Орон сууцнууд нурж, хэд хэдэн хүн аянганд ниргүүлжээ

Сарын эхээр Өвөрхангай аймгийн хоёр ч суманд аянга бууж, есөн айлын 1000 гаруй мал үхсэн талаар бид тухай бүрт мэдээлж байсан. Гэтэл баяр наадмын өдрүүдээр мөн хэд хэдэн аймагт хүчтэй ширүүн бороо орж, аянга цахилгаан бууснаас айлуудын гэр байшин шатаж, хашаа саравч эвдрэн, олон хүний эрүүл мэнд, амь нас хохирчээ. Тухайлбал, энэ сарын 11-ний өдөр Архангай аймгийн төвд хүчтэй хуй боссоноос төв асрын 50 метр урт, 15 метрийн өргөнтэй дээвэр хууларч унасан байна. Дээвэрт цохигдсон гурван хүн хүндэвтэр, зургаан хүн хөнгөн гэмтэл авсан агаад хүнд гэмтэлтэй гурвынх нь оношыг тогтоолгохоор өчигдөр нийслэл рүү явуулжээ. Энэ үеэр аймгийн төвийн өндөр хүчдэлийн зургаан шон, хоёр тулгуур шон унаж, нэг айл бүрэн шатсан гэнэ. Одоо тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс нийт хохирлын хэмжээг тогтоож, сэргээн засварлах ажлыг хийж байгаа юм байна. Түүнчлэн баяр наадмын хоёр дахь өдөр буюу энэ сарын 12-нд нийслэл, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар ширүүн бороо орж, хүчтэй салхилсны улмаас Улаанбаатар хот дахь Үндэсний архивын газрын Кино, дүрс, дуу бичлэгийн архивын газрын дээвэр хуурч ойролцоо явсан Эксел маркийн машин дээр унажээ. Азаар хүн бэртэж, гэмтсэн зүйлгүй гэнэ. Мөн үсэр Туул голын орчимд салхилж явсан 17 настай хүү цахилгаан цахих үсэр дуудлага ирсэн утсаа нээснээс аянганд цохиулж газар дээрээ нас барсан тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Гэтэл эл өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Хуцын өвөлжөө гэдэг газарт аянга бууснаас 28 настай У газар дээрээ нас барж, мөн аймгийн Бугат тосгонд дөрвөн айлын гэр, найман айлын байшингийн дээвэр нурж, 10 шонгийн утас тасарч, хоёр хүүхэд гэмтсэн байна. Харин Дархан-Уул аймгийн Хонгор сум орчмын төвийн бүоийн цахилгаан дамжуулах сулжээний агаарын шугамын 20 тулгуур унаж, Цайдам багт дөрвөн айлын гэр, хоёр айлын орон сууц нуран, 43 айлын хашаа, байшин эвдэрч, 3000 тоннын будааны агуулахын дээвэр нуржээ. Иймд дээрх аймгуудын Онцгой байдлын хэлтсээс хохирлын хэмжээг тогтоон, сэргээн засварлах ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм байна. Хот орчмын нутгуудаар тохиосон эл гамшгийн үсэр буюу мөн 12-ны өдөр Дундговь аймгийн Хулд сум Зүүн-Олдох гэдэг газарт 28 настай Б аянганд ниргүүлсэн бол Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Дов гэдэг газарт 13-ны өдрийн 16.00 цагийн орчимд хүчтэй мөндөр орсноос 300 гаруй мал, 12-23 насны дөрвөн хүүхэд дарагджээ. Мөндөрт дарагдсан хүн, малыг аврах ажиллагааг аймгийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгуулж, одоогоор тус хэлтсээс зургаан хүн, хоёр машин, орон нутгаас 50 хүн, долоон машин гарч аврах арга хэмжээ явуулж байгаа юм байна.
Байгалийн гэнэтийн энэ аюултай гамшиг, ослын зэрэгцээ таван аймгийн зургаан сумын нутагт арван хүн гол мөрний усанд осолджээ. Тэдгээрээс аймгуудын аврах ангийнхан тавынх нь амийг газар дээр нь аварч, гурвынх нь цогцсыг гаргаж, хоёрыг нь эрж хайх ажлыг одоо үргэлжлүүлж байгаа гэнэ. Түүнчлэн байгалийн аюултай үзэгдэл, гол усны аюулын зэрэгцээ ой хээрийн туймэр сүүлийн хэдэн өдөр тасралтгүй гарсаар байгаа юм байна.
С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2005-07-15 168)