отгон-насангийн хонгор, Дарьгангын Бямбадоржийн хүрэн, Г.Ганхүү начны дүү алдарт уяач Ганбатын уясан хул даага тус тус айрагдлаа. Хул дааганы эээн нь Баянжаргалангийн Бат-Очирын адууны төл юм байна.
Үдээс хойш болсон шүдлэн морьдын уралдаанд алдарт уяач Сумъяасүрэнгийн хүү Ганхуягийн зээрд урээ тасархай өнгөлж унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа. Нийт 300 орчим шүдлэн уралдсан. Олон хүн найдлага тавин хэдэд ирэх бол хэмээн ярилцаж байсан Ерөнхийлөгчийн цэгзгэр өндөр саарал шүдлэн эхэндээ хол тасархай өнгөлж явсан боловч замын дундаас унасан хүүхдээ булгин эмээ-лээ гэдсэндээ аван дэнхэг донхог хийн булгиж замаас гаран сураг тасрав.
11-ний үүрээр 06 цагаас эхэлсэн азарганы тоог 11 цаг гэхэд бүртгэж дуусав. Азарганы бараг тал нь соёолон настай байсан ба нийтдээ 300 гаруй дэлийг нь сүлжсэн сүргийн манлай гарааны зурхай руу хөдөлсөн юм. Морины комисс зарим азарганы төмсгийг нь шалгаж үзэж байв. Уяачид малчид азарганыхаа өрөөсөн төмсөгийг нь агталдаг бөгөөд энэ нь гүү бага хурааж азаргасах нь буурдаг сайн талтай аж. Энэ жил азарга 25 км-ээс эргэсэн тул орж ирж байгаа хурд нэлээд цуцангуй тавилттай байсан. Ялангуяа араб, эрлийз угшлын ташаа өндөр, салтаа уужим хөлгүүд хол сунгаанд монгол адуунаас илүү гарах юм алга гэлцэнэ.
Энэ наадамд алдарт уяач Д.Цэрэнжигмэдийн саарал азарганы хүүхэд Алтангэрэлийн хүрэн азаргыг шахаж зуузай холбож явенаа буруу талаар нь дайрч шахан явенаа түрүү магнай болсон. Энэ хөөрын араас нэлээд зайтай халтар азарга ирсэн нь Архангайн Түвшрүүлэхийн Б.Жаргалсайханы адууны халтар азарга, Дарьганга угшлынх бөгөөд их хурдад аман хүзүүдэж байсан алдартай хурдан хүлэг билээ.
Дөрөвт араб зүгийн халзан азарга орж ирсэн бөгөөд Орхоң аймгийн Б.Чулуунбаатар цулбуурдлаа. Айргын тавд Г.Батхүү сайдын алдарт шарга орж, араас нь мөн түүний бор азарга зургаагаар ирсэн сонинтой.
Үдээс хойш хурдны морины оргил үе их нас мордлоо. Энэ насанд хүрэгчдийн гол уралдаанд нийт 350 гаруй алтан туурт тоосоо өргөснөөс өмгөөлөгч Ц.Цэрэнжээгийн хээр морь өнгөллөө. Энэ насанд Увсын Өндөрхангайн уугуул уяач Ц.Цэрэнжээ сайхан наадав. Аман хүзүүнд Түлш эрчим хүчний Энхтайваны алдарт гоё халиун орж ирсэн. Гоё халиун бага адуу. Дөнгөж хавчиг настай ч том адуун дотор барианд орон ортлоо өнгөлж бараг л түрүүлэхээ алдсан. Гурваар Сэргэлэнгийн Ч.Сугарын хар алаг орж ирсэн бөгөөд Агваансамдангийн Батсүхийн уясан хурдан хүлэг юм. Дөрөвт Их тамирын Л.Алтангэрэлийн их нас, тавд Ажнай-н Д.Дагвадоржийн согоо хээр тус тус айрагдлаа. Наадмын сүүлчийн өдөр хурдан 285 соёолонгийн тоосон дундаас Г.Батхүү сайдын алаг түрүүлж Н.Дуламсүрэн начны хээр аман хүзүүдэж, АПУ-гийн Г.Батсайханы зээрд гурваар, Иточу компанийн
нэр дээрх Б.Энхбатын хээр, Төв аймгийн Нацагнямын халтар тус тус айрагдав. Харин хязааланд сүүлийн үед хурдан угшлаараа гайхагдаад байгаа Сухбаатар аймгийн Мөнххаан зүгийн Цэвэгжавын зээрд хязаалан өнгөлж аман хүзүүнд Монросцвөтмет-ын Бадамсүрэнгийн бор үрээ орж ирсэн. Гуравт Өвөрхангайн Хужиртын Б.Эрдэнпүрэвийн хээр, дөрөвт Макс Ганбаатарын алдарт сартай хүрэн, айргийн тавд Говь-Алтайн Дэлгэрийн С.Балдандоржийн өсгий цагаан ухаа үрээ тус тус орж ирснээр энэ жилийн хур дан морины наадам өндөрлөлөө.
Морьдын давхиан дунд нас бүрт нэлээд хүүхэд мориноос ойчсон харагдаж байсан. Уг нь эмээл, гутал малгай уралдах хүүхдийн нас гээд чамгүй их өөрчлөлт хамгаалалт хийсэн харагдсан. Энэ дашрамд сонирхуулахад зах дээр 5000 гээд зардаг хамгаалалтын малгайг хэн нэгэн бизнесмен уяан дээр нэг нугалж заран ихээхэн ашиг унагасан сурагтай. Морьдын эхний 20-ийг үзэгчид шимтэн уухайлах бөгөөд түүнээс цаашихыг аажмаар сонирхох нь багассаар 100 гаруй морь ирсний дараа үндсэндээ үзэгчид таран хуушуур ундаа эргүүлцгээнэ. 200-гаад морь ирэхийн багцаанд цагдаа нар машиндаа сууж наадмын талбайг орхих юм. Энэ үсэс уясан морьдоо ирээгүйд санаа зовсон мөн 100 гаруй тооны уяачид барианаас сөрөн мордоцгоож Хүй долоон худаг, Цагаан хөтлөөд тоос манарган довтолгох нь өрөвдмөөр. Өнөө жилийн баян ходоодууд ирэх жилийн түрүү магнай болох болтугай.
Ж.ГАНГАА, Д.ОЮУНТУЯА
ДАЯАР ДУУРСАХ МЭРГЭН НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ
Монгол үндэсний их баяр наадмын 84 жилийн ойн баярын үйл ажиллагаа энэ сарын 7-нд сурын харваагаар эхэлсэн. Энэ өдөр Урианхай сур эхэлж 8-нд Буриад сур, 9-нд хүүхдийн харваа, 11-нд Халх сурын харваагаар үргэлжлэн явагдлаа. Халх сурын харваанд өнөө жил 80 гаруй хүүхэд,170 орчим насанд хүрэгчид нийт 250 гаруй харваачид цэц мэргэнээ сорилоо. Үүнд мэргэн 19, дархан мэргэн 1, даяар дуурсах мэргэн 2, гарамгай мэргэн 2, гоц мэргэн 1, хошой мэргэн 2, спортын мастер 70 гаруй оролцсон байна. Харин өнөө жил даяар дуурсах мэргэн 1, дэд мастер 2 шинээр төрлөө. Сонирхуулахад, энэ жилийн хамгийн өндэр настай нь харваач 83 настай Ягаан гуай байв. Мөн өнөө жил үндэсний сурын харваанд хоёр гадаадын иргэн оролцсон нь наадамчин олон төдийгүй, сур сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байлаа. Халх сурын харвааны нээлтэд Монгол Улсын төрийн тэргүүн Н.Энхбаяр, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Ц.Нямдорж болон албаны бусад хүмүүс гэргийн хамт ирж оролцсон юм. Энэ үеэр Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр сум тавьснаас хоёр онож шаггүй мэргэн гэдгээ наадамчин олонд харуулаад амжсан. Харин Ерөнхий сайд Ц.Элбэгдорж дөрвөн сум тавьсан ч харамсалтай нь түүний сум зурхай давж унаж байгаа харагдсан. Маш хичээнгүй харвасан ч зурхай оноогүйд сурын холбооны тэргүүн С.Баятхуяг Сум зурхай давна гэдэг холч бодолтойн шинж бас бие тэнхээ сайн хүчтэй байгаагийн шинж хэмээн Ерөнхий сайдыг тайтгаруулав.
Халх сурын харваанд эрэгтэй 75, эмэгтэй 65 метрт хана, хасаа харваанд тус бүр 20 сум нийт 40 сум тавьсан юм. Эрэгтэйчүүдээс Баян-Өлгий аймгийн харьяат цагдаагийн академийн ажилтан А.Хонгор 40 сумнаас 31 онож спортын дэд мастерын болзол хангасан юм. Дорноговь аймгийн Дашбалбар сумын харваач хошой мэргэн Д.Дагвасүрэн, тус сумын харваач спортын мастер Б.Амарзаяа, Баян-Өлгий аймгийн харваач Х.Алтансум нар тус бүр 40 сумнаас 30 харваж удаах байрыг эзэлж Х.Алтансум дэд мастерын болзол хангасан.
Насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдээс Дорнод аймгийн гарамгай мэргэн Х.Даваажаргал 40 сумнаас 33 онож даяар дуурсах мэргэн болов. Тэрээр улсын баяр наадамд тав дахь жилдээ түрүүлж байгаа аж. Удаах байруудыг Алдар спорт хорооны харваач спортын мастер Д.Норжмаа 32 оноо, Завхан аймгийн харваач Р.Баярмагнай 31, Орхон аймгийн харваач Э.Ууганжаргал 31 оноогоор удаах байруудыг эзэлж Э.Ууганжаргал дэд мастер боллоо. Дашрамд сонирхуулахад улсын чанартай тэмцээнүүдэд 30-31 оноход дэд мастер, 32-дээш оновол спортын мастер цол олгодог байна.
Мөн Х.Даваажаргал нь Монголын хоёрдахь дуурсах мэргэн болж байгаа бөгөөд өмнө нь 1995 онд Ш.Даваахүү 40 сумнаас 40 онож дуурсах мэргэн болж байжээ. Дуурсах мэргэний дараа дархан мэргэн цол байдаг бөгөөд одоогоор АНУ-д ажиллаж амьдарч байгаа Н.Мөнхцэцэгээс өөр дархан мэргэн төрөөгүй байгаа аж.
Хүүхдийн харваа
Эрэгтэйчүүд
1.Ш.Алтанзаяа 19 оноо (Хэнтийн Бор-Өндөр)
2.М.Лхагва-Очир 18 оноо (Дорноговь)
З.Б.Тэндээмий 18 оноо (Дундговь)
Эмэгтэйчүүд
1. Ц.Болорчулуун 20 оноо (Баянгол дүүрэг)
2. Ю.Тунгалаг 19 оноо (Дундговь)
3. Г.Дөлгөөн 19 оноо (Хангарьд)
Буриад сур
Эрэгтэйчүүд
1.Ц.Хүдэрчулуун (Цагаан шонхор)
2.3.Сүлдболд (Хангарьд)
З.Ч.Одонхүү (Бурхан халдун)
Эмэгтэйчүүд
1.Д.Цэцэг (Алдар)
2.Д.Энхжаргал (Бурханхалдун)
З.Р.Батмагнай (Хангарьд)
Урианхай
1.Ч.Одонхүү (Бурханхалдун)
2.Ц.Хүдэрчулуун (Цагаан шонхор)
З.Б.Амарзаяа (Алдар)
Ц.Хүрэлчулуун Аавын маань амжилт бага буурч байна
Сурын харваачид дунд удам дамжин харвадаг гэр бүл цөөнгүй байдаг бөгөөд тэдний нэг нь гарамгай мэргэн А.Цэвээн гуайн гэр бүл аж. Түүний хүү нь буриад сурын ОУХМ, гоц мэргэн Ц.Хүдэрчулуун гэдгийн сур сонирхогчид андахгүй. Өнөө жил тэдний гэр бүлээс 10 гаруй харваач оролцсон бөгөөд зээ охин Ц.Болорчулуун хүүхдийн сурын эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүлжээ.
Наадмын үеэр гоц мэргэн Ц.Хүдэрчулуунтай уулзаж ярилцпаа.
-Та сайхан наадаж байна уу?
-Сайхан наадлаа.
-Та удам дамжсан харваач. Танай гэр бүлээс олон харваач энэ наадамд оролцсон гэсэн. Ямар амжилт үзүүлсэн бэ?
-Аав маань өнөө жил 82 настай ч ахмадын харваанд түрүүллээ. Ахмадын харваанд 60-аас дээш насны 40 гаруй харваач оролцсон гэсэн. Манай аав улсын баяр наадамд дөрвөн удаа түрүүлж, найман удаа үзүүрлэсэн. Одоо ч амжилт нь бага буурч байна.
Миний хувьд Урианхай сурын харваанд хоёр, Буриад сурын харваанд түрүүллээ. Харин халх сурын харваанд нум эвдэрснээс болж санасандаа хүртэл оролцож чадсангүй. Гэхдээ харамсах зүйлгүй зургадугаар байрт орсон. Манай эгчийн охин Ц.Болорчулуун өсвөрийн эмэгтэйчүүдийн харваанд 20 сумнаас 20 онож тэргүүллээ. Манай хоёр хүү оролцсон. Нэг нь шагналт байранд орсон. Энэ бол манай гэр бүлийн хувьд чамлахааргүй амжилт. Манай гэр бүлээс өнөө жилийн наадамд хүүхэд томчууд нийлсэн 10 гаруй харваач оролцлоо. Сайхан наадам боллоо.
-Өнөө жил сурын харвааны дүрэмд өөрчлөлт орсон. Үүнийг харваачид хэр хүлээж авч байгаа бол?
-Дүрэмд өөрчлөлт орсноор харваачдын ур чадвар дээшлэхэд чухал ач холбогдолтой болсон. Сурын талбайг жижигрүүлсэн явдал бол их зүйтэй гэж бодож байгаа. Том талбайд харваж байхад гадаад дотоодынхон бүгд л амархан мэт санадаг байсан. Харин одоо давчуу зайнд харвана гэдэг хүндрэлтэй болсон. Өнөө жил шинэ мэргэн төрсөнд баяртай байна. 40 сумнаас 31 нэг ононо гэдэг амаргуй даваа.
-Та улсын баяр наадамд хэд дэх жилдээ харваж байна?
-1975 оноос хойш харваж байна. Хүүүхдийн сурын харваанд 1980, 1981 онуудад түрүүлж байсан. Дараа нь 1987, 1994, 2002 онуудад насанд хүрэгчдийн харваанд түрүүлж гоц мэргэн болсон.
-Өнөө жилийн сурын харвааны онцлог юу вэ?
-Дүрэмд өөрчлөлт орсон. Өнөө жил урдаас сөргөсөн сэрүүн салхитай байсан. Уг нь ийм салхи харваанд муугаар нөлөөлдөг гэж ярьдаг ч тэр нь мэдрэгдсэнгүй.
Д.ЦОГЗОЛМАА
ШАГАЙН ХАРВААЧИД ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИЛОО
М.Нямаа ахлагчтай Улам ундрах компанийн баг манлайллаа.
Эр улс сэтгэл нийлэн нэг баг болж най нийлдэг тоглоом бол шагайн харваа. Шагай харвах үеэр уухайлах нь ад зэтгэрийн жаврыг үргээж сайн сайхныг даллан дууддаг хэмээн бэлэгшээдэг. Шагайн харвааг 1998 оноос эхлэн улсын баяр наадмын үндэсний спортын нэг төрөл болгосон. Өнөө жилийн наадмын шагайн харвааны тэмцээнд 34 багийн 250 гаруй мэргэн харваачид оролцжээ. Үүнээс 11-ний өдөр хагас шигшээнд 18 баг шалгарч үлдсэн байна. Нэг баг нь долоон хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ихэвчлэн улсын өндөр цол зэрэгтэй харваачид тунаж үлджээ. Тухайлбал, Ерөөлт ахлагчтай Итгэлтхүлэг, Баясгалан ахлагчтай Дорноговь аймгийн багууд оноо дээгүүр байв. Шагайн харваа нь гадныхны сонирхлыг ихэд татаж буй бололтой. Зургийн аппарат барьсан жуулчид тун олон харагдсан. Шагайн харваа нь үндэсний наадгай байсан бол одоо спортын төрөл болж хөгжиж хүмүүсийн сонирхлыг ихэд татах болсон талаар харваачид ярина билээ. Финалийн тоглолтод Нямаа ахлагчтай Улам ундрах, Болд ахлагчтай Улаанбаатар төмөр зам, Ерөөлтийн Итгэлт хүлэг, Баясгалангийн Дорноговь аймгийн, Мөнхтөрийн Уурхайчин, Алтанхуяг ахлагчтай Идэр гоулд гэсэн зургаан баг шигшигдэж үлдсэн. Энэ зургаан баг тойрч тоглосоор алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорлоо.
Ерөөлт ахлагчтай Итгэлт хүлэг компанийн баг гуравт орж хүрэл медалийн болзлыг хангасан. Л.Болд ахлагчтай Улаанбаатар төмөр замын баг Н-торсон. Улсын баяр наадмын шагайн харвааны манлай багаар М.Нямаа ахлагчтай Улам ундрах компани шалгарлаа.
Манлай багийн ахлагч М.Нямаатай цөөн хором уулзаж ярилцлаа.
-Танай багийнханд юуны өмнө баяр хүргэе. Улсынхаа баяр наадамд түрүүлж сэтгэгдэл их өндөр байгаа биз. Танай баг баярт энэ мөчөө ард түмэнтэйгээ хуваалцахгүй юу?
-Энэ олон багуудаас тэргүүн байр эзэлсэндээ сэтгэгдэл маш өндөр байна. Наадмын өнгө ч их сайхан байх шив. Өөр юу хэлэхээ сайн мэдэхгүй их л баяртай сууна даа.
-Танай багийг энэ жил байгуулагдсан гэж сонслоо. Анхны жилээ улсын манлай авч азхийморьтой, чадалтай байгаа бололтой?
-Хэдийгээр энэ жил байгуулагдсан ч манайх сайн харваач олонтой. Улсын үлэмж дархан гэхэд гурав бий. Улсын гарамгай мэргэн, дэд мэргэн гээд цол зэрэгтэй харваачтай. Энэ багаас өөр багаар өмнө нь тэмцээнд уралдаанд оролцож улсын аварга, хүрэл медалийн зэрэг хүртэж байсан.
-Та өөрөө ямар цол зэрэгтэй юм бэ. Хэзээнээс эхлэн шагайн харваагаар хичээллэх болов?
-Би үлэмж дархан мэргэн цолтой. 1999 оноос хойш улсын баяр наадамд байнга оролцож байна даа.
-Шагайн харвааг багийн тоглолт гэж хэлж болох байх. Энэхүү тоглоом наадгай нь давуу тал юу байдаг юм бэ?
-Багийн тоглоом учраас бид нэгэн цул болж бие биенийгээ сайтар ойлгож мэдэрч байж амжилт гаргадаг. Гаднаас нь харахад энгийн тоглоом юм шиг мөртлөө захын хүн тэр болгон чаддаггүй. Шагай харваа нь хувь хүнийг сэтгэл зүйн их өндөр бэлтгэлтэй байхыг шаарддаг. Маш их анхаарал, хурц хараа хэрэгтэй. Босож суухаас эхлээд хүний биед сайнаар нөлөөлөх зүйл олон бий.
Өнөө жилийн шагайн харвааны нэг онцлог хуучин өрж харвадаг байснаа больж тавьж харваж байгаа аж. Энэ нь 30 хасаанд сум тавьж онодог байсан бол одоо хоёр хасааг нийлүүлж тулгаж харваж байгаа юм байна. Ингэснээр харваачдаас ил үү их ур чадвар шаардаж байв. Харвах зай 4 метр 72.5 см. Үнэхээр өнөө жилийн шагайн харвааг чан-саатай, үзэгчдийн сонирхлыг ихэд татсан тэмцээн боллоо гэсэн яриа дуулдаж байв.
Хурдан морь, бөхчүүд цолны эрэмбээр явдагтай адил шагайн харваачид ч гэсэн цол зэрэгтэй. Үлэмж дархан нь хамгийн дээд цол бөгөөд улсын наадам, аварга шалгаруу-лах уралдаан тэмцээнийн эх-ний гурван байрт таван удаа орж байж энэ цолыг авна. Энэ жил Итгэлт хүлэг компанийн Д.Од-Эрдэнэ, Я.Батсуурь, Улаанбаатар төмөр замын Н.Гантулга нар Үлэмж дархан болж энэхүү эрхэм хүндэт цолтон гурваар нэмэгдлээ. Мөн нэг хүн дархан, гарамгай мэргэн гурав, мэргэн зургаа, дэд мэргэн тав шинээр төрөв.
Наадмын өмнө Өсвөрийн шагайчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн бөгөөд түрүү магнай авсан хүүхдүүдэд шагналыг нь баярын үеэр гардуулж өгсөн юм. Нийт 30 хүүхэд оролцсоноос 5-9 насны ангилалд Д.Лхагвасүрэн, 9-12 насанд Х.Мөнгөншагай, 12-16 насанд Х.Батбаатар нар шалгарчээ. Хамгийн бага насны харваач 73 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч найман настай Д.Лхагвасүрэн өнгөрсөн жил мөн түрүү авч байсан байна. Энэ хүү нь хүндэт харваач Д.Санжаагэндэнгийн гуч. Эднийх дөрвөн үеэрээ удам дагасан харваачид.
Ийнхүү одтой сайхан наадсан шагайн харваачид ирэх амралтын өдрүүдэд Хар усан тохойд бие биенийхээрээ хэсч тоглодог өдөрлөг зохион явуулах гэнэ.
Эрийн гурван наадмын дөрөв дэх төрөл болж орсон шагайн харваа нь гурван өдөр наадаж өндөрлөлөө.
Б.ДОЛЗОДМАА
(өдрийн сонин 2005-07-14 167)