М.Энхболд Ц.Элбэгдоржоос айх хэд хэдэн шалтгаан бий

Ингэж анхаарал татахын учир юу гэвэл намууд 65-р тойргийн нөхөн сонгуульд ялалт байгуулж нэргүй өндөрлөг-ийг эзлэхийг ихэд хүсч байгаа юм. Нэн сонирхолтой тус нэргүй өндөрлөгийг МАХН, АН гэсэн хоёр намын аль нь эзлэх нь тодорхойгүй байна. Тийм учраас сэтгүүлчид янз бүрийн таамаг дэвшүүлэхэд хүрээд байгаа юм. 2008 оны УИХ-ын сонгуулийн өнөөгийн төрхийг илтгэх энэхүү нөхөн сонгуульд ямар ч үнээр хамаагүй ялахын тулд дээрх хоёр нам гол гол хүмүүсээ ирүүл тулаанд гаргах төлөвтэй байна. Хэрвээ хэвлэлийнхний бичээд байгаа шиг МАХН М.Энхболдыг, АН Ц.Элбэгдоржийг нөхөн сонгуульд зүтгүүлэх юм бол 65-р тойрог дээр жинхэнэ улс төрийн дайн болно. 65-р тойрог хэзээнээсээ эгзэгтэй, МАХН гэхэд хамгийн рейтинг өндөртэй номер нэг хүн болох Н.Энхбаярынхаа хүчээр барьж байсан тойрог юм. Тийм атал тус тойрог Н.Энхбаярыг хүртэл холбируулчих гээд байсан. Хамгийн сонирхолтой нь Н.Энхбаярын өрсөлдөгч С.Эрдэнэ хүчтэйдээ биш, тус тойрог тун эгзэгтэйд асуудлын мөн чанар оршиж байгаа юм. Хөвсгөл, Хэнтийн тойргуудаас МАХН айдаг шиг 65-р тойрог тийм л эгзэгтэй барьцгүй тойрог гэхэд болно. Тийм учраас л хэвлэлүүд М.Энхболд Ц.Элбэгдорж хоёрын хэн нь ялах вэ гэсэн асуултанд шууд хариулж чадахгүй дэмий шуугихаас хэтрэхгүй байна. Нөгөөтэйгүүр энэ хоёрын улс төрийн өрсөлдөөн зөвшилцөлийн засгийн газрын хувь заяатай ч холбоотой байх магадлалтай. МАХН 65-р тойргийн нөхөн сонгуульд М.Энхболдыг сойж байгаа нь гарцаагүй зөв шийдэл. АН ч мөн ялгаагүй. Тэртэй тэргүй Ц.Элбэгдоржоос өөр нэрлэчихмээр хүн байхгүй юм чинь. М.Энхболдын хувьд 2004 оны орон нутгийн сонгуулиар Улаанбаатар хотоос хамгийн өндөр хувьтай гарсан залуу улс төрч. Түүнийг хотын тойрогт өрсөлдүүлэх нь туйлын зөв шийдэл болно. Баянхонгор, Дорнод аймагт бол Ц.Элбэгдорж, М.Энхболдыг ялах магадлалтай. Харин хотод бол жинхэнэ тулаан болно. Ц.Элбэгдоржийн хувьд М.Энхболд амлаж авахаас халширмаар хатуу боорцог гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тэрбээр хэдийгээр Засгийн газрыг толгойлж байгаа ч сонгуулийн үеэр сайдуудаасаа дэмжлэг авах магадлал муутай. Тийм учраас Ц.Элбэгдорж өөрийн уран илтгэх чадвар, америк маягийн сонгуулийн тактиктаа л найдахаас өөр арга байхгүй. Харин М.Энхболдын ар талд хотын захиргаа гэсэн бүхэл бүтэн бүтээн байгуулалт данхайж байна. Хотын захиргаа 65-р тойрогт хэдэн арван усан сан, сагсан бөмбөгийн талбайг М.Энхболдын нэр дээр бариад өгчихнө. Үүнээс гадна түүний ар талаас хөшүүрэг болон МУ-ын Ерөнхийлөгч Н.Энхбаяр төрсөн бууриа нэг эргэхэд л М.Энхболдын рейтинг суга өсөх магадлалтай. Иймэрхүү учир шалтгаанаас болоод УИХ-ын нөхөн сонгуулийн 65-р тойрог хэвлэлийхний анхааралд өртөөд байна. Урьд урьдын сонгуулиар сэтгүүлчид нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан аль нам, хэн гэгч нэр дэвшигч ялалт байгуулах вэ гэдгийг таамаглаж байсан удаа бий. Харин энэ удаа хий дэмий шуугиж байгаа нь ард түмэнд сонирхолтой гаргалгаа хийхэд тус болж мэдэх юм.
Д.Хүдэрмөнх.
2005.07.11, Ноцтой мэдээ