Улсын начин Б.Одхүү Ганцхудагт хоригджээ

Наадмын чимээ арилаа ч үгүй байтал улсын цолтой нэгэн бөх Ганцхудагт хоригдлоо гэсэн таагүй мэдээлэл олныг сэртхийлгэлээ. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат улсын начин Б.Одхүүг наадмын бөхийн барилдааны дараа цагдаагийнхан баривчлан хорьсон байна. Бусдын эрх чөлөөнд удаа дараа халдсан хэргээр шалгагдаж байсан түүнийг мөрдөн байцаалтаас оргосон гэж үзээд улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа талаар манай сонин мэдээлж байсан. Газрын гаваар орсон мэт сураггүй алга болсон Б.Одхүү үндэснийхээ наадмаар зүлэг ногоон дэвжээнээ зодоглолоо. Сав л хийвэл зодоон цохионд оролцчихсон явдаг Б.Одхүү наадмын талбайд гарахаасаа өмнө мөрдөн байцаагчтайгаа өөрийн биеэр очиж уулзан барилдах зөвшөөрөл авсан сурагтай. Тэрээр энэ наадамд дөрвийн даваанд улсын начин Б.Сайнбаярыг хаяж, тавын даваанд Булганы Бүрэгхангайн Д.Баасандоржид унаж түүнийг улсын цолонд хүргэсэн. Тавын даваанд гурав дахь удаагаа хүрч буй ч цолоо баталж чадсангүй. Сонирхуулахад Б.Одхүү нь улсын начин Б.Сайнбаярыг таван жилийн өмнө улсын цолонд хүргэж байсан удаатай.
Б.ОДМАА
(өдрийн сонин 2005-07-15 168)