Их, дээд сургуульд хандивын анги байх уу?

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын хэлтсийн дарга Д.Баяраас тодрууллаа.
-Ирэх хичээлийн жилээс хандивын анги нээхгүй болсоныг буруутгасан нийтлэл хэвлэлд гарч байгаа нь анхаарал татаж байна. Яагаад ийм шийдвэр гаргах болов?
-Дээд боловсрол эзэмших хүнийг сурах чадвар, мэдлэгээр нь сонгож шалгаруулах гэж элсэлтийн шалгалт авдаг шүү дээ. Хэрэв мөнгөтэйг нь л сургах ёстой юм бол ийм шалгалтын хэрэг юу сан билээ. , Ийм л учраас сүүлийн жилүүдэд байх ёстой мэт болтлоо хүмүүст дасал болж, манай дээд боловсрол төдийгүй нийгмийн сэтгэл зүйд хор уршиг тарьж байгаа энэ үзэгдлийг таслан зогсоохоор БСШУЯ-ны сайд шийдвэр гаргасан.
-Энэ шийдвэр хэр бодитой гарсан бэ. Олон түмний дийлэнх олонхийн хүсэл сонирхолд хэр нийцэж байгаа бол?
-Яаманд ирдэг олон санал хүсэлтэд ийм шийдвэр гаргах шаардлагатайг нотолж шаардаж байсан. Гэтэл энэ хэнд ч ойлгомжтой зарчмыг өөрөөр тайлбарлах гэж оролдох нь ерөөсөө маш өөр бодол, зорилготой хүмүүсийн ажил болоод байна. Ийм ч учраас дээрх агуулгатай сонины нийтлэл анх гарахад нь бид тэр бүр хариу бичиж, цаг үрэх шаардлагагүй, олон түмэн өөрсдөө шүүж байгаа гэж хандаж байсан билээ. Харин сүүлийн үед дээрх гажуу байр суурийг өөр өөр сониноор дахин дахин нийтэлж байгаад няцаалт өгөхөөс аргагүйд хүрч байна. Үүнийг бичиж, бичүүлж байгаа хүмүүс ёстой л худал үгийг мянга давтвал ядаж нэг хунд үнэн мэт сонсогдоно гэж үзэж байгаа бололтой. Энэ дашрамд нийт уншигч олондоо хандаж хэлэхэд та бүхний нийтлэг эрх ашигт хортой үзэгдлийг хэвлэл ашиглан зөвтгөх гэсэн оролдлогыг хамтаараа няцааж, шүүж байхгүй бол газар авч болзошгүйг мэргэн оюундаа тунгаахыг хүсч байна.
Д.ТАМИР
(өдрийн сонин 2005-07-15 168)