Өмнөговийн шинэ удирдлага наадмаа нээж чадсангүй

Яагаад гэвэл энэ боломжийг хуучин буюу огцорсон Засаг дарга С.Цэрэнбаяр, ИТХ-ын дарга А.Үрчээ нар олгосонгүй.
Аймгийнхаа ИТХ-ын олонхийн шийдвэр болон түүний дагуу гарсан Ерөнхий сайдын захирамжаар огцорсон Засаг дарга, ИТХТ-ийн дарга нар нь ажлаа өгөхгүй, тамгаа хүлээлцэхгүй зугтсан хэвээрээ. Ингээд ч зогсохгүй ажлаа хийхгүй, бусдыг хийлгэхгүй. Ийм мөртлөө сая наадмын индэрт ичих ч үгүй зогсож наадмаа нээжээ. Тэд орондоо сонгогдсон шинэ дарга нар нь ажлаа хийе гэхээр ИТХ-ыг хүчээр дахин хуралдуулж өөрсдөдөө нааштай шийд гаргуулах гээд. Энэ завсар аймгийн ажил цалгардаж, олон түмэн гайхшралд орсон Өмнөговийн Үл ойлголцол ч гэж болохоор, эсвэл Үл тоосон байдал үргэлжилсэн хэвээр байна. Уг байдлын хурц хэлбэрүүд саяхан ХХАА-н сайд Д.Тэрбишдагваар ахлуулсан МАХН-ын Удирдах зөвлөлийн баг аймгийн ИТХ-ыг буусан дарга нарын талд хүчээр дахин хийлгэх гэснээр илэрсэн бол дөнгөж хэдхэн хоногийн наадмаар дахин хурцдаж ийнхүү илэрсэн байна. Юу гэвэл аймгийн наадмыг аль дарга нар нь хийлгэсэн бол гэдэг сонин байлаа. Өчигдөр авсан мэдээгээр аймгийн наадмын индэр болоод асарт хуучин Засаг дарга С.Цэрэнбаяр, ИТХ-ын дарга асан А.Үрчээ нар морилж ичих нүүрээ барсан байна. Харин шинээр сонгогдсон аймгийн Засаг дарга С.Сумъяа, ИТХ-ын дарга Зоригтбаатар нар олон түмнээ хүндэтгэж даруухнаар ийнхүү хуучин дарга нартаа индэрээ түр зуур ч атугай тавьж өгчээ.
Шинэ дарга нар наадмаар ингэсэн боловч бусад цагт бууж өгсөнгүй, ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар Засгийн газарт хүсэлт хүргүүлээд байна. Тэр нь хуучин дарга нарыг буулгасан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага-аймгийн ИТХ-ын зургадугаар сарын 6-ны өдрийн шийдвэрийг хүндэтгэн, мөн энэ Шийдвэрийг харгалзан гаргасан захирамжаа эцэслэн биелүүлэхийг Ерөнхий сайдад уламжилсан байна. Улмаар Ерөнхий сайдыг гаргасан захирамжаа биелүүлэх үүднээс тус аймагт Засгийн газрын ХЭГ-ын ажлын хэсгийг ирж ажиллахыг ч хүссэн байна. Тэгэхгүй бол Өмнөговь аймагт авилга хээл хахуульд автагдсан хуучин дарга нарынх нь хариуцлагагуй, дураараа дургисан байдал газар авч энэ завсар аймгийн ажил зогссоор, унасаар байгааг ИТХ-ын дарга ч биш ИТХ-ын г төлөөлөл болох аймгийн олон түмэн төр, засагт уламжилсаар байна.
ТОДРУУЛГА Өмнөговь аймгийн наадмын бөхийн барилдаанд энэ жил Номгон сумын харъяат Идэрсүрэн түрүүлж аймгийн арслан цолоо баталжээ. Үзүүрт Баян-Овоо сумын харъяат Т.Энхтайван үлдэж аймгийн заан болжээ. Шөвгийн дөрөвт Баяндалай сумын Хүрэлбаатар, Мандал-Овоо сумын Азжаргал нарын аймгийн начингууд үлджээ. Энэ жил Өмнөговийн бөхчүүд хориод жил завсарласны дараа ниислэлд ирж наадмын бэлтгэлээ хангасан байна.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-07-15 168)