Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг дэмжихийг хүслээ

Ноён Жөн Жан Сөн аж үйлдвэр, технологи, хөдөө аж ахуй, ой, барилга хариуцсан Байнгын хороонд ажилладаг нөлөө бүхий гишүүн аж. УИХ-ын дарга Ц.Нямдорж төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм. БНСУ, Монгол Улсын харилцаа сүүлийн жилүүдэд бүх салбарт нэн идэвхтэй хөгжиж, ялангуяа ард түмэн хоорондын харилцаа ах дүүгийн мэт ойртон дотносч буй энэ үед УИХ-ын шинэ даргатай уулзсан анхны гадаад зочин БНСУ-ын парламентын гишүүд байсанд хоёр тал харилцан бэлгэшээж байлаа. УИХ-ын дарга Ц.Нямдорж уулзалтын үеэр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ой өнөө жил болж байгааг онцлоод хоёр талын хамтын ажиллагааг төрийн байгууллагуудын хооронд өргөжүүлэхийн чухлыг дурдаж байв. Уулзалтын үед тэрээр хоёр улсын хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг парламентын зүгээс дэмжихийг хүссэн. Мөн БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын тухай асуудал ярилцлагын нэгээхэн сэдэв болж байв. УИХ-ын дарга Ц.Нямдорж, БНСУ-ын парламент, Засгийн газар, ард түмэн БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудад анхаарал тавьж байдагт талархаж байдгаа илэрхийлсэн. БНСУ-ын парламентын гишүүн, Солонгос-Монголын парламентын бүлгийн дарга Жөн Жан Сөн УИХ-ын даргын ярьсан Чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулахыг дэмжиж өөрийн зүгээс шалтгаалах бүхнийг хийх болно гэсэн. Мөн дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ойд зориулж ирэх есдүгээр сард БНСУ-ын Монголын өдрийг зохион байгуулна. Энэ үеэр тус улсад сурч, ажиллаж амьдарч байгаа монголчуудыг цуглуулсан томоохон уулзалт, хоёр орны харилцаа, цаашдын ирээдүй, боломжийн талаар лекц зохион байгуулж, гэрэл зургийн үзэсгэлэн нээх тухай ярьсан. Энэ арга хэмжээ сайн болбол уламжлал болгох санаатай байгаагаа ч илэрхийлсэн. УИХ-ын дарга төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд томоохон бизнесийнхэн багтсанд талархаад хоёр орны харилцаа богино хугацаанд хүрсэн энэ түвшингээсээ улам өргөжихөд энэ удаагийн айлчлал үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна гэсэн. Мөн ойн арга хэмжээнд онцгой ач холбогдол өгч ажиллахыг Засгийн газарт үүрэг болгоё гэсэн. Уулзалт ажил хэрэгч бас баярын уур амьсгалтай хөгжилтэй, халуун дотно боллоо гэж УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
(өдрийн сонин 2005-07-14 167)